МЭЗФ-2022 сүүлийн өдрийн хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдээс түүвэрлэн хүргэж байна

Монголын Эдийн Засгийн Чуулган-2022 ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Уг хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой юм.

Хөрөнгө оруулалтын орчин

Х.Амаржаргал
Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

 

Монголд 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг. Энэ гэрээ хөрөнгө оруулагчдад бизнесийн тогтвортой орчныг бий болгож өгөх зорилготой.

Б.Жавхлан
УИХ-ын Гишүүн, Сангийн Сайд

 

Бидний хөрөнгө оруулалт татаж байгаа гол салбар бол уул уурхай. Бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломжгүй байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын буруу биш төрийн алдагдсан бодлогын хор уршиг.

Майкл Макадүү
Бостон Консалтинг Группын Партнер

 

Засаглалын чанар муудах тусам, эелдэг дарангуйлал бий болдог. Жишээ нь: Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд үйл ажиллагаа явуулах гэхээр зөвшөөрөл өгдөг байгууллагууд, эрх мэдэлтнүүд наанаа эелдэг хэр нь цаанаа дарангуй загнаж, тодорхойгүй байдал үүсгээд байвал тухайн улс руу гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу

Б.Дуламсүрэн
Оюутолгой ХХК-ийн Санхүү Эрхэлсэн Дэд Захирал

 

2022 оны 1 сард Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэн, энэ ажил 2023 оны эхний хагаст жигдэрнэ. Ил уурхайн хувьд энэ жил 110-150 мянган тонн зэс, 115-165 унц алт олборлох.
2022 онд үйл ажиллагаандаа 800-900 сая долларын зардалтай ажиллаж, ил уурхайн хөрөнгө оруулалт 170-200 сая доллар, гүний уурхайн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтад 1,2-1,4 тэрбум доллар, нийтдээ 2,2-2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Т.Ганболд
Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны УЗ-ийн дарга,
Алтан Дорнод Монгол ХХК-ийн Ерөнхий Захирал

 

Алтны салбар жилдээ 20-22 тонн алт олборлодог буюу 1 тэрбум ам.долларыг оруулж ирдэг. Энэ бол Монголын эдийн засгийг 8 дахин өсгөх боломж. Гэвч төр хувийн хэвшил түншилдэггүй, ойлголцдоггүй байдлаас болж иргэд уул уурхайн салбарын өгөөжийг хүртэж чаддаггүй. Хууль ёсны зөвшөөрөлтэй алтны компаниуд хүртэл хандив нэртэй орон нутагт байнгын өглөг өгдөг. Энэ бол уул уурхайн салбарт хавтгайрсан үзэгдэл болсон.

 О.Хулан
Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын Үүрэг Гүйцэтгэгч

 

Үндэсний геологийн алба байгуулагдсан нь энэ салбарт хийгдэх судалгааны үйл ажиллагаанд илүүтэй шинжлэх ухаанч хандаж, 10,20,30 жилийн дараа уул уурхайн салбар ямар байх вэ гэдгийг түрүүлэн харж, тодорхойлох хөрөнгө оруулалт болон Монголын уул уурхайн хөгжилд шинэ дэвшил авчрах маш том алхам болсон гэж үзэж байна.

Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал

Б.Батцэцэг
Гадаад Харилцааны Сайд

 

Гадаад харилцааны яамны зүгээс цар тахал дэгдсэн үеэс эхлэн БНХАУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хятадын талтай 2014 оноос хойш ярилцаж, тодорхой шийдэлд хүрэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон.

Хот хөдөөгийн сэргэлт

А.Ганхуяг
Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч

 

Дэлхийн аль ч улсад өөрсдийнхөө хот, муж, суурин газарт аль болох олон хүнийг авчрахыг хүсдэг. Ингэснээр эдийн засаг нь өсөж, хөгжиж байдаг.

