Хувьцааны ханшид нөлөөлөгч хүчин зүйлс

2022 онд хөрөнгийн зах зээлийг гол хөдөлгөсөн хүчин зүйл бол яах аргагүй өндөр инфляцын түвшин байсан.

Хувьцааны ханш зах зээлийн зарчмаар худалдан авагчдын эрэлт, борлуулагчдын нийлүүлэлт дээр тогтдог. Та хувьцааны ханшийг хөдөлгөхөд юу нөлөөлдөг болох талаар бодож байсан уу? Хэдийгээр хувьцааны ханшийг яг юунаас болж өсөхийг 100% баталгаатай хэлж хэн ч чадахгүй ч, үүнд ерөнхий 2 хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг.

1.      Суурь хүчин зүйл

2.      Техник хүчин зүйл

Суурь хүчин зүйлс:

Ном ёсоороо явагддаг зах зээлд ханш ихэвчлэн ашиг болон үнэлгээн дээр суурилж тогтдог. Жишээлбэл, нэгж хувьцаанд ногдох ашиг хөрөнгө оруулагчийн авсан хувьцаанаас хэдэн төгрөгийн ашиг хүртэж болохыг харуулдаг. Компани ашгийнхаа зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр олгодог бол үлдсэнээр нь дахин хөрөнгө оруулалт хийдэг. Бид компанийн ирээдүйд олох мөнгөн урсгалыг өнөөгийн ашиг болон төсөөлж буй ашгийн өсөлтөөр олж болно. Доорх зураг хувьцааны өнөөгийн үнэ цэнийг ирээдүйд олох мөнгөн урсгалыг хорогдуулах зарчмаар олсон.

Дүгнэлт: Хувьцааны ханшийн хөдөлгөөн ашгийн өсөлт, ирээдүйн өсөлтийн хувь, компанитай холбоотой эрсдэл дээр үндэслэж тогтдог.

Техник хүчин зүйлс:

Техник хүчин зүйлсэд эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг гадаад хүчин зүйлсийг хэлдэг. Эдгээр нь суурь хүчин зүйлсэд шууд бус байдлаар нөлөөлж байдаг. Жишээлбэл, эдийн засгийн өсөлт компанийн ашгийн өсөлтөд нөлөөлөх.

Инфляц

Өнгөрснөөс харахад бага инфляцын түвшин компанийн үнэлгээтэй хүчтэй урвуу хамааралтай байжээ. Энэ нь инфляцын түвшин бага байхад хувьцааны ханш өсөж, инфляц өсөхөд ханш унасан.

Зах зээл болон салбарын хандлага

Компанийн хувьцаа ихэнхдээ нийт зах зээл болон харьяалагдах салбарын үзүүлэлтээс шалтгаалдаг. Жишээлбэл, худалдааны салбарын төсөөлөл огцом унасан тохиолдолд худалдааны компанийн хувьцаа дагаад унах магадлал өндөр байдаг.

Хөрвөх чадвар

Хөрвөх чадвар нь хөрөнгө оруулагчдаас хэр их анхаарал татаж буйг харуулдаг. Хөрвөх чадвар ихтэй компанийн хувьцаа аливаа мэдээнд эмзэг байдаг. Иймд хөрөнгө оруулагчид хувьцааны арилжигдсан тоог харж байх нь оновчтой юм.

Мэдээ

Геополитик, улс хоорондын харилцаа, компанийн нэгдэл зэрэг нь хувьцаа болон хөрөнгийн зах зээлд ихээхэн нөлөөлдөг. Тодорхой компанитай холбоотой мэдээ хувьцааны ханшид нөлөөлж бас болно. Ихэвчлэн компанийн санхүүгийн тайлан эерэг гарахад хувьцааны ханш өсдөг.

Ийнхүү хувьцааны ханшид олон зүйл нөлөөлж болдог. 2022 онд хөрөнгийн зах зээлийг гол хөдөлгөсөн хүчин зүйл бол яах аргагүй өндөр инфляцын түвшин байсан. Дэлхий нийтээрээ хөл хорионоос гарснаар инфляц огцом өссөн тул олон улсын төв банкнууд бодлогын хүүгээ хурдтай өсгөсөн. Үүнээс болж хөрөнгийн зах зээл нэлээд уналттай тулгарсан тул хөрөнгө оруулагчид өртгөө дундажлах аргаар сар бүр тогтмол дүнгээр өөрийн санхүүгийн нөхцөл байдалд таарсан сайн компаниудын хувьцааг авснаар ирээдүйд өгөөж хүртэх боломжтой.

Сэтгэгдлүүд (0)