Эдийн засгийн уналт гэж юу вэ?

Эдийн засгийн уналт нь бизнесийн мөчлөгийн салшгүй нэг хэсэг бөгөөд аливаа улсын эдийн засгийн тэлэлт, агшилтын мөчлөгийн нэг үе юм.

Эдийн засгийн идэвх хэдэн сар эсвэл жилийн хугацаатайгаар огцом унах үеийг хэлдэг.  Тухайн улсын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ажилгүйдэл нэмэгдэх, жижиглэнгийн худалдаа зогсонги байдалд орох, орлого, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд унах үйл явдал удаан хугацаагаар үргэлжлэх үед эдийн засгийн уналттай байна хэмээн мэргэжилтнүүдийн зүгээс зарладаг. Эдийн засгийн уналт нь бизнесийн мөчлөгийн салшгүй нэг хэсэг бөгөөд аливаа улсын эдийн засгийн тэлэлт, агшилтын мөчлөгийн нэг үе юм.  

Эдийн засгийн уналтын албан ёсны тодорхойлолт 

Уналтын үед эдийн засаг хүнд хэцүү байдалд орж, хүмүүс ажлаа алдаж, компаниудын борлуулалт буурч, тухайн улсын эдийн засгийн нийт гарц буурдаг. Аливаа эдийн засаг албан ёсоор уналтад орох нь хэд хэдэн хүчин зүйлсээс хамаардаг. 

1974 онд эдийн засагч Юлиус Шискин эдийн засгийн уналтыг тодорхойлох хэд хэдэн дүрмийг боловсруулсанаас хамгийн алдартай нь ДНБ 2 улирал дараалан буурах явдал байв. Эдийн засаг цаг хугацааны явцад өргөжин тэлж байгаа тул үйлдвэрлэлийн хэмжээ дараалсан хоёр улирал нь ноцтой суурь асуудлууд байгааг харуулж байна гэж Шискин хэлэв. Хямралын энэ тодорхойлолт олон жилийн туршид нийтлэг жишиг болсоор ирсэн юм.

Эдийн засгийн уналт хэрхэн бий болдог вэ? 

Эдийн засгийн гэнэтийн цочрол, хяналтгүй инфляц гэх мэт эдийн засгийн уналтыг эхлүүлж болох нилээдгүй олон хүчин зүйлс бий. Гол хүчин зүйлсийг авч үзвэл:   

  • Эдийн засгийн гэнэтийн цочрол: Санхүүгийн ноцтой асуудал дагуулах гэнэтийн, таамаглаагүй үйл явдлуудыг хэлдэг. 1970-аад онд ямар ч анхааруулгагүйгээр ОПЕК-ийн орнууд АНУ-руу газрын тосны нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд үүнээс болж АНУ-ын эдийн засаг уналтад орж, бензин колонкуудад дуусашгүй дараалал үүссэн. Коронавирусийн дэгдэлтээс үүдэн дэлхийн эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орсон нь эдийн засгийн цочролын сүүлийн үеийн жишээ юм. 

  • Хэт их өр: Хувь хүн болон байгууллагууд хэтэрхий их өр тавьбал тухайн өрийн зардал нь хэтэрхий их болж, яваандаа бүр төлбөрөө төлж чадахаа больдог. Өсөн нэмэгдэх муу зээлүүд, дампуурлууд эдийн засгийг нь унагадаг.  Хэт их өр эдийн засгийн уналтад хүргэдгийн тод жишээ бол 2008 оны үл хөдлөх хөрөнгийн хөөсрөл ба түүнээс үүдсэн их уналт юм. 

