Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны мөнгөний бодлогын талаарх мэдэгдэлдээ инфляцыг зорилтот түвшин болох 6%-8% хүргэхийн тулд бодлогын хүүг 2 дахин нэмэгдүүлсэн бөгөөд цаашид дан ганц хатуу мөнгөний бодлого баримтлах нь хувийн секторт их гарз хохиролтойг онцолсон. Энэхүү мэдэгдэл нь Монголбанкийг цаашид бодлогын хүүг хэт хурдтай өсгөлгүй, харзнаж магадгүй гэсэн найдлага төрүүлж байна.
2022 оны 9 сарын байдлаар инфляц улс даяар 13.8% байгаа нь 6 сарын дээд хэмжээ болох 16.1%-иас 2.3 нэгжээр буусан байна. Инфляц ийнхүү 3 сар дараалан тогтмол буурч, цаашид ч буурах хандлагатай байгаа талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа 10 сарын 4-нд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Гадаад валютын нөөц 9 сард $2.8 тэрбум хүрснээр өмнөх сараас 3.7% өссөн байна. Гадаад валютын нөөц импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.
Төгрөгийн ханш он гарснаас хойш 18.7%-иар суларсан ба 10 сарын 25-ны Монголбанкнаас зарласан ханшаар ₮3,382 хүрчээ.
МХБ-ийн ТОП-20 индекс 10 сарын 26-ны байдлаар он гарснаас хойш -21.3%, MSE-A индекс -15.8%, MSE-B индекс -0.3% унасан үзүүлэлттэй байгаа боловч 10 сарын сүүлээр өсөлт үзүүлж эхэлсэн харагдаж байна. Гэвч инфляц зорилтот түвшин хүртэл бууж, төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээс нааш хөрөнгийн зах зээлд дорвитой сэргэлт ирэхгүй байх магадлал өндөр.
ТOP-20 индекс дотроос ердөө 5 хувьцааны ханш (UID, INV, TCK, TTL, MMX) оны эхнээс хойш өсөлттэй байжээ. 10 сард MNP (+34.8%) хамгийн их өссөн бол TUM хувьцааны ханш (-17.0%) хамгийн их уналттай байв. Сүүлийн 1 жилийн хугацаанд Инвескор ХК-ийн ханш хамгийн ихээр буюу 34.6%-иар өсжээ.Түмэн Шувуут ХК-ийн ханш он гарснаас хойш 54.7% унасан байгаа боловч 3 жилийн өмнөх ханшаасаа 108.2% илүү байгаа нь ирээдүйд өсөлт үзүүлэх потенциалтай байж магадгүй.
Багцын арилжаа
2022 оны 1 сараас 2022 оны 10 сарын 26-ны хооронд 33 удаагийн багцын арилжаа 16 компанийн хувьцаан дээр явагдаж, нийт ₮59.1 тэрбумын арилжаа хийгдсэн байна. Хамгийн сүүлд 10 сарын 24-нд АПУ компанийн хувьцаа нь дээр ₮5.0 тэрбумын арилжаа явагдсан. Нэгж хувьцаа нь ₮1,266-өөр арилжаалагдсан байна.
Сэнтрал Экспресс Си Ви Эс дээр өмнө хоёр удаа багцын арилжаа явагдсан ба үнийн дүнгээрээ АПУ-гийн дараагаас явж байна.
Инфляц 2022 оноос хойш огцом өссөн боловч сүүлийн 3 сар дараалан буурав.
Дотоодын инфляцын түвшин 2021 оны 3 сараас эхлэн хүчтэй өссөн нь хил, гаалийн удаашрал, геополитикийн асуудал заргаас хамааралтай байв. Манай улсын хувьд нийт инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна. Цаашид инфляцыг зорилтот түвшинд аваачихын тулд тээвэр логистикийн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх зэрэг нь том хувь нэмэртэй юм.
Монгол Улсын эдийн засаг 2022 ондоо 3%-ийн өсөлттэй, ирэх жил 4%-5% өснө гэж төсөөлжээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж, өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байсан талаар 2023 оны мөнгөн бодлогын мэдэгдэлдээ онцлов. Цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3%, ирэх онд 4%-5% өсөх тооцоололтой байна.
Эх сурвалж: Монголбанк
Шинжээчдийн зүгээс долларын ханшийг 2023 оны эхний улирал хүртэл чангарна гэж харж байгаа бол Японы төв банкнаас явуулж буй гадаад валютын интервенц долларын эсрэг иений ханшийг өсгөхөд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй болов уу гэж харж байна. Австралийн төв банк харьцангуй зөөлөн мөнгөний бодлого баримталж байгаагийн улмаас австрали долларын ханш суларч магадгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсаар байгаа тул тус улсын төв банкны зүгээс зөөлөн мөнгөний бодлого баримтална гэсэн хүлээлт нэмэгдсээр байна.
Долларын ханш дээд цэгтээ хүрэхээр тэмүүлсээр байна.
АНУ-ын инфляцын түвшин өнгөрсөн сард 8.2%-тай гарсан нь төв банкийг хатуу мөнгөний бодлого баримтлахыг дэмжсээр байна. Эрх баригчид бодлогын хүүг 4.50%-5.00% хооронд хүрч, тодорхой хугацаанд үргэлжилнэ гэж харжээ.
Харин шинжээчдийн зүгээс төв банкийг 11 сард 0.75%, 12 сард 0.50%, ирэх жилийн эхний улиралд 0.50%-иар өсгөнө гэсэн хүлээлттэй. Бодлогын хүү тогтмол өсөх хүлээлттэй байгаа нь долларын ханшийг өсгөх гол үүрэг гүйцэтгэсээр байна. АНУ-ын эдийн засаг 2023 онд хямралд орвол төв банк ирэх жилийн эцсээс наана бодлогын хүүг зөөлрүүлэх магадлал харагдахгүй байна.
Европын Холбооны төв банк бодлогын хүүг өсгөхөөс гадна балансаа бууруулж магадгүй.
Европын Холбооны дундаж инфляц 9.9%-тай байгаа нь төв банкийг бодлогын хүүгээ мөн адил нэмэхээс өөр аргагүйд хүргэсэн. Европын Холбооны ерөнхийлөгч инфляцыг гол асуудлаар аван бодлогын хүүг ирэх хэдэн хурлаар тогтмол өсгөхөө мэдэгдсэн. Шинжээчид 10 сард бодлогын хүү 0.75%, 12 сард 0.50%, 2 сард 0.50%-иар өсгөж, 2023 оны эхээр 2.50% хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна.
Бодлогын хүү ийнхүү хурдтай өсөж байгаа нь төв банкны зээлийн хүүгийн төлбөрийн зардлыг өсгөж байгаа тул 2.1 их наяд еврогийн өрөө яаралтай төлөх асуудалтай тулгарч байна. Хэрвээ энэ өрийг төлж эхэлбэл зах зээлийн хөрвөх чадвар буурч, хөрөнгийн зах зээл унах эрсдэлтэй.
Сэтгэгдлүүд (0)