 С.Амарсайхан
УИХ-ын Гишүүн, Шадар сайд

 

Улаанбаатар хотод 2020 онд 39500 иргэн, 2021 онд 25700 иргэн хөдөөгөөс шилжин ирсэн. Харин нэг ч иргэн хөдөөрүү буцаж шилжсэн бүртгэл байдаггүй. Манай орны хүн амын бүтцийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Залуучууд юуг дагадаг вэ гэхээр орчин цагийн хөгжил.

Виктор Лутенко
НҮБ-ийн Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын
Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер

 

Хүн эрх чөлөөгөө эдэлж байгаа учраас шилжин суурьшилт бол муу зүйл, сайн зүйл гэдгийг ярихаа больсон байна. Харин үүнийг хэрхэн илүү сайн зохион байгуулж, хөгжлийн нэг хэсэг болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Шилжин суурьшилт нь хүн гэдэг хамгийн үнэт капиталыг зах зээл дээр авчирч өгнө гэсэн үг.

Төр хувийн хэвшлийн түншлэл

 Г.Түвдэндорж
БОАЖ-ын Дэд Сайд

 

Төр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй байж, хувийн хэвшилд зоригтой хөрөнгө оруулалт хийж байж түншлэл амжилттай явагдана. Ингэснээр нэг талаас иргэд чанартай үйлчилгээгээр хангагдаж, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн урт хугацааны ашиг олох боломж бүрдэнэ.

Андрей Михнев
Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй, сайн хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнд хангалттай цаг хугацаа өгч, төслийн дарамтыг бууруулах нь маш чухал. Ингэснээр хувийн хэвшлийнхэн засгийн газрын бодлого, төслийн үр дагаврыг ойлгох цаг хугацаа гарч, түншлэл амжилттай явагдана.

Г.Батцэнгэл
Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

 

Бүтээн байгуулалтын төслүүдэд төрийн өмчийн компани оролцсон л бол багадаа 45 хоног, тендер сонгон шалгаруулалт гээд 2-3 жилийг алддаг. Энэ жишгээр гацсан дэд бүтцийн төслүүд олон бий. Иймээс уул уурхайн салбар болон боомтын дэд бүтцийн төслүүдэд төр хувийн хэвшлийн хамтрал зайлшгүй шаардлагатай.

 

Г.Тэлмэн
Монгол Шуудан ХК-ийн ТУЗ-ийн Ердийн Гишүүн

 

Бизнесийн салбарт хүний нөөц тулгамдсан асуудал болоод байна. Цар тахлаас шалтгаалан их сургууль төгссөн залуусын мэдлэг чадвар сул, ажиллах хүч, хүний нөөц хомс байгаагаас ААН-үүд асар том бүтээмжийн алдагдал хүлээхээр харагдаж байна. Иймээс төр, хувийн хэвшил хамтран залуучуудын чадавхыг нэмэгдүүлэх инновацлаг ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ногоон хөгжлийн сэргэлт, аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ
БОАЖ-ын Сайд

 

Монгол улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн бол зарим аймгуудын газар нутгийн 90-ээс дээш хувь нь доройтолд орсон байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлийн 51 хувь нь байгаль орчноос, 49 хувь нь хүнээс шалтгаалж байгаа гэдэг. Энэ 49 хувийг бууруулахын төлөө бид ажиллах ёстой.

Н.Энхбаатар
Монгол Номадик ХХК-ийн Захирал

 

Нүүдлийн өв соёлоо хадгалан үлдэх нь хамгийн чухал. Зөвхөн гадаадад сурталчлах гэхээсээ илүү дотооддоо хүүхэд залууст таниулан, урт хугацаанд хадгалж авч үлдэх нь бас нэг гол асуудал юм.

Койзуми Тайга
Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Зам Тээвэр, Хот Байгуулалт, Хувийн Хэвшилийн хамтын ажиллагааны Асуудал Хариуцсан Төлөөлөгч

 

Жайка-гаас Монгол улсын аялал жуулчлалыг судалж үзэхэд дөрвөн үндсэн бэрхшээл байна.

