Өнгөрөгч 7 сард хөрөнгийн зах зээлд юу болоод өнгөрөв?

Ихэнх том компаниудын тайлан эерэг гарсан учир хөрөнгө оруулагчид таагүй мэдээнүүдийг үл хайхран, эрсдэл даах чадвар нэмэгдсэнээр хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгджээ.

Дэлхий дахинд компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулснаар хөрөнгийн зах зээл идэвхтэй байлаа. Хэдий олон улсын геополитикийн нөхцөл байдал, инфляцын түвшин өмнөхөөсөө дээрдээгүй ч компаниудын санхүүгийн тайлан таамгалснаас сайн гарсан тул хөрөнгийн зах зээлд ихээхэн өсөлт үзүүлсэн. Ихэнх том компаниудын тайлан эерэг гарсан учир хөрөнгө оруулагчид таагүй мэдээнүүдийг үл хайхран, эрсдэл даах чадвар нэмэгдсэнээр хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгджээ. 

ХНС (Холбооны Нөөцийн Сан буюу АНУ-ын Төв Банк)-ийн ерөнхийлөгч 7 сарын 26-ны мөнгөний бодлогын хурлаар хэрвээ инфляцын түвшин буурах юм бол бодлогын хүүг хүчтэй өсгөхгүй байх боломж бий гэсэн нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлсөн. Иймд, инфляцын түвшин 8 сард тогтворжсон мэдээ гарвал хөрөнгийн зах зээл нэмж сэргэх боломжтой болох нь ээ.

Тэгвэл манай дотоодын зах зээлд юу болж өнгөрөв?

2022 оны 6 сарын байдлаар Улсын инфляц жилийн 16.1%, Улаанбаатар хотын хэмжээнд 16.9%-тай байсан. Энэхүү өсөлтөд бензиний үнэ 62.9%,хүнсний үнийн өсөлт 18.9%-тай нөлөөлжээ.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2022 оны 6 сард $1,360 саяын ашигтай гарсан. Экспорт 6 сард  $5,308 сая хүрснээр өмнө жилээс 29% өссөн ба үүний 93%-ийг нь уул уурхай бүрдүүлжээ. Харин импорт $3,948 хүрсэн нь өмнө жилээс 21% өссөн ба нефтийн бүтээгдэхүүн үүний 19%-ийг нь эзэлжээ. 

Гадаад валютын нөөц 6 сарын байдлаар $3.1 тэрбум хүрсэн нь өмнөх сараас ердөө 0.9%-иар буурсны шалтгаан нь гадаад худалдааны тэнцэл эерэг гарсантай холбоотой байж магадгүй юм.

Он гарснаас хойш долларын ханш, төгрөгийн ханшийн эсрэг 10.9%-иар чангарч 7 сарын 25-ны Монголбанкны зарласан ханшаар ₮3,159.6 хүрчээ. 

7 сарын 21-ний байдлаар он гарснаас хойш 10.1 сая тонн нүүрс экспортолсноор өмнө оны мөн үеийн хэмжээнд хүрчээ. Монголбанк 7 сард нийт 9.3 тонн алт худалдан авсан. Мөн МХБ-ийн ТОП-20 индекс 7 сарын 27-ны байдлаар он гарснаас хойш 22.7%, MSE-A индекс 17.1%, MSE-B индекс 4.3%-иар унасан үзүүлэлт нь олон улсын хөрөнгийн зах зээлд уналт байгаа нөхцөл байдалтай нийцэж байна. Одоогоор хөрөнгө оруулагчид хувьцаанаас илүү бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна.

2022 оны 1 сараас 2022 оны 7 сарын 25-ны хооронд 29 удаагийн багцын арилжаа 14 компанийн хувьцаан дээр явагдаж, нийт ₮50.7 тэрбумын арилжаа хийгдсэн байна. 

