Хэрхэн оновчтой арилжааны стратегитай болох вэ?

Арилжаа хийхэд эрсдэлийн удирдлага хамгийн их хөндөгддөг ба гол авч үзэх хэрэгтэй хүчин зүйл нь өөрийн арга барилд нийцэх стратегитай болоход оршдог.

Арилжаа хийх зөв арга барилтай болохын тулд хамгийн түрүүнд өөрийн хүрэх гэсэн санхүүгийн зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. Үүнийг олж мэдэхийн тулд тухайн хүн өөрийнхөө эрсдэл хүлээх чадвар, урт болоод богино хугацааны санхүүгийн хэрэгцээ, арилжаа хийснээр хөрөнгө оруулалтын багцаа хэрхэн өсгөх талаар ойлголттой байх шаардлагатай юм.

Анхлан суралцаж байгаа ч бай эсвэл одоо ашиглаж байгаа арга барилаа сайжруулах төлөвлөгөөтэй ч бай дээрх зүйлсийг сайтар тунгаан бодолцож үзсэний үндсэн дээр арилжаа хийснээр амжилтад хүрэх боломж илүү өндөр байх болно.

Хөрөнгө оруулагч та эхлээд өөрийнхөө эрсдэл даах чадвараа тодорхойлно уу

Арилжаа хийхэд эрсдэлийн удирдлага хамгийн их хөндөгддөг ба гол авч үзэх хэрэгтэй хүчин зүйл нь өөрийн арга барилд нийцэх стратегитай болоход оршдог. Таны эрсдэл хүлээх чадвар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж байдаг. Иймд та өөрийн санхүү болон амьдралын хэв маягтаа тааруулан эрсдэлийн удирдлагаа тогтмол тодорхойлж байх чухал.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг эрсдэл даах чадварыг тодорхойлох арга нь хэдий хугацаанд хөрөнгө оруулахаас хамаардаг. Хэрвээ та урт хугацаанд (10 жилээс их) хөрөнгө оруулж байгаа бол таны эрсдэл даах чадвар богино хугацаанд орж байгаа хүнийхээс илүү байна. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл урт хугацаандаа өсөж байдаг тул богино хугацааны ханшийн хэлбэлзэл бага нөлөөтэй байдаг. Харин богино хугацаанд (3 жил дотор) хөрөнгө оруулж байгаа бол илүү бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр, төрөлжүүлсэн багц бүрдүүлснээр эрсдэлээ удирдах боломжтой.

Эрсдэл удирдах дараагийн арга нь нэг компанийн хувьцаа нийт хөрөнгө оруулалтын багцын 10%-иас хэтрүүлэхгүй байх. Ингэснээр хэдий нэг компанийн хувьцаа унасан ч нийт хөрөнгө оруулалтын багцыг ихээр унагахгүй байх магадлал харьцангуй өндөр байх болно.

Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдалд таарсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн авах

Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хандлага хаашаа явж байгаатай уялдуулах арилжаа хийснээр таны хөрөнгө оруулалт илүү сайн гүйцэтгэлтэй байх болно. Зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд, та хөрөнгө оруулалтын багцаа дагуулж шинэчлэснээр хэлбэлзлийг даван туулж, уналтаас хамгаална.

Хувьцааны ханшийн хөдөлгөөн дээр техник шинжилгээ хийснээр оргил цэг дээр хувьцаанаас авахаас сэргийлнэ.

Ханш урт хугацаандаа ихэвчлэн өсөж байдаг ч богино хугацаанд хэлбэлзэх үе ихтэй байдаг. Иймд, сүүлийн хэдэн жилийн хугацаанд ханш хэрхэн хөдөлснийг сайтар шинжилснээр илүү оновчтой хөрөнгө оруулалт хийх боломжтой. Жишээлбэл, Таван толгой компанийн хувьцаа нүүрсний экспорт сүүлийн 2 жил асар багассантай холбоотойгоор хувьцааны ханш уналттай байсан юм. Харин 2022 оны хагас жилийн тайлангаар компани их хэмжээний нүүрс экспортолсноор орлого огцом өсөж ханш хурдтай өссөн. Үүгээр та хувьцааны ханшийг дундаж түвшнээсээ доогуур орсон байхад өсөх үндэслэл байгаа гэж үзэж байвал авч болно гэсэн үг.  

Сэтгэгдлүүд (0)