  • Хөрөнгийн хөөсрөл: Сэтгэл хөдлөл хөрөнгө оруулалтын шийдвэрийг жолоодож эхлэх үед эдийн засгийн сөрөг үр дагавар холгүй байдаг. Эдийн засаг сайн байхад хөрөнгө оруулагчид хэт өөдрөг болох хандлагатай байдаг. 1990-ээд оны сүүлээр хөрөнгийн зах зээл төсөөлшгүй өндөр өсөлт үзүүлж байхад АНУ-ын Төв банкны дарга Алан Грийнспан уг хандлагыг “irrational exuberance” гэж нэрлэж байсан. Хэт өөдрөг хандлага нь хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсрөлийг улам дэвэргэдэг. Хөөс нь хагарах үед олон хүмүүс сандран зарж, зах зээлийг, унагаж улмаар эдийн засгийн уналт үүсдэг.    

  • Инфляцын түвшин хэт өндөр байх: Инфляц нь үнийн аажим тогтвортой өсөлтийг хэлдэг. Инфляц нь заавал муу зүйл биш, гэвч хэт өндөр инфляц нь тун аюултай. Төв банкууд инфляц бодлогын хүүг нэмэх замаар инфляцыг барьдаг, бодлогын хүү өндөр байх нь эдийн засгийн идэвхийг сулруулдаг. 1970-аад онд АНУ-д инфляц маш том асуудал болж байсан. Инфляцын циклийг эвдэхийн тулд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хурдацтайгаар нэмсэн бөгөөд энэ нь эдийн засгийн уналтыг авчирсан.

  • Хэт их дефляц: Барьж чадахгүй инфляцын түвшин эдийн засгийн уналтыг авчирч болдог хэдий ч дефляц улам сөрөг үр дагавартай байж болдог. Дефляц гэдэг нь цаг хугацааны явцад бараа үйлчилгээний үнэ буурах явдлыг хэлдэг. Үнэ буурсны улмаас цалин буурч, улмаар үнийг улам бууруулдаг. Энэхүү эргэх холбоог барьж чадахгүй бол хувь хүмүүс, байгууллагууд зарлага гаргахаа больдог энэ нь улмаар эдийн засгийг доройтуулдаг. Төв банкууд болон эдийн засагчид дефляцыг үүсгэдэг суурь асуудлыг шийдэх хэд хэдэн арга хэрэгслүүдтэй. Япон Улс 1990-ээд онд дефляцаас болж, эдийн засгийн хүндхэн уналтад орж байв.  

  • Технологийн хувьсгал: Шинэ технологи бүтээмжийг нэмэгдүүлж,  урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмждэг хэдий ч богино хугацаанд шинэ технологид  дасан зохицох үе байж болдог. XIX зуунд хөдөлмөр хөнгөвчилсөн технологийн шинэчлэлтүүд ар араасаа гарч байсан. Улмаар аж үйлдвэржилтийн хувьсгал нь нилээдгүй олон мэргэжлийг хэрэгцээгүй болгож, эдийн засгийн уналт хэцүү цагуудыг дагуулсан юм.  Өнөө цагт зарим эдийн засагчид хиймэл оюун ухаан, роботууд маш олон төрлийн ажлын байрыг хэрэгцээгүй болгож, эдийн засгийн уналтыг дагуулах эрсдэлтэй гэж таамагладаг.

Эдийн засгийн уналт ба Бизнесийн мөчлөг

Эдийн засгийн тэлэлт, уналтын хэлбэлзэл циклийг хэлдэг. Тэлэлт  эхлэх үед эдийн засаг эрүүл, тогтвортой байдлаар өсдөг. Яваандаа зээлдэгчид мөнгө зээлэхийг илүү амар, хямд болгодог ба улмаар хэрэглэгчид болон байгууллагууд хэт их зээл авч эхэлдэг. Хэт өөдрөг хандлагаас болж хөрөнгийн үнэ хөөрөгддөг.  

Тэлэлт үргэлжлэхийн хэрээр хөрөнгийн үнэ улам хурдацтай өсөж, өрийн дарамт нэмэгддэг. Мөчлөгийн нэг цэгт өмнө нь дурдсан үзэгдлийн нэгээс болж, эдийн засгийн тэлэлт зогсдог. Уг цочрол нь хөрөнгийн хөөсрөлийг хагалж, хөрөнгийн зах зээлийг унагаснаар хэт их өрийг төлөх боломжгүй дарамт болгодог. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт агшиж, уналтад ордог.  