1.     Маркетингийн асуудал

 

2.     Дэд Бүтэц

 

3.     Өвлийн аяллыг хөгжүүлэх

 

4.     Зочлох үйлчилгээ

 

Эдгээр бэрхшээлтэй асуудлуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

Ажиллах хүч, ажлын байрны ирээдүй

 О.Цогтгэрэл
УИХ-ын гишүүн

 

Монголын нийгэмд ажилгүйдлийн төвшин 7 хувьтай байна. Энэ тоо өндөр тоо биш. Гол асуудал нь иргэд ажил хийж, хөдөлмөрлөөд ч амьдрал нь өөдлөхгүй тал бий.

Ч.Анар
Анд Глобал, Ондо Холдингийн Үүсгэн Байгуулагч, Ерөнхийлөгч

 

Оюуны бүтээлч салбарын ажиллах хүч гадагшаа ихээр гарч байна. Тэдэнд өөрийн үнэ цэн, утга учрыг үнэлүүлэх орон зай байхгүй учраас ийм шийдэлд хүрч байгаа хэрэг. Тиймээс бид дотооддоо монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай.

Б.Гантулга
Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

 

Иргэд Ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрлөж байгаа хирнээ улам ядуурч байна. Цалин нэмээд энэ асуудал шийдэгдэхгүй. Төр өөрөө 37 их наяд төгрөгийн үнэлгээтэй 339 компанитай. Үүнийхээ 10 хувийг хувьцаа болгоод тодорхой шалгууртайгаар иргэддээ эзэмшүүлбэл эргээд уул уурхай болон бусад салбараас гарч байгаа ашиг өгөөжийг иргэд хүртэж чадна.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний өнгө төрх

Г.Дамдинням
УИХ-ын Гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга

 

Өнөөдөр бид энд бодлогын асуудлаа ярьж байхад, Сүхбаатарын талбай дээр залуучууд тэгш байдлын тухай, дэлхий нийтэд үүссэн хүнд нөхцөлийг даван туулахад төр засаг ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаагаас харахад бид, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг агуулаад явж байна. Бидэнд ардчилал, хүний эрх, тэгш байдал зэрэг асар үнэтэй үнэт зүйлс суусан байна.

Ч. Номин
Соёлын сайд

 

Үндэсний нэгдмэл үнэт зүйлс гэдэг чинь биднийг оюун санаагаар нэгтгэж байгаа хамгийн чухал зүйл. Нүүдлийн соёл иргэншил өөрөө маш онцлогтой. Өнөөдөр дэлхий даяар ногоон хөгжил, ногоон сэргэлт, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах талаар уриалж байна.

Дижитал шилжилт

 Б. Мөнхцэцэг
ГрэйпСити Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

 

Манай улстай туулсан түүх, хөгжлийн төвшин ижил төстэй орнуудаар явж үзэхэд бидэнд өнөөдөр тулгараад байгаа банкны салбарын асуудлыг тэдгээр улсууд 10 жилийн өмнө шийдчихсэн байсан.

Э.Батшугар
УИХ-ын Гишүүн

 

Дэлхийн 108 орны дунд явуулсан улс орны орон цахим засаглалын индексээ 1 хувиар сайжруулахад авилгын индекс 1,17 хувиар буурдаг гэсэн судалгаа бий. 2020 оны үнэлгээнээс үзэхэд манай улс цахим засаглалын индексээрээ дэлхийд 92т жагсаж байна. Өнөөдрийг хүртэл мэдээллийн технологийн салбарт бий болсон эрх зүйн орчны шинэчлэл, И-Монголиа төсөл зэргээс шалтгаалан 2021 онд энэ байр урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү Монголын Эдийн Засгийн Чуулган-2022 Шинэ Сэргэлтийн Бодлого агуулга дор болж өнгөрсөн үндсэн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сэтгэгдлүүд (0)