Монгол улс ба Гадаад өрийн дефолтын эрсдэл...

Эдийн засгийн хүндхэн цаг үед дефолтод орох эрсдэл хүчтэйгээр яригддаг бөгөөд өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд нь сул байсан.
 

1997 & 2016 & 2022

Хөх тэнгэрийн орон, Бөртэчину, Гоомаралын удамтай, тэртээ 860 жилийн өмнө дэлхийн талыг эзэлж явсан Монгол Улс XXI зуун, тэр дундаа манай улсыг дараагийн 4 жилийн дотор өрийн дефолтод орох эрсдэлтэй гэж Economist Intelligence Unit (EIU) Лаос, Мьянмартай цуг нэрлэсэн нь харамсалтай.

Кинон дээр их гардаг даа, хүн өрөнд орохоор – архинд ороод – амиа хорлох/үхэхээс өөр сонголт үлддэггүй шиг “улсын өрийн дефолт” гэдэг нь үнэхээр тийм ёроолын цэг мөн үү гэвэл “үгүй”.

1997: Ихэнх улс түүхэндээ ямар нэг байдлаар дефолт хийсэн байдаг, харин  манай улсын хувьд олон улсын санхүүгийн институцуудын үнэлгээгээр 1997 онд дотоод өрийн төлбөрийн дефолт хийж байснаас гадаад өр төлөөгүй дампуурсан гэх хар тамга одоогоор даруулсан удаагүй. (trends.mn)

2016: Эдийн засгийн хүндхэн цаг үед дефолтод орох эрсдэл хүчтэйгээр яригддаг бөгөөд өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд нь сул байсан. (mongolbank.mn)

2022: EIU байгууллагын нийтэлсэн тайлан (eiu.com), эдийн засгийн хямрал (ковид, дайнаас улбаатай инфляцын өсөлт, өрийн дарамт г.м)-аас үүдэлтэй өрийн дефолтод орох эсэх яриа, таамаг, судалгааны байр сууриуд идэвхтэй хөвөрсөөр.

Өр & Эрсдэл & Дефолт

Дефолтын ярианы онцлох шалтгаан бол гадаад өр. Sovereign default буюу тухайн улсын засгийн газар гадаад өрөө төлж чадахгүй байхыг өрийн дефолт гэдэг. Тэгвэл Монгол Улс үнэхээр гадаад өрийн дарамтад ороод өрийн “дефолт” зарлах эрсдэлтэй нүүр тулаад байгаа юу?

Өр: Тоон мэдээнээс харвал Монгол Улсын загийн газар нийт гадаад өрийн 25 хувийг эзэлж байгаа бол хамгийн их хувийг компани хоорондын зээллэг буюу Оюу толгой компани дийлэнх хэсгийг нь хариуцахаар байна.

Эндээс, нийт өрийн 33% орчим нь төрийн байгууллагуудын, үлдсэн 67% орчим нь хувийн хэвшлийн өр байна. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсын гадаад өр, 2022-1 Урьд.***, сая доллар (mongolbank.mn)

Эрсдэл: Гадаад өр яагаад асуудал үүсгэж магадгүй гэхээр ханш, инфляцын өсөлттэй холбоотойгоор өрийн хэмжээ тооцоолж байснаар илүүтэйгээр нэмэгдэж байна, ЗГ-ын өр дангаараа ДНБ-ий 78% орчимтой тэнцэж байна. Инфляцын өсөлт нэмэгдэх тутам ДНБ-ий өсөлт буурна, энэ нь өрөө төлөх чадамжид шууд нөлөөлөх нь гарцаагүй.

Улсын инфляц: 2021-07 сар – 2022-07 сар (mongolbank.mn)

Эсрэгээрээ өөр нэг сайн үзүүлэлт бол Монгол Улсын зээлжих зэрэглэл. Монгол улсын хувьд дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож, хөрөнгө босгох, эдийн засгийг хөгжлийг дэмжиж, тогтвортой өсөлтийг бий болгох, цаашлаад зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл нь чухал ач холбогдолтой үнэлгээ юм.

Credit rating: tradingeconomics.com/country-list/rating

Дефолт: Дээрх үзүүлэлтээс харвал ирэх оны эхний хагасын төгсгөлд инфляцаа зорилтот түвшин болох 6+/-1 хувь дээрээ барьж, валютын нөөцөө нэмэгдүүлж, эдийн засаг сэргэлттэй, ирэх онуудад төлөгдөх валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулах юм бол гадаад өрийн дефолтод орох эрсдэлийг Монгол Улс бүрэн даван туулах боломжтой харагдаж байна.

Нийтлэлийг: Э. Төртогтох

Сэтгэгдлүүд (0)