Хү Метаверст тоглолт урьд хожид байгаагүй бизнес модел болно

The HU хамтлагийн виртуал тоглолт нь Монголын соёлын экспортын үнэт бүтээгдэхүүний дээж болно

Үндэсний монгол урлагийн шинэ үе Метаверсийг сонгож байна, УРАГШАА!

Монгол бахархлуудын нэг, The HU хамтлаг Монголын виртуал ертөнцөд хэдийнээ нэрээ цуурайтуулж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөөд байна. Хамгийн сүүлийн мэдээлэл гэхэд л энэ сарын 30-ны өдөр метаверс дээр виртуал тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтыг хийхийн тулд тоглолтын гол зохион байгуулагч Ард Санхүүгийн Нэгдэл нь тус хамтлагтай хамтран ажилладаг Америкийн түншүүдтэй гэрээ хийж хүлээн зөвшөөрүүлэх зэргээр сүүлийн хагас жил гаруйн хугацаанд уйгагүй хичээл зүтгэл гаргасныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Тэдний зорилго нь Монгол үндэснийхээ өв соёл, түүхийг урлаг соёлын энэ төрлөөрөө дамжуулан дэлхийд таниулах гол ач холбогдолтой. Мэдээж үүний цаана урьд хожид байгаагүй бизнес модел болно гэдгээрээ өнөөгийн цаг үед чухал ач холбогдолтой. Энэ бол чамлахын аргагүй том дэвшил гэж хэлж болно. 

Технологийн хувьд блокчейн дээр үндэслэж байгаатай холбогдуулан ямар нэг хардлага болгоомжлол үүсгэхгүй байх. Блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT. Блокчейн бол дэлхий дээрх нэг том өгөгдлийн сан. Засварлах боломжгүй, нэг л орсон бол өөрчлөгдөхгүй, хөдлөхгүй гэсэн онцлогтой. Энэ давуу тал, онцлогийг нь ашиглаад давтагдашгүй зүйлсийг бүртгэе гэдэг нь ашиг хонжооны хэрэгсэл гэдгээс огт өөр зорилготой юм. 

Тийм ч учраас дуучид, уран бүтээлчид өөрийн нэрээр токен гаргаж өнөөдрийн биш ч маргаашийн үнэ цэнээ тогтоож, ирээдүйд олох ашиг орлогоо урьдчилан харж эхэллээ. Тэд фэйсбүүк, инстаграммд  Like, Share авахаас илүү үнэ цэнэ, үр ашгийг тооцоолчихсон гэсэн үг.  Үнэндээ тэр Like, Share-ээр яах ч юм билээ. Үүнийг тэд ойлгоод судалж эхэлсэн. Тиймээс ч эрэлт нь улам нэмэгдсээр байгаа юм. 

Метаверс буюу дижитал ертөнцөд монголчууд, Монголын урлагийнхан хоцорсонгүй. Магадгүй зарим улс орноос түрүүлж алхаж чадаж байна. Үүгээрээ дамжуулан дэлхий дахинд, виртуал ертөнцөд үндэсний урлагаа, түүхээ, өв соёлоо сурталчилж ийнхүү виртуал тоглолтоо хийх гэж байна. 

Дашрамд дурдахад The HU хамтлаг өнгөрсөн оны 11 сарын 25-ны өдөр Францын нийслэл Парис хот дахь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох Дэлхийн энхтайвны албан ёсны элч хамтлаг болсон билээ. Энэ бол яахын аргагүй Монгол бахархал мөн. Энэ бахархалт дуу нь  ирэх зургаадугаар сарын 15-18-нд болох хүнд метал рок хөгжмийн Hellfest фестивальд оролцохоор болсон. Бас нэгэн бахархал гэвэл Монголын The HU хамтлагийн This is Mongolia дууны клип нь алдарт Metal Hammer сэтгүүлээс гаргасан 2022 оны хөгжмийн видеоны шилдэг 10-т багтсан бөгөөд уг дуу нь Music.mxdwn.com хөгжмийн цахим сэтгүүлээс гаргасан  2022 оны шилдэг 40 дууны жагсаалтын 19-т бичигдсэн билээ.  Энэ мэтчилэн соёлын экспортын үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байгаа The HU хамтлаг маш богино хугацаанд олон улсад танигдаж, эдүгээ метаверс дээр виртуал тоглолтоо хийх гэж байгаа нь зөвхөн тус хамтлагийн төдийгүй Монголын соёлын баялаг, үндэсний бахархал юм гэдгийг түүхэнд тэмдэглэж онцлон дурдахгүй өнгөрөхийн аргагүй юм. 

Тоглолтын тасалбарыг: hu.rocks, idax, ArdShop

Сэтгэгдлүүд (0)