Цахим Алт номын уншигчаас ирсэн тэмдэглэлийг хүргэж байна.
Сүүлийн үед нийгмийн халуун сэдэв гэж шуугихад хүргээд буй криптовалют, блокчэйн, төрөл бүрийн Койнуудын талаар мэргэжилтнүүд болоод сонирхогчид олон өнцгөөс тайлбарлаж байна. Миний хувьд энэ зүйлсийн талаар сонирхдоггүй, учир нь мэддэггүй байсан юм. Гэсэн ч дээр дооргүй шуугилдаад ирэхэд аргагүй өнгийж харж, ямар учиртай юм бол оо? гэж гайхаж хэсэг анзаарсны эцэст сайн муугийн алин болохыг тодорхойлоход хэтэрхий олон талын дүгнэлттэй тулгарч байсан тул үүнийг тайлбарласан материал, гарын авлагыг хайж өөрөө уншиж судлахыг зорьж Цахим Алт номыг уншлаа. Гэвч миний хувьд юу юунаас илүү блокчэйн гэж чухам юу юм гэдгийг ойлгож байж дараагийн шат руугаа орвол илүү цэгцтэй ойлголттой болно гэж бодсон. Түрүүн хэлснээр миний ажиглалтын явцад зарим мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар: Эхлээд блокчэйн технологи гэж юу болохыг зөв ойлгочих, тэгээд криптовалют болон бусад цахим мөнгөний хэрэгслүүдийн талаар сонирхох нь шат дараатай мэдлэг олоход тусална гэсэн байсан. Тиймээс би энэхүү тэмдэглэлдээ:
1. Блокчэйн технологи гэж юу вэ?
2. Криптовалют гэж юу вэ?
3. Криптовалютын төрлүүд гэсэн 3 үе шаттайгаар , гэхдээ маш энгийн бөгөөд товчхон тайлбарлахыг хичээлээ.
Ном доторх эшлэлүүд дотор: “Блокчэйн бол зүгээр нэг технологийн инноваци биш нийгэм, эдийн засаг, бидний амьдралд үзүүлэх нөлөө, цар хүрээгээрээ интернэттэй адилтгаж болохоор цахим хувьсгал юм гэдгийг бид эхлээд ойлгох хэрэгтэй. Биткойн болон бусад блокчэйн дээр тулгуурлан бий болж буй бизнесийн эхлэлүүдийг хориглох, эсэргүүцэх нь угаасаа утгагүй. Түүнчлэн зүгээр л хараад суух нь асар өндөр боломжийг алдаж буй хэрэг бөгөөд энэ нь нөгөө л хоцрогдол, ядуурлаар илрэх болно” (Батчулууны Гэрэлмаа, АНУ-д төвтэй Steppe LLC-гийн Гүйцэтгэх захирал) гэжээ. Үүнээс би юу ойлгосон бэ? Өнөөдөр бид интернэтгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон нь түүний хэрэглээ бидний өдөр тутмын ажил, харилцаа холбоо, мэдлэг боловсролын хөгжилд асар эерэг нөлөө үзүүлж байгаа нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн зүйл. Тэгвэл блокчэйн технологи гэдэг нь мөн адил бидний ойрын ирээдүйд өдөр тутмын салшгүй нэг хэсэг болох нв тодорхой юм байна гэж ойлгосон.
Онолын хувьд бол: “Блокчэйн нь өөрөө нээлттэй шилэн дансны зарчмаар бүртгэгддэг, төвлөрсөн бус буюу хэнээс ч хараат бус, дундын зуучлагч байгууллага байдаггүй технологи юм. Цахим мэдээллийг тараах боломж олгосон ч, хуулбарлахыг нь хориглосноороо блокчэйн технологи интернэтээс давуу талтай” гэсэн байна. Тэгэхээр илүү аюулгүй, бат бэх бүтэцтэй гэж ойлгож болох болов уу.
