Хөрөнгийн зах зээлийн 8 сарын тойм

Он гарснаас хойш долларын ханш, төгрөгийн ханшийн эсрэг 12.3%-иар чангарч 8 сарын 31-ний Монголбанкны зарласан ханшаар ₮3,200 хүрчээ.

Дэлхий дахинд компаниуд хагас жилийнхээ тайланг энэ сард танилцуулж эхэлснээр хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхтэй байлаа. Хэдий олон улсын геополитикийн нөхцөл байдал, инфляцын түвшин өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй ч компаниудын санхүүгийн тайлангууд төсөөлж байснаас сайн гарсан тул хөрөнгийн зах зээлд ихээхэн өсөлт үзүүлээд байна. Ихэнх том компаниудын тайлан эерэг гарсан нь хөрөнгө оруулагчид таагүй мэдээнүүдийг үл хайхран, эрсдэл даах чадвар нэмэгдсэнээр хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол их идэвхжээд байна. 

ХНС-ийн ерөнхийлөгч 7 сарын 26-ны мөнгөний бодлогын хурлаар хэрвээ инфляцын түвшин буурах юм бол бодлогын хүүг хүчтэй өсгөхгүй байх боломж бий гэсэн нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлсөн. Иймд, инфляцын түвшин 8 сард тогтворжсон мэдээ гарвал хөрөнгийн зах зээл нэмж сэргэх боломжтой байна.

Дотоодын зах зээл

Монгол Улсын эдийн засаг 2022 оны эхний хагас жилд 1.9%-ийн өсөлттэй байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийн 6.3%-иас 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Бусад улсын адил дотоодын эдийн засаг саарч байна. 

2022 оны 7 сарын байдлаар Улсын инфляц жилийн 15.7%, Улаанбаатар хотын хэмжээнд 15.9%-тай байна. Өнгөрсөн сартай харьцуулахад 0.4% буурсан үзүүлэлттэй байна. 

Гадаад валютын нөөц 7 сард $2.8 тэрбум хүрснээр өмнөх сараас 7.1% огцом буурчээ. 

Он гарснаас хойш долларын ханш, төгрөгийн ханшийн эсрэг 12.3%-иар чангарч 8 сарын 31-ний Монголбанкны зарласан ханшаар ₮3,200 хүрчээ. 

МХБ-ийн ТOP-20 индекс 2022 оны эхнээс 8 сарын 31–ний хооронд 21.2%, MSE-A 16.6%, MSE-B 1.0%-иар тус тус унажээ. ТOP-20 индекс дотроос ердөө 5 хувьцааны ханш (MMX, INV, TCK, TTL, UID) оны эхнээс хойш өсөлттэй байжээ. 8 сард UID (+23.0%) хамгийн их өссөн бол AIC хувьцааны ханш (-15.9%) хамгийн их уналттай байв. 

 

МХБ-ийн ТОП-20 индекс 7 сарын 27-ны байдлаар он гарснаас хойш 22.7%, MSE-A индекс 17.1%, MSE-B индекс 4.3%-иар унасан үзүүлэлттэй байгаа нь олон улсын хөрөнгийн зах зээлд уналт байгаа нөхцөл байдалтай нийцэж байна. 

Хөрөнгийн зах зээл

Компаниудын хагас жилийн тайлан шинжээчдийн таамагласнаас харьцангуй дээгүүр байгаа нь хувьцааны ханш өсөхөд их нөлөөлсөн. 2022 оны доод ханшаасаа Dow Jones индекс 10.1%, Nasdaq индекс 15.0%, S&P 500 индекс 11.9% өссөн  байна. Шинжээчдийн дунд доод ханшаасаа 20-иос дээш хувь өссөн тохиолдолд ёроол ханш тогтсон гэж үздэг ба баавгайн зах зээл дуусаж, бухын зах зээл эхэлдэг гэдэг. Энэ байдлаараа хамгийн их унаад байсан Nasdaq индекс хамгийн түрүүнд ёроол ханшаа тогтоож магадгүй байна.

