Монголын Эдийн Засгийн Чуулган-2022 ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ. Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой хэлэлцүүлэг юм.
Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий Сайд
Ирэх жилийн Монголын эдийн засгийн чуулган энэ жилийн ярьсан зорилт, төлөвлөгөөгөө биелүүлсэн бүтээн байгуулалтын чуулган байх болно.
Улаанбаатар хотыг нэг тулгуурт, хоёр зам дагасан буюу Богд уулыг тойрсон дэд бүтэцтэй болгоно. Ингэхийн тулд Хөшгийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан.
Ханги мандлын 200 гаруй км төмөр зам 6 сарын хугацаанд ашиглалтад орох техник эдийн засгийн үндэслэл гарсан.
Ж.Оджаргал
М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн Дарга
Хувийн хэвшлийнхэн үргэлж эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг мөрөөдлийг өвөртөлж явдаг. Эдийн засгаа тэлэх, хөгжлийг хурдасгахад гарцаагүй, нэн даруй шийдэх ёстой төслүүд Шинэ сэргэлтийн бодлогод маш сайн туссан. Тиймээс хувийн хэвшил энэ зорилгыг хэрэгжүүлэхэд өөрсдийн бүх нөөц бололцоог шавхаж, ачаанаас үүрэлцэх ёстой.
Б.Лхагвасүрэн
Монгол Банкны Ерөнхийлөгч
Төгрөг сүүлийн 2 жил тогтвортой байж, инфляц 2 хувьтай байсан ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зөвхөн манай оронд гэлтгүй олон улсад ч нөлөөлж эхэлсэн.
Монголбанк Ковид-19-ийн хүнд үед мөчлөг сөрж бодлогын хүүг 6 хувьд буюу түүхэн доод төвшинд барьж ирсэн.
Х.Булгантуяа
УИХ-ын Гишүүн
Авилга, хээл хахууль гурван сувгаар явж байна. Төсвийн хулгай, төрийн өмчит компаниудын хулгай, далд эдийн засгийн хулгай. Төсвийн хяналтаас гадуур маш том далд эдийн засаг байна. Тиймээс эхний шатанд Төрийн өмчит компаниудаар иргэд олон нийтийн өмчийн оролцоог бий болгож, хараа хяналтад оруулж авилга хулгайг бууруулна.
Б.Энхбаяр
УИХ-ын Гишүүн
Өнөөдрийн хөгжлийн банкны асуудал бол зөвхөн эхлэл. Дараа нь төрийн өмчит компаниудын асуудал ил болно. Эдгээр компаниудыг олон нийтийн хууль эрх зүйн орчин, хуулийн асуудалд реформ хийнэ.
Б.Цэнгэл
Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын Дарга
Төрийн өмчит компаниудыг дөрөв ангилж, хэдэн хувь нь төрийн өмчид байх, хэрхэн ажиллах талаарх саналаа ирэх долоо хоногт ЗГ-т танилцуулна.
Б.Жавхлан
УИХ-ын Гишүүн, Сангийн Сайд
10 их наядын хөтөлбөр хүрсэн үр дүндээ хүрч чадсан. Үүний үр дүнд эрүүл мэндээ ч хамгаалсан, эдийн засгаа ч аварсан. Ковидын үеийн нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 2,7 хувь байгаа бол манай орны хувьд 0,5 хувь байгаа юм.
Ж.Мөнхнаран
Монголын Газрын Тосны Бүтээгдэхүүн Импортлогчдын Мэргэжлийн Холбооны Тэргүүн
Шатахууны үнийн нэмэгдэл инфляци, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Тиймээс дунд хугацаандаа Засгийн газрын оролцоо шаардлагатай.
Ч.Ганхуяг
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал
Өнөөдөр төрийн бүтээмжийг сайжруулж, бичиг цаас, хүнд суртлыг багасгая гэж ярьж байгаа ч нөгөө талдаа хүний эд хөрөнгө, мөнгө, итгэл, эрүүл мэндийн асуудлын тэнцвэрийг олж, наанатай цаанатай байх хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй. Тиймээс аль болох гарц, гаргалгаануудыг хийж явах нь зүйтэй.
Н.Учрал
УИХ-ын Гишүүн, Инноваци, Цахим Бодлогын Байнгын Хорооны Дарга
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох нь чухал. Мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу тэтгэврийн санг байгуулж, түүгээрээ дамжуулж, хөрөнгийн зах зээлийг дэмжихээс өөр шийдэл байхгүй.
Д.Баярсайхан
Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга
Биржийн бус зах зээлийн зохицуулалтын журмыг баталснаар өнөөдрийн байдлаар 32 аж ахуй нэгжийн 363 тэрбум төгрөг татсан байна.
Ц.Түмэнцогт
Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн Дарга
Ойрын 4-5 жилдээ өөрийн эх үүсвэртэй болтол 3 орчим их наяд төгрөгийг цахилгааны импортод зарцуулахаар байна.
А.Тлейхан
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Дарга
Манай улс өнгөрсөн жил нийт хэрэглээнийхээ 80 хувийг дотоод эх үүсвэрээс, 20хувийг импортоор авсан. Өнөөдөр нүүрсний үнэ, төмөр замын тээвэр, цахилгаан станцын дамжуулах үйлчилгээ зэргийг оруулахад 1кВт цахилгааны үнэ 224.11 төгрөг, худалдаж буй үнэ 175 төгрөг байна.
Ийнхүү 4 сарын 7-ны өдрийн Шинэ Сэргэлтийн Бодлого агуулга дор болж буй үндсэн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сэтгэгдлүүд (0)