Энэ бол доллар, иен, евро зэрэг валютын нэгэн адил арилжааны хэрэгсэл боловч криптографи дээр суурилан цахим мэдээлэллийн 47 сүлжээ дээр оршин тогтнодгоороо эдгээрээс ялгаатай. Криптографи гэдэг нь шинэ гүйлгээг хамгаалах, зоос шинээр үүсэх үйл явцыг хянахад ашиглагддаг кодчилол юм. Өөрөөр хэлбэл, криптовалют нь үнэ цэнтэй урт томъёо болгон хувиргасан цахим код гэж болно. Хамгийн анхны криптовалют мэдээж биткойн байсан. Энгийнээр тайлбарлавал, дэлхий даяар хил хязгаар байхгүй бөгөөд бид гадаад улс руу явахдаа цаасан мөнгө халаасандаа хийгээд авч явъя гэхэд 10 мянган доллараас дээш байх тохиолдолд деклораци хийх ёстой байдаг шүү дээ. Харин төлбөрийн хэрэгсэл цахим хэлбэрт шилжсэнээр халаасандаа биш утсан дотроо хязгааргүй хөрөнгийг хийгээд явах боломжийг нээж өгнө. Мөн үнэ өртгийн хувьд хямдхан, хэрэглэхэд хялбар, хамгаалалт маш сайтайгаас гадна интернэт байгаа цагт хэзээ ч устаж үгүй болохгүй зэрэг олон онцлог шинжийг өөртөө хадгалж чаджээ.
Хамгийн анхны, хамгийн алдартай криптовалют. Түүнчлэн криптовалют дотроосоо цахим алтны үүргийг гүйцэтгэдэг нь биткойн.
2017 оны наймдугаар сард бүх биткойн эзэмшигчид түүний хард форк хийгдсэний дараа биткойн кэштэй болов. Биткойнтой яг ижил блокчэйн дээр суурилдаг биткойн кэш нь биткойн олборлолтын үед үүсдэг хурд болон 52 багтаамжийн асуудлыг шийдэж чадсанаараа онцлогтой.
Залуу крипто-ухаантан Виталик Бутериний шинэ санаачилга этэриум нь криптовалютын зах зээлд эрэмбээрээ хоёрдугаарт бичигдтэлээ томорчээ.
Рипл сүлжээ бол хамгийн их эгдүүцэл төрүүлдэг блокчэйн нийгэмлэг гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, Рипл нь банкуудад зориулан бүтээсэн тусгай блокчэйн систем юм.
Лайткойн нь биткойны дараа гарч ирсэн анхдагч алткойнуудын нэг бөгөөд тухайн үедээ цахим алт биткойны араас цахим мөнгө гэж ч нэрлэгдэж байсан.
Монеро нь криптонит алгоритм ашигладаг хамгийн тод жишээ болсон алткойн юм.
Эдгээр төрөл бүхэн өөр өөрийн гэсэн онцлог шинж чанарыг хадгалсан бөгөөд энд товчхон тоочлоо. Илүү дэлгэрэнгүйг номоос уншиж, мэдлэгээ тэлээрэй. Харин тэмдэглэлийнхээ төгсгөлд номоос нэгэн сонирхолтой түүхийг хуваалцахыг хүслээ.
2010 оны 5 сарын 22-нд Ласло Ханьец гэх програмист залуу олборлосон биткойноороо арилжаа хийж болох эсэхийг туршиж биткойны талаар хэлэлцүүлгийн үеэр пиццаг биткойноор худалдах хүн байгаа эсэхийг асуужээ. Хэлэлцүүлэгт байсан нэг хүн түүнд 10,000 биткойноор хоёр пицца өгөхийг зөвшөөрсөн байна. Харин одоогийн ханшаар тэрхүү 10,000 биткойн нь ойролцоогоор 60,000,000 доллартай тэнцэнэ. Энэ явдлаас хойш жил бүрийн 5 сарын 22-ныг Биткойн пиццаны өдөр болгон тэмдэглэх болжээ.
Энэ богинохон түүхийг уншсанаас хойш би “ҮНЭ ЦЭН”-ийн тухай ойлголт, дүгнэлт, хэмжүүрээ эргэн нэг харахаар шийдсэн. Бид юуг, хэзээ, хаана, хэрхэн, хэдээр үнэлэх ёстой юм бэ? Хамгийн үнэтэй зүйл юу вэ? Энэ асуултыг та ч бас өөрөөсөө асуугаад үзээрэй.
Уншигч: Б.Сувд
Сэтгэгдлүүд (0)