Голомт банк өнгөрсөн Лхагва гарагт Санхүүгийн Зохицуулах Хорооноос нээлттэй компани болох зөвшөөрлөө авсантай холбогдуулан сүүлд IPO хийсэн Төрийн банктай харьцуулсан судалгааг хүргэж байна.
2022 оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад Голомт банкны нийт хөрөнгө 11% өссөн нь Төрийн банкны 1%-иар буурсан үзүүлэлтээс илүү байна.
Хоёр банкны өөрийн хөрөнгийн өсөлтийн хувь адил байгаа ч тоон дүнгээрээ Голомт банк 705 тэрбум төгрөгтэй байгаа нь илүү том банк болохыг харуулж байна. Голомт банкны өөрийн хөрөнгө өссөнөөр ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөжийн харьцаа 23%-иас 2022.III улиралд 12% болон буурахад нөлөөлсөн. Төрийн банкных ч мөн адил 25%-иас 17% болон буурсан.
Make it stand out
2022 оны III улиралд Төрийн банкны цэвэр ашиг 119% өссөн нь сайн үзүүлэлт боловч Голомт банкны цэвэр ашиг 344% өссөн нь илт давуу байна. Үүний шалтгаан нь Голомт банкны хүүгийн орлого 13% өсөж 480.9 тэрбум төгрөг хүрсэн бол хүүгийн зардал 258.1 тэрбум төгрөгөөс 218.5 тэрбум төгрөг болж 15%-иар буурсантай холбоотой байв.
Аливаа банкны эрсдэлийг зээлийн эрсдэлийн сангаас нь харж болдог. Голомт банкны хувьд зээлийн эрсдэлийн сан 208.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8%-иар өссөн нь Төрийн банктай харьцуулахад илүү их зээл нь эрсдэлд орсныг харуулж байна.
Богд банкны хувьцаа анх олон нийтэд санал болгохдоо нэгж хувьцааг ₮2,540-өөр гарч байсан бол 2022 оны 11 сарын 9-ний байдлаар 19%-ийн алдагдалтай байна. Хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш хамгийн ихдээ ₮2,595 хүрч байсан нь ердөө 2%-ийн өсөлт байжээ. Үүнээс харахад Богд банкны хувьцаа эзэмшигчид банкны IPO-өөс өгөөж хүртэж чадаагүй нь тодорхой байна.
Төрийн банкны хувьд анх IPO хийхдээ нэгж хувьцааг ₮590 гаргаж байсан. Хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр хамгийн ихдээ ₮1,038 хүрч байсан нь 76%-ийн өгөөж үзүүлсэн. 2022 оны 11 сарын 11-ний байдлаар ₮700.65-тай байгаа нь IPO-ийн ханшаасаа 19% илүү байгаа нь Богд банктай харьцуулахад одоохондоо илүү оновчтой хөрөнгө оруулалт байхаар харагдаж байна.
Голомт банк нь системийн нөлөө бүхий банкнуудынхаа дунд нийт активын 20% эзэлдэг топ-3 банкнуудын нэг билээ. Дээрээс нь цэвэр ашиг, нийт хөрөнгө нь Төрийн бакнаас илүү өссөн нь хувьцаа нь илүү өгөөжтэй байх магадлалыг өсгөж байна. Голомт банкны зүгээс IPO-той холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа цаашдын ашигт ажиллагаа нь илүү тодорхой болох тул хөрөнгө оруулагчдыг тэр болтол хүлээцтэй хандаж, судалгаагаа нарийн хийсний дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Сэтгэгдлүүд (0)