Эдийн засгийн уналт хэр удаан үргэлжилдэг вэ?

NBER нь АНУ-ын эдийн засгийн уналтын дундаж хугацааг хянадаг бөгөөд тэдний мэдээллээс үзэхэд 1945-2009 онд эдийн засгийн уналт дунджаар 11 сар үргэлжилсэн байна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад сайжирсан үзүүлэлт юм. Харин 1854-1919 оны хооронд эдийн засгийн уналт дунджаар 21.6 сар үргэлжилсэн бол сүүлийн 30 жилийн хугацаанд АНУ 4 удаа эдийн засгийн уналтыг туулсан байна.

  • Ковид-19 цар тахлаас үүдсэн уналт. Хамгийн сүүлийн уналт 2020 оны 2 сард эхэлсэн бөгөөд ердөө хоёрхон сар үргэлжилсэн. Энэ АНУ-ын түүхэн дэх хамгийн богино уналт болсон. 

  • Их уналт (2007 оны 12 сараас 2009 оны 6 сар хүртэл). Өмнө  дурдсанчлан, их уналт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хөөсрөлтөөс болж үүссэн. Их уналт нь 1930 оны Их хямралтай харьцуулахад тийм ч хүнд биш байсан хэдий ч, үргэлжилсэн хугацаа, ноцтой нөлөөллөөрөө ижил нэр зүүсэн. 18 сарын турш үргэлжилсэн их уналт нь АНУ дахь бусад уналтуудтай харьцуулахад дунджаар хоёр дахин удаан үргэлжилсэн.

Эдийн засгийн уналтыг таамаглах боломжтой юу? 

Эдийн засгийн уналтыг таамаглах нь тийм ч амар зүйл биш. Жишээлбэл, КОВИД-19 халдварт өвчин 2020 оны эхэнд хаанаас ч юм гарч ирсэн бөгөөд хэдхэн сарын дотор АНУ-ын Засгийн Газар зогсонги байдалд орж, сая сая гаруй хүмүүс ажлын байраа алдсан. NBER албан ёсоор АНУ-ын эдийн засаг 2020 оны 2 сараас эхлэн уналтад орсныг тэмдэглэж, коронавирусийн улмаас АНУ-ын хямралыг зарлав. 

Гэсэн хэдий ч асуудал үүсэж буйг илэрхийлэх хэд хэдэн үзүүлэлт бий. Доорх үзүүлэлт нь танд эдийн засгийн уналт болохоос өмнө бэлдэх хугацаа өгөх дохионууд болж чадна.

  1. Өгөөжийн муруй: Өгөөжийн муруй нь дөрвөн сарын хугацаатай үнэт цааснаас 30 жилийн хугацаатай бондын зах зээлийн үнэ буюу АНУ-ын засгийн газрын өгөөжийг харуулсан график юм. Эдийн засаг хэвийн ажиллаж байгаа үед урт хугацаат бондын өгөөж өндөр байх ёстой. Гэвч урт хугацааны өгөөж нь богино хугацааны өгөөжөөс доогуур байвал хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтаас болгоомжилж байгааг харуулж байна. Энэ үзэгдлийг өгөөжийн муруй урвуу гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өнгөрсөн хямралыг урьдчилан таамаглаж байсан.

  2. Хэрэглэгчийн итгэлийн бууралт: Хэрэглэгчийн зарцуулалт нь АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм. Судалгаанаас харахад, хэрэглэгчдийн итгэл тогтвортой буурч байгаа нь эдийн засагт хүндрэлтэй байгаагийн шинж байж магадгүй юм. Хэрэглэгчийн итгэл буурах үед хүмүүс судалгаанд оролцогчдод мөнгө үрэхдээ итгэлгүй байгаагаа хэлж байна гэсэн үг. Хэрэв тэд айдсаа дагавал зардал багасах нь эдийн засгийг удаашруулна.

