Интернэт нь асар олон компьютер, серверүүдийг холбосон сүлжээ юм. Интернэтэд холбогдсон хүмүүс бие биетэйгээ харилцаж, төрөл бүрийн вебсайтаар хэсэж, бараа үйлчилгээ авч зарах боломж тэнд бий.
Метаверс нь интернэттэй өрсөлдөж буй технологи биш, харин интернэт дээр нэмж баригдаж буй технологи юм. Метаверс орчинд нэвтэрсэн хүмүүс virtual reality (VR), augmented reality (AR), хиймэл оюун ухаан (AI), олон нийтийн сүлжээ, цахим мөнгө гэх технологиудыг ашиглан, бодит ертөнцийн шинжүүдийг дуурайсан виртуал ертөнцөөр аялах боломжтой юм. Сүүлийн үед зарим Засгийн Газрууд ч хүртэл метаверсэд хүч хаях болсон байна. Жишээлбэл, Барбадос Улс нь Элчин Сайдын Яамаа Метаверсэд байгуулахаар төлөвлсөн байна.
Интернэтийн хөгжил дэвшил нь метаверсыг боломжтой болгож буй маш олон үйлчилгээг бодит байдал болгоод байна.
Метаверс гэж юу болох талаар энд дарж уншина уу.
NFT буюу дахин давтагдашгүй токены технологи нь Метаверсыг хэрэгцээтэй, олонд түгсэн зүйл болгоход маш чухал үүрэг гүйцэтгэх юм. NFT гэдэг нь криптовалютуудын ашигладаг блокчэйн технологи дээр байршдаг аюулгүй шинжийн дижитал хөрөнгө юм. NFT нь валют биш харин урлагийн бүтээл, дуу, эсвэл цахим үл хөдлөх хөрөнгө зэргийг төлөөлдөг. Эзэмшигчдэдээ дижитал гэрээ эсвэл өмчлөлийн нотолгоог өгдөг бөгөөд үүнийг метаверс дээр зарж, борлуулах, авах эсвэл зарах боломжтой.
Метаверс нь цахим бараа үйлчилгээ санал болгодог шинэ компаниудад боломж нээгээд зогсохгүй биет бараа, үйлчилгээтэй тогтсон компаниудад ч шинэ суваг болж байгаа юм. Жишээлбэл, Nike компани RTFKT гэх NFT, блокчэйн, AR технологи ашиглан цахим цор ганц ширхэг пүүз болон төрөл бүрийн бүтээл хийдэг компанийг худалдаж авсан байна.
Тус компанийг худалдан авахаасаа өмнө Nike виртуал пүүз, хувцас үйлдвэрлэх, борлуулахад туслах зорилгоор долоон патентын өргөдөл гаргажээ. Мөн Nike болон Roblox нар мөн "Nikeland" хэмээх дижитал ертөнц дээр хамтран ажилласан байна. Тус ертөнцөд Nike-ын фенүүд хоорондоо холбогдож, тоглоом тоглон, аватарууддаа виртуал хувцас өмсгөх боломжтой гэнэ шүү.
Тоглоомчид, контент бүтээгчид, тоглоом хөгжүүлэгчдийн онлайн нийгэмлэг болох ORE System-ын гүйцэтгэх захирал Ник Донарски: "NFT болон блокчэйн нь дижитал өмчлөлийн үндсийг тавьж байна." хэмээн хэлсэн байна.
Виртуал, цахим орчинтой харилцах санаа нь нэлээдгүй олон жилийн нүүрийг үзээд байгаа хэдий ч бодит мэт мэдрэмж өгөх “жинхэнэ метаверс” бий болоход дахиад л цаг хугацаа шаардлагатай хэвээр байна. Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс тойм блогтоо бичсэн нийтлэлдээ: “Ихэнх хүмүүс өөрсдийнхөө илэрхийлэл, биеийн хэлэмж, дуу хоолойны чанарыг зөв тусгах VR нүдний шил, хөдөлгөөнийг бүртгэх бээлийгүй” гэдгийг тодотгоод байгаа юм.
Орчуулсан: Ч. Тэргэл
Сэтгэгдлүүд (0)