Эдийн засгийн үйл ажиллагаа зөв явагдахад мөнгөний үүрэг маш чухал юм. Энэхүү үүргийг хангахын тулд Төв банкны мөнгөний бодлого нь инфляцыг тогтвортой бага төвшинд байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах ёстой байдаг.
Инфляцыг тогтвортой бага төвшинд байлгах (үнийн тогтвортой байдал) зорилго нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжлийн замд хүргэх өргөн цар хүрээтэй зорилгод чиглэгддэг.
Төв банк нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөхдөө хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүдийг ашигладаг. Мөнгөний бодлого явуулах нь төрөөс баримталж байгаа мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэл зорилгоос шалтгаалдаг. Үүнтэй холбоотойгоор Төв банк нь мөнгөний ХАТУУ болон ЗӨӨЛӨН бодлогын аль нэгийг сонгон хэрэгжүүлдэг.
Мөнгөний зөөлөн бодлого: Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн, мөнгөний зөөлөн бодлогыг авч хэрэгжүүлдэг. (Жишээ нь: Бодлогын хүүг бууруулах)
Мөнгөний хатуу бодлого: Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий төвшний өсөлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор мөнгөний хатуу бодлогыг авч хэрэгжүүлдэг. (Жишээ нь: Бодлогын хүүг өсгөх)
Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргасан бөгөөд ингэснээр мөнгөний хатуу бодлого баримтлан олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдал бий болж байна. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр харагдаж байна. Энэ онд инфляц өмнө оныхтой харьцуулахад нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэл олон улс оронд төдийгүй манай оронд ч бий болоод байна.
Инфляц 2022 оны 2-р сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувийн өсөлттэй байлаа. Үүнд, гадаад талаас олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол, гадаад үнэ зэрэг нь импортоор дамжин нөлөөлөөд байгаа юм. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээс харахад нийт инфляцын 50 орчим хувийг импортын инфляц бүрдүүлж байна.
Мөн одоогийн байдлаар валютын нөөц бүрдүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгаагаас гадна манай улсад одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Зарим нэг валютын төлбөр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах, хилээр гаргах асуудалд Засгийн газраас хяналт тавих зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн засгийн газар мөнгөний бодлого дээр Монгол банктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа хэмээн өчигдөр буюу 4 сарын 5-ны өдөр засгийн газраас мэдэгдсэн юм.
Эх Сурвалж: Mongolbank.mn
Сэтгэгдлүүд (0)