Танин мэдэхүй: Сэндбокс

photo_2021-04-08_17-20-40.jpg

Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд хүчээ авч, хөгжсөөр байгаатай холбоотойгоор манай улсад Сэндбокс гэх журмыг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Цахим санхүүгийн хөгжлөөр тэргүүлж буй Дэлхийн 50 гаруй оронд хэрэгжээд буй энэхүү зохицуулалт яагаад Монголд хэрэгтэй талаар болон Сэндбоксыг уншигчдадаа энгийнээр ойлгуулахыг зорилоо.

Сэндбокс гэж юу вэ?

Сэндбокс нь үгчилбэл элстэй хайрцгийг хэлэх бөгөөд утгачилбал аливаа зүйлсийг хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэхэд ашигладаг туршилтын орчин юм. Өөрөөр хэлбэл, хөгжүүлсэн ямар нэг зүйлээ зах зээлд нэвтрүүлэхээс өмнө туршиж болдог газар. 

Сэндбокс гэдэг нэршлийн тухайд? 

Энэхүү нэршил нь анх зэвсэгт хүчнээс бий болсон хэллэг юм. Цэргийнхэн ширээн дээр элстэй хайрцаг тавьж, дээр нь байлдааны төлөвлөгөөгөө зурж бэлтгэдэг байсан ба тэдний хувьд асуудлыг шийдэх, янз бүрийн боломжуудыг турших хэрэгсэл нь байжээ. 

Хамгийн энгийнээр буюу амьдралд ойр байдлаар ойлгоцгооё. 

Жишээлбэл, хүүхдэд аюулгүй тоглох орчин бүрдүүлэхийн тулд тоглоомын талбайн тодорхой хэсгийг жижиг хашлагаар хүрээлж өгсөн байдаг шүү дээ. Ихэвчлэн элстэй хэсэгт энэ хашлага байдаг ба хүүхдүүд тэнд олон төрлийн юм хийж, элсээр янз бүрийн хэлбэр дүрс бүтээж тоглодог. Яг үүнтэй л адил. Энэхүү талбайд бид юуг ч хийж болох, гэхдээ зохиосон журмын дагуу. Хамгийн сайн бүтээл нь бий болтол оролдож болох чөлөөт талбай л гэсэн үг. 

Сэндбокс зохицуулалтын хамгийн шилдэг жишиг, амжилттай хэрэгжсэнээс дурдвал? 

Финтекын Сэндбокс хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж чадсан улсуудын нэг нь Сингапур юм. Жишээлбэл, 2020 онд  iSTOX гэх блокчэйнд суурилсан хөрөнгийн зах зээлийн платформ нь энэхүү Сэндбокс хөтөлбөрөөс амжилттайгаар төгсөж, лицензжсэн бодит бизнес болж гарч ирсэн. Өнөөдрийн байдлаар Дэлхийн 50 гаруй оронд Сэндбокс зохицуулалт хэрэгжиж байна. Цахим санхүүгийн хөгжлөөр тэргүүлж байгаа олон орон Сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Мөн Их Британийн Нэгдсэн Вант улс нь Сэндбоксын нэг хэсэг болох хурдасгуур, элстэй хайрцгийг ашигласан анхдагч улс юм. Хамгийн сүүлд Франц улс өөрийн гэсэн финтекын үйл ажиллагааг зохицуулсан журамтай болжээ.

Финтек гэж юу вэ? 

Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээнд ашиглан зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг ингэж тодорхойлдог. Жил ирэх тусам технологийн хөгжлийн нөлөөгөөр энэ төрлийн  компаниуд хурдтай өргөжсөөр байна. 

Яагаад энэ журмыг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай вэ?   

Манай улс санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын санхүүгийн зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд зориулсан Сэндбокс зохицуулалтын журам энэ оны 3-р сард батлагдсан. Учир нь сүүлийн үед финтек компаниуд зээл, төлбөр тооцооны үйлчилгээнээс хальж, хөрөнгийн зах зээлд хүртэл нэвтрээд байна. Тиймээс Сэндбокс зохицуулалтын журмаар финтект суурилсан үйлчилгээнүүд, ирээдүйд шинээр гарах койн, цахим хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг турших юм байна. Энэ талаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Н.Хүдэрчулуун: "1 мянга хүртэлх хэрэглэгчийн хүрээнд энэ үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлнэ. Мянгаас хэтрүүлж болохгүй. 8 сарын хугацаанд туршина. Амжилттай болсон тохиолдолд зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг нь олгоно. Хэрвээ амжилтгүй болбол Сэндбоксоос гаргаж, зах зээл дээр нэвтрэх боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрэх юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр урьд өмнө байгаагүй цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болж байна. Тэгэхээр энэ дээр ямар зохицуулалтууд байж болох вэ гэдэг нь Сэндбокс-т туршигдаж байх явцад давхар боловсруулагдаад явна гэсэн үг. Одоогоор Монгол улсад АрдКойноос өөр бүртгэлтэй койн алга байна. Цаашид гарч ирэхийг үгүйсгэхгүй." гэлээ. 

Сэндбокс зохицуулалтын журмыг ямар байгууллага хянадаг вэ? 

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас хянаж, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулна. 

Монгол улс Дэлхийн 50 гаруй улсад хэрэгжиж буй Сэндбокс журмыг нэвтрүүлжээ

Сэтгэгдлүүд (0)