Ард Санхүүгийн Нэгдэл (Ард), Хөдөөгийн Бичил Санхүүг Дэмжих Холбооноос хамтран Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төслийг зарлаж, Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч санхүүгийн боловсролын үрийг тарих хүсэл мөрөөдөл, урам зоригоор дүүрэн залуусыг сонгон шалгаруулаад байна.
Шалгаруулалтад тэнцсэн оюутан залуус 21 аймаг 330 сумдад томилогдон 2021 оны 6 сарын 8-наас 7 сарын 7 хүртэл 1 сарын хугацаанд цалинтай дадлага хийж, орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээхээс гадна Ардын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү ойр очиж танилцуулан ажиллах юм.
Илгээлтийн Эздийг хөдөө орон нутагт томилохоос өмнө тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, чиглүүлэх сургалтад хамруулж, гарын авлага, төслийн дүрэмт хувцсаар хангана. Мөн томилолтын хугацаанд цалинжуулж, унааны зардал олгох юм.
Уг төсөл нь нийт 250 сая төгрөгийн шагналын сантай. Тухайлбал, Аймгийн бүсийн шилдэг багийг 50 сая, дараагийн 4 байрыг 40, 30, 20, 10 сая төгрөгөөр, Сумын бүсийн шилдэг багийг 20 сая, дараагийн 2 байрыг 15, 10 сая, IV, V байранд орсон багийг тус бүр 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм. Үүнээс гадна аймаг бүрийн Шилдэг оролцогчийг 21 сая, Шилдэг дэмжлэг үзүүлэх багийг 24 сая төгрөгийн шагнал тус тус хүлээж байна.
Оюутнууд ийнхүү цалинтай дадлага хийж, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн сацуу төрөлх нутгийнхаа ард иргэдэд санхүүгийн боловсрол түгээх бахдам сайхан үйл хэргийн эзэд болох гэж байна. Үүнээс гадна, төсөл хаагдсаны дараа Ард Санхүүгийн Нэгдэл 330 суманд ажилласан Илгээлтийн Эздээс 10 хүнийг ажлын байраар хангах юм.
Амьдралдаа мартагдашгүй гэгээн дурсамжийг бүтээхээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хуваарилагдан ажиллах эрч хүч, итгэл найдвараар цалгисан Илгээлтийн Эздийн маань аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай!
Сэтгэгдлүүд (0)