Монгол улсын гадаад худалдааны тэнцэл $1,360 сая долларын ашигтай гарчээ

 

Монгол Улсын нийт экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол мал аж ахуй болон аж ахуйн үйлдвэрлэл нийлээд үлдсэн 7%-ийг нь бүрдүүлжээ. Экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, алт байсан бөгөөд БНХАУ-руу 82%, Швейцар улс руу 9%, ОХУ-руу 5%-ийг экспортолжээ. Импортын гол бүтээгдэхүүн дундаас нефтийн бүтээгдэхүүн 19%-ийг эзэлсэн бол хүнс 13%, барилгын материал 12.5%-ийг эзэлжээ. ОХУ 35%, БНХАУ 31%, Япон 9%-ийг импортолжээ.

Тэгвэл олон улсын зах зээлд юу болж өнгөрснийг харцгаая

АНУ-ын инфляцын түвшин 6 сард 9.1% гарснаар дээд цэгтээ хүрсэн байж магадгүй гэсэн найдлагыг хөрөнгө оруулагчдад өгчээ. Олон улсын таваарын зах зээл 6,7 саруудад ихээхэн уналт үзүүлсэн тул 8 сараас инфляц тогтворжиж эхлэх хандлагатай байна. АНУ-ын ДНБ-ний өсөлт 2 улирал дараалан сөрөг гарсан тул хоёр улирал дараалан унаснаар хямралд орсноор тооцох ёстой боловч ХНС болон засгийн газраас ажилгүйдлийн түвшин их сайн байгаа тул хямралд орсон гэж үзэхгүй байна. Эдийн засгийн хямралтай үед хүмүүсийн хөрөнгө мөнгө татардаг тул хөрөнгийн зах зээл ихэнхдээ унадаг.

АНУ-ын хувьцаанууд баавгайн зах зээлд орсон ч өсөлт үзүүлсээр байна  

 

АНУ-ын S&P 500 болон Nasdaq индексүүд 1 сарын оргил цэгээсээ 20-иос дээш хувь унаж баавгайн зах зээлд ороод байсан билээ. Гэвч 7 сард хүчтэй өсөлт үзүүлснээр 7 сарын 28-аар S&P 500 индекс 14.6%, Nasdaq индекс 23.1%, Dow Jones индекс 11.4%-ийн уналттай байна.  

Хэдийгээр олон улсын эдийн засгийн нөхцөл байдал өмнө жил төсөөлж байснаас тааруухан байгаа ч АНУ-ын ХНС бодлогын хүүг илүү багаар өсгөж магадгүй гэсэн мэдээгээр хөрөнгө оруулагчид хувьцаанд ихээр хөрөнгө оруулж байна.

Тэсвэртэй (defensive) хувьцаанууд болон үнэлгээ өндөртэй хувьцаанууд илүү өсөлттэй байгаа нь эдийн засгийн хүндрэл болон айдас байгааг харуулж байна

Энэ жилийн хөрөнгийн зах зээлд нэг нийтлэг ажиглагдаж байсан зүйл бол технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцаа буурсан явдал. Dow Jones индекс он гарснаас хойш 12%-иар унасан бол технологийн хувьцаа ихтэй Nasdaq индекс 25% унажээ. Харин сүүлийн 1 сард хөрөнгийн зах зээл сэргэхэд, Nasdaq индекс 11%-иар өссөн нь Dow Jones индексийн өсөлтийг бараг 2 нугалсантай тэнцэж байв. 

ЗГ-ын үнэт цаасны өгөөж буурсан нь энэхүү өсөлтөд ихээхэн нөлөөлсөн. Бодлогын хүү ихэнх өсөлтөө хийснээр технологийн хувьцаанууд өсөлт үзүүлсэн. Хямд үнэлгээтэй байсан хувьцаанууд энэ жил их өссөн тул шинжээчид технологийн хувьцаануудаас илүү хямд үнэлгээтэй хувьцаануудыг илүүд үзэж байна. 

Сэтгэгдлүүд (0)