  3. Эдийн засгийн тэргүүлэх индексийн (LEI) уналт: Бага хурлын зөвлөлөөс сар бүр гаргадаг LEI нь ирээдүйн эдийн засгийн чиг хандлагыг урьдчилан таамаглахыг хичээдэг. Энэ нь ажилгүйдлийн даатгалд хамрагдах өргөдөл, үйлдвэрлэлийн шинэ захиалга, хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэл зэрэг хүчин зүйлсийг авч үздэг. Хэрэв LEI буурвал эдийн засагт асуудал үүсэж болзошгүй.

  4. Хөрөнгийн зах зээлийн гэнэтийн уналт: Хөрөнгийн зах зээлийн огцом уналт нь эдийн засгийн удаашралаас үүдэн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн зарим хэсгийг, заримдаа бүх хувьцаагаа зарж борлуулдаг тул эдийн засгийн зах зээлийн огцом бууралт нь уналт ирж буйн шинж тэмдэг байж болох юм.

  5. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэх: Хэрэв хүмүүс ажлын байраа алдаж байгаа бол энэ нь эдийн засагт эрс муу шинж тэмдэг гэдэг нь тодорхой. Хэдхэн сарын ажлын байрны огцом алдагдал нь NBER хямралыг албан ёсоор зарлаагүй байсан ч хямрал төд удалгүй даган ирнэ гэсэн томоохон анхааруулга юм.

Эдийн засгийн уналт та бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

Уналтын үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, та ажлаа ч алдах эрсдэл бий. Та ажлаа алдаад зогсохгүй, олон хүн ажилгүйдэлд орсноос болж шинээр ажил олоход мөн тэр хэрээрээ хэцүү байх болно. Ажилдаа үлдсэн хүмүүсийн цалин буурах эрсдэлтэй бөгөөд ирээдүйд цалингаа нэмүүлэхэд хэцүү болдог.   

Эдийн засгийн уналтын үед хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө гэх мэт хөрөнгө оруулалтууд үнэ цэнээ алдаж, таны хадгаламжийг бууруулах, тэтгэвэртээ гарах төлөвлөгөөг тань нураах эрсдэлтэй. Та ажлаа алдсанаас болж өртөг, төлбөрүүдээ төлж чадахгүйгээс болж, өөрийн гэр болон бусад хөрөнгүүдээ алдах эрсдэлтэй. 

Эдийн засгийн уналтын үед бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч, зарим тохиолдолд дампуурлаа зарлахаас өөр сонголтгүй болдог. Иймэрхүү хүнд хэцүү цагт Засгийн Газар бизнесүүдийг дэмжихийг хичээдэг ч огцом уналтын үед хүн бүрийг аварч үлдэх хэцүү. 

Хямралын үед олон хүн төлбөрөө төлж чадахгүй байгаа тул зээлдүүлэгчид ипотекийн зээл, автомашины зээл болон бусад төрлийн санхүүжилтийн шалгуураа чангатгадаг. Уналтын үед ийм төрлийн зээл авахын тулд танд илүү сайн зээлийн оноо эсвэл илүү их урьдчилгаа төлбөр хэрэгтэй.

Эдийн засгийн хямралд өөрийгөө бэлтгэж байсан ч гэсэн яг уналт ирэхэд тун хэцүү цагийг туулна. Сайн мэдээ нь уналт үүрд үргэлжлэхгүй гэсэн үг юм. Ингэснээр их хямрал төгсгөл болсны дараа АНУ-ын түүхэн дэх эдийн засгийн өсөлтийн хамгийн хүчтэй үе байсан гэж хэлж болно.

Эх Сурвалж: Forbes advisor

Орчуулсан: Ч.Тэргэл
Хянан Тохиолдуулсан: Б.Ганчимэг

Сэтгэгдлүүд (0)