Уншигддаггүй жортой урт дараалалд

Манай улс цөөн хүн амтай ч өвчлөл их байсаар байна. Үүнийгээ дагаад эмийн хэрэглээ ихээр шаардагддаг.

Манай улс цөөн хүн амтай ч өвчлөл их байсаар байна. Үүнийгээ дагаад эмийн хэрэглээ ихээр шаардагддаг. Өдөр тутмынхаа эмийг таслахгүйн тулд ажиллах хэрэгтэй ч, эрүүл мэндийн шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй болж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна гэх иргэд цөөнгүй. Үүнийг өөрийн өнцгөөс харан, сэтгэгдлээ илэрхийлж буй Ард Даатгал ХК-ийн Бүтээгдэхүүн Хөгжүүлэлт, Эрсдэлийн Шинжилгээний Хэлтсийн Захирал Г.Эрдэнэ-Очирын нийтлэлийг хүргэж байна.

Улсын эмнэлгийн 1 давхрын эмийн сангийн үүдэнд эмчийн жор барьсан эмээ дэмий л нааш цааш холхино. Жорд бичсэн эмүүдийн нэрийг холдуулан ойртуулан харж, тэтгэврээс үлдсэн хэдэн төгрөгтөө тааруулж авах санаатай. Зэргэлдээ зөрсөн сувилагчаас даруй гэгч нь сийрүүлж асуугаад, эмийн сангийн урт дараалалд зогсох нь тэр. Эмч 14 хоногийн уух эм бичиж өгсөн ч өөрт үлдсэн мөнгөнд 3 хоногийн хэрэглээнд л хүрэлцэв. “Эмийн үнэ ч өндөр шүү, уул нь ч тэтгэвэр буух дөхчихсөн дөө” гэсэн бодолд дарагдан эмнэлгийн үүдээр гарлаа. Үнэндээ түүний 40 жил улсад төлсөн татвар, даатгалын мөнгө, 14 хоног уух эм авахад хүрэлцэхгүй байгаа нь  өр өвтгөм санагдана. Энэ мэт хүмүүс зөрсөөр. Оношоо мэдээд авчихлаа гэж олзуурхсан үйлчлүүлэгчид уншигддаггүй эмчийн жорыг атгаастай эмийн сангийн үүдэнд гацах нь тэр. Өндөр үнэтэй, сайн технологийн аппаратаар оношоо тогтоолгож, та жорын дагуу эмээ цагтаа уугаарай тэгвэл бүрэн эдгэнэ гэсэн үгэнд урамшсан өвчтөн эмийн сангийн үүдэнд халаасаа  аядуухан тэмтрэнгээ болно доо гэж санаа алдана.

Эрүүл мэндийн даатгал хөгжсөн оронд, иргэн нь өвдлөө гэхэд өвдсөн үеэс эдгэрэх хүртэлх бүх эмчилгээг багтаасан байдаг. Үүнд эмчийн үзлэг, оношилгоо, мөн дээр нь бүх уух эмийн төлбөр орно. Тийм учраас тухайн өвчтөн бүрэн эдгэрэх магадлал өндөр. Харин манайд  эсрэгээрээ, эмээ дутуу ууснаас үүдэн  ужиг өвчтэй болох магадлал өндөр.

Нэгэн жишээ татахад, гаднын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг дүү маань нэг өдөр хөлөө хүнд гэмтээчихлээ гээд манайд ороод ирэв ээ. Би ч эмнэлэг явъя, гэмтэл орж шинжилгээ өгье, оочир дараалал хэцүү байгаа даа яадаг билээ гэж сандарлаа. Гэвч аль хэдийн ажилладаг компанидаа дуулгасан байх бөгөөд тэд нь хувийн даатгалд нь мэдэгдээд, хувийн эмнэлэгт цаг алдалгүй шинжилгээ өгч, аль хэдийн  хэвтүүлэхээр тохирчээ. Бас болоогүй оношилгоо, ор хоног, эмийн үнэ, дээр нь ажиллаагүй үеийн цалин хүртэл багтсан нь гайхалтай. Дүү маань ажлын бус цагаар, цанаар гулгаж байх үедээ хөлөө гэмтээсэн байлаа. Тэгээд хоёр сарын дараа бүрэн эдгэрч ажилдаа эрч хүчтэйгээр буцаад орж билээ. Үүнийг л ёстой эрүүл мэндийн даатгалын жинхэнэ шилмэл загвар гэж нэрлэж болмоор санагдсан. Даатгалын ач холбогдлыг сайн мэддэг гаднынхан ажилтнаа яаж хамгаалж, эрүүл мэндийн болон санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр шийдэх арга ухааныг сайн мэддэг. Тиймдээ ч ажлын доголдол, хүний нөөцийн хомсдол үүсдэггүй биз ээ гэж бодогдон, манай эрүүл мэндийн даатгалын систем ямар хэмжээнд бий билээ хэмээн эргэцүүлэхэд хүргэж билээ.

Үүнээс анзаарвал, манай нийгмийн улсын болон хувийн даатгалын системийн ялгаа нэг гудамжны 2 талд тодхон харагдана.

Өдөр тутмын амьдралд бидэнд юу эс тохиолдох вэ? Санамсаргүй хөл алдан унах, хальтрах цаашлаад даралт, бөөрний дутагдалд өртөх гэх зэргээр дурдвал тоймгүй. Үүнээс л хүн төрөлхтөн өөрсдийгөө хамгаалахын тулд эрүүл мэндийн даатгал гэсэн гайхалтай тогтолцоог үүсгээд 2 зууныг үдлээ. Харин бид хаана гацав, санхүүгийн дарамтыг иргэдэд хамгийн их үүсгэдэг эмийн үнийг яагаад орхигдуулав гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарна. Одоогийн байдлаар эмийн үнэ үйлчлэлээсээ хамаараад  харилцан адилгүй үнэтэй байдаг. Жишээ нь, сонсоход, элэгний өөрчлөлттэй хүний ердөө 1 өдрийн хэрэглээний эмийн үнэ 160 мянган төгрөг гэх. Гэтэл өдөр тутмын эмээ уухгүй л бол тухайн хүний өвчин эдгэрэхгүй нь тодорхой шүү дээ. Энэ нь бидэнд хувийн даатгалын систем нь өвдсөн үеэс эдгэрэх хүртэлх эмчилгээний зардлыг бүрэн хангадаг байхад, улсын даатгал үүний тал хувьд ч хүрэхгүй сангийн бодлоготой байгааг харуулж байгаа бөгөөд, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй болсныг сануулж байна. 

Сэтгэгдлүүд (0)