Олон улсын зах зээл

АНУ-ын инфляцын түвшин 6 сард 9.1% гарснаар дээд цэгтээ хүрсэн байж магадгүй гэсэн найдлагыг хөрөнгө оруулагчдад өгч байна. Олон улсын таваарын зах зээл 6, 7 саруудад ихээхэн уналт үзүүлсэн тул 8 сараас инфляц тогтворжиж эхлэх хандлагатай байна. АНУ-ын ДНБ-ний өсөлт 2 улирал дараалан сөрөг гарсан тул хоёр улирал дараалан унаснаар хямралд орсноор тооцох ёстой боловч ХНС болон засгийн газраас ажилгүйдлийн түвшин их сайн байгаа тул хямралд орсон гэж үзэхгүй байна. Эдийн засгийн хямралтай үед хүмүүсийн хөрөнгө мөнгө татардаг тул хөрөнгийн зах зээл ихэнхдээ унадаг.

АНУ-ын хувьцаанууд баавгайн зах зээлд орсон ч өсөлт үзүүлсээр байна  

 

АНУ-ын S&P 500 болон Nasdaq индексүүд 1 сарын оргил цэгээсээ 20-иос дээш хувь унаж баавгайн зах зээлд ороод байсан билээ. Гэвч 7 сард хүчтэй өсөлт үзүүлснээр 7 сарын 28-аар S&P 500 индекс 14.6%, Nasdaq индекс 23.1%, Dow Jones индекс 11.4%-ийн уналттай байна.  

 

Хэдийгээр олон улсын эдийн засгийн нөхцөл байдал өмнө жил төсөөлж байснаас тааруухан байгаа ч АНУ-ын ХНС бодлогын хүүг илүү багаар өсгөж магадгүй гэсэн мэдээгээр хөрөнгө оруулагчид хувьцаанд их хөрөнгө оруулж байна.

АНУ-ын II улирлын тайлан 0.9%-ийн уналттай гарав

 

Шинжээчдийн дунд аливаа эдийн засаг 2 улирал дараалан унасан тохиолдолд хямралд орсноор тооцдог. АНУ-ын эдийн засаг I улиралд 1.6% унасан бол II улиралд 0.9% унаснаар хямралд орчихлоо гэж харцгааж байна. 

 

Харин ХНС-ийн ерөнхийлөгч болон засгийн газар ажилгүйдлийн түвшин 3.6%-иас буугаагүй тул эдийн засаг харьцангуй сайн нөхцөлд байна гэж мэдэгдээд байгаа юм. Дээрээс нь ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо огцом өсөөгүй байгаа зэрэг нь дээрх үндэслэлийг дэмжиж өгч байна.

Валютын зах зээл: АНУ-ын доллароор хөрөнгөө хамгаалах сонголт болсоор байна

Олон улсын мөнгөн тэмдэгтүүд дундаас ам.доллар энэ жил хамгийн их өсөлт үзүүллээ. Долларын индекс (DXY) 106 нэгжид хүрснээр сүүлийн 10 жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн. Уг нь түүхэнд инфляц өндөр үед долларын худалдан авах чадварыг бууруулдаг зүй тогтолтой байсан. Харин энэ удаа инфляц өсөж байгаа, эдийн засгийн уналттай үед олон улсын хөрөнгө оруулагчид долларыг хамгийн аюулгүй гэж үзэн авч байна. Шинжээчид долларын ханшийг ойрын үед бодлогын хүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор чангарна гэж харж байна.

Хэсэг хугацааны дараа олон улсын эдийн засаг сэргэж, инфляцын түвшин буурсан үед долларын ханш буурч магадгүй. Доллар суларснаар АНУ-ын экспортод эергээр нөлөөлөхөөс гадна хурдтай өсөж буй эдийн засгийн улсуудад ээлтэй байдаг.

Сэтгэгдлүүд (0)