Хоёр жил үргэлжилсэн ковидын хямралын араас манай улсын эдийн засаг хүндхэн сорилттой тулгараад байна. Гэтэл ковид-19 дахин эрчээ авч байна гэв үү? Ямартай ч бүгдээрээ 2022 оны эхний хагас жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг тоймлон харцгаая.
Өнгөрсөн оны 6 сарын 30-нд улсын хэмжээнд инфляц 6.6% буюу зорилтот түвшний хүмүүсийн худалдан авах чадвар арай дээрджээ. Энгийнээр тайлбарлавал, 2021 оны ₮1.000.000 = 2022 оны ₮840.000-тэй тэнцэж байна.
Цаг сайхан, нэлээн дээр үед 1 ам.доллар 1,000 хүрэхгүй төгрөгтэй тэнцдэг байлаа. Nike-аас 100 долларын гутал 100,000 төгрөгөөр авдаг байсан гэж үзвэл Nike гутлын үнээ ерөөс өсгөөгүй, өнөөдөр ч гэсэн100 доллароор л зарж байгаа гэвэл бид 300,000 төгрөгөөр худалдан авалт хийдэг болсон гэсэн үг.
Дэлхийд эх түүхээрээ биш зээлийн хүү өндөртэйгөөрөө гайхагддаг манай улсын хувьд сүүлийн хэдэн жил зээлийн хүүг бууруулах талаар хүчтэй яригдаж, зээлийн хүүг бууруулах стратеги хүртэл батлаад авсан. Үүнтэй уялдуулаад бодлогын хүүгээ хүртэл 6% руу шидэж үзсэн ч эдийн засгийн алдаатай бодлогын гороо амсаж, инфляцаа тэнгэрээс дээш 3 метрт алдчихав. Гэхдээ итгэл тасрах болоогүй шүү! Эдийн засгаа энэ хэвээр элгээр нь хэвтүүлчихгүй босгоод ирвэл ирээдүйд зээлийн хүү ихээхэн буурч, банк санхүүгийн байгууллагууд баруун солгойгүй зээл олгож юуны магад, тийм үү?
Ковидын нөлөөгөөр (дайныг энэ удаа дурдахгүй ээ) эдийн засгийн хямрал шууд иргэд, аж ахуй нэгжид нөлөөлөх учир хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь эрсдэлээс сэргийлж, аж ахуй нэгжүүд зээлээ хумина. Яагаад гэвэл амьжиргаагаа арай ядан залгуулж буй энэ үед зээл төлөх гэдэг асуудал болоод байна. Хугацаа хэтрүүлж, чанаргүй, муу зээлийн ангилалд шилжих нь ойлгомжтой.
Нөгөө талдаа зээлээ хэт хумиад хаячихвал эдийн засаг бүүр элгээрээ хэвтээд дэлхийн гүн рүү аялаад өгөх учир Монгол Улсын засгийн газраас сөрсөн бодлого явуулж “Эдийн засгаа сэргээх 10 ихнаядын цогц хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь оновчтой байсан гэж үзэж байна. Хөгжлийн банкаар биш арилжааны банкаар дамжуулж олгосон учир чанаргүйдэх магадлал ер нь гайгүй байх бололтой гэнэ шүү.
Банкууд бол хашир хандгай, зээлийн эрсдэл тэдний хувьд хар дарсан зүүд. Банк бусуудын хувьд ч зээлийн эрсдэл хар дарсан зүүд, гэхдээ технологид суурилсан санхүүгийн шийдэл давуу боломжийг үүсгэх боломжтой, түүнийг ч эрэлхийлсээр. Одоо бол ковид гэж үүрэндээ чичирч суухаас илүүтэйгээр үүнд дасан зохицоод сөрж амьдрах нь хамгийн зөв сонголт байж болох юм. Зээл олголтоо ч нэмэгдүүлээд учирч болох эрсдэлээ хамтдаа үүрээд явах хэрэгтэй.
Нийтлэлийг: Э.Төртогтох
Сэтгэгдлүүд (0)