Блокчэйн нь эдийн засгийн гүйлгээний авлигад автахгүй цахим шилэн данс бөгөөд зөвхөн санхүүгийн гүйлгээ биш, үнэндээ бараг бүх үнэ цэн бүхий зүйлсийг бүртгэхээр програмчлагдах боломжтой сүлжээ юм.
Компьютерын сүлжээ даяар хэдэн зуун удаа давхардсан хүснэгтийг төсөөлөөд үз. Дараа нь, сүлжээ нь тэр хүснэгтийг байнга шинэчилж байхаар төлөвлөсөн гээд төсөөлөөд үзээрэй. Энэ нь л блокчэйныг илэрхийлэх үндсэн ойлголт юм.
Блокчэйнд байгаа мэдээлэл нь хамтын хэрэглээний, мөн байнгын зохицуулагдах өгөгдлийн сан хэлбэрээр оршино. Сүлжээг ийм хэлбэрээр ашиглах нь олон давуу талтай. Блокчэйны өгөгдлийн сан нь тогтсон нэг газарт хадгалагддаггүй, мэдээ баримтууд нь олон нийтэд нээлттэй бөгөөд амархан баталгаажуулагдах боломжтой байдаг.
Тэгэхээр хакерууд тогтсон нэг мэдээллийн төвлөрсөн сан руу халдаж чадахгүй гэсэн үг юм. Олон сая компьютерт байршдаг энэхүү мэдээллийн санд интернэт орчинд байгаа хэн ч хандах боломжтой.
Cloud storage буюу үүлэн хадгалалт /багтаамж/ - одоо ашиглагдаж буй iCloud, Dropbox, Google зэрэг үүлэн хадгалалтаар төвлөрсөн буюу нэг компани, байгууллага таны бүх мэдээллийг хадгалж байдаг. Харин блокчэйнээр дамжуулбал та хувийн мэдээллээ хэн нэгэнд даатгалгүйгээр өөрт хэрэгтэй багтаамжийг урьдчилан худалдан авч зөвхөн өөрөө л нэвтрэх боломжтой болох юм. Жишээ нь, storj.io, factom гэсэн төвлөрсөн бус мэдээлэл хадгалах үүлэн системүүд одоогоор ашиглагдаж байна.
Цахим ID /биеийн байцаалт/ - томоохон байгууллагууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнийг криптограф, нууц түлхүүр /Private key/, цахим гарын үсэг зэргийг ашигласнаар халах боломжтой юм. Блокчэйн дээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, оршин суух гэрчилгээ, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа гээд бүгдийг хадгалах боломжтой.
Ухаалаг гэрээ - Гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр та хэн нэгэнтэй гэрээ хийж болно. Жишээ нь, та байр худалдан авахдаа нөгөө талын хүнтэйгээ шууд ухаалаг хэлбэрээр гэрээгээ хийх, эсвэл хэн нэгэнтэй ирээдүйд тодорхой нөхцөл хангагдсаны дараа 100 доллар солилцоно гэдгээ оруулахад яг тэр нөхцөл биелсэн тохиолдолд тэр гүйлгээ хийгдэх зэргээр явагддаг байна.
Цахим санал хураалт - цахим хэлбэрээр, өндөр нууцлалтайгаар, итгэлтэйгээр саналаа өгөх нөхцөлийг блокчэйн бүрдүүлж чаджээ. Хамгийн анх 2014 онд Денмаркийн Либерал эвсэл нам блокчэйнээр санал хураалт явуулж байжээ. Улс орнууд сонгуулиа энэ хэлбэрээр явуулснаар зардлаа хэмнэхээс гадна, шударга байдлыг тогтоох боломжтой юм. Тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэх л үлдлээ.
Төвлөрсөн бус нотариат - өмнө нь зөвхөн нотариатчид л яг болсон үйл явдлыг яг болсон цагт нь баталж чаддаг байсан. Харин блокчэйн энэ тогтолцоог халж гүйлгээ, гэрээ эсвэл үйл явдлыг яг тэр цаг мөчид нь тамгалан, дахин өөрчлөх боломжгүйгээр хадгалах юм. Ямар их зардлыг хэмнэж болохыг та бодоод үз дээ. Гайхалтай байгаа биз.
Эх сурвалж: Цахим алт - 2 номоос
Сэтгэгдлүүд (0)