Монгол койнуудын 70-80% нь анхны зорилгодоо хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарна

Монголын нийгэмд хамгийн удаан хугацаанд “халуун” сэдэв болж буй, магадгүй цаашид ч байсаар байх виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон энэ төрлийн зах зээлийн талаар Олон Улсын Хуульч О.Батхүүгийн байр суурийг хүргэж байна.

О.Батхүү, Олон Улсын Хуульч

Монголын нийгэмд хамгийн удаан хугацаанд “халуун” сэдэв болж буй, магадгүй цаашид ч байсаар байх виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон энэ төрлийн зах зээлийн талаар Олон Улсын Хуульч О.Батхүүгийн байр суурийг хүргэж байна. 

Манай улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийг батлаад байгаа билээ. Таны зүгээс уг хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

Өмнө огт зохицуулалтгүй байсан гэж ойлгож болохгүй. Татвартай холбоотой хэсэг нь татварын хуулиар, зар сурталчилгаатай холбоотой хэсэг нь зар сурталчилгааны тухай хуулиар гэх мэтээр тодорхой хэмжээний зохицуулалттай байсан. Гэхдээ шинээр койн, токен гаргахтай холбоотой ямар нэг хориглосон заалт, зохицуулалт хуулинд байхгүй байсан болохоор дурын этгээд, ямар нэг шалгуургүйгээр койн, токен гаргах болсон нь тусгайлсан хууль батлах нэг үндэслэл болсон гэж боддог.

Хууль батлагдсанаар виртуал хөрөнгийн зах зээл илүү зохицуулалттай болж байна. Ингэснээр иргэдийн эрх ашиг илүү хамгаалагдана гэж ойлгож болно. 

Таны бодлоор хуулийн заалтууд одоогийн Монголын криптовалютын зах зээлийн нөхцөл байдалтай уялдаатай байж чадаж байна уу?

Дэлхийд криптовалютыг бүрэн зохицуулсан улс гэж байхгүй. Зарим улсад хориглосон, зарим нь хориглоогүй. Үлдэх хэсэг нь харзанасан байдалтай буюу юу ч хийхгүй харж байгаа. Манай улсын хувьд тусгай хууль гаргаж, зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаагаараа онцлог юм. 

Энэ хууль цаг үеийн шаардлагаар бий болсон, одоогийн нөхцөл байдалтай уялдсан хууль болсон гэж үзэж байгаа. 

АрдКойноос хойш манай зах зээлд ар араасаа маш олон койнууд нэвтрээд байсан бол сүүлийн 2 сар тасралтгүй ханшийн уналтыг үзүүлээд байна. Зах зээл дээр ийм олон койнууд нээлттэй байх нь хэрэглэгчдэд өргөн сонголт уу? Эсвэл эсрэгээрээ мэдлэг дутмаг үед эрсдэл үү? 

2021 оны сүүлээр Монгол Улсад койны бүүм болсныг бид бүгдээрээ мэднэ. Гэтэл өнөөдөр эдгээр койноос хэд нь үлдэв? Анх тавьж байсан зорилгодоо бүгд хүрсэн үү? гэж үзвэл 70-80 орчим хувь нь “чадаагүй” гэсэн дүгнэлт гарна. Учир нь койн гаргаж байгаа нь ч, авч байгаа нь ч үндсэн зорилго, ухагдахууныг бүрэн ойлгоогүй. Оруулсан мөнгөө богино хугацаанд хэд нугалж авах хэрэгсэл гэж харснаас болсон болов уу.

Нөгөө талаас whitepaper буюу төслийн зорилгодоо хүрэхээр шаргуу ажиллаж байгаа залуу, томоохон компаниуд бий. Тэдгээрийн нэг, мөс хагалагч, салбартаа тэргүүлэгч бол яалт ч үгүй Ард Санхүүгийн Нэгдэл. Тэдний хувьд өмнө нь банк, санхүүгийн зах зээлд ажиллаж байсан туршлагатай, олон зуун ажилтантай, тогтсон соёлтой институци. 

Миний мэдэж байгаагаар хэд хэдэн койн цагдаа, хуулийн байгууллагаар шалгагдаад эхэлсэн. Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид гэж хэдэн мянган хүн гарч ирж байсан шиг койны хохирогчид олноор гарч ирж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Бусад улс орнуудад виртуал хөрөнгийн орчны зохицуулалт өдгөө ямар түвшинд явж байна вэ? 

Криптовалют төвлөрсөн бус, аль нэг Засгийн газраас үл хамаардаг гэдэг утгаараа бүрэн зохицуулагдах боломжгүй. Харин татварын зорилгоор, хууль бус мөнгөн эргэлтэд хяналт тавих зорилгоор тусгай хуулиар зохицуулагдаж эхэлсэн. Хүлээн зөвшөөрөхийн хувьд харилцан адилгүй байгаа гэж үзэж болно. Зарим улсад шууд хориглож байгаа бол зарим улсад тодорхой хүрээнд буюу хувийн хэвшил нь чөлөөтэй ашиглаж байгаа. 

Тэгэхлээр бид дэлхийн чиг хандлагыг дагах нь зөв болов уу. Гэхдээ гарч болох эрсдэлийг бууруулах, зохицуулалтгүй орчноос хамааран иргэд хохирохоос сэргийлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэж үзэж байна. 

Виртуал хөрөнгийн хуулиар ямар төрлийн дижитал мөнгөн тэмдэгтүүдийг зохицуулах вэ? Зөвхөн койнууд уу? Секюрити токенуудыг хамаарах уу? 

Хуулинд тусгайлан, койн эсвэл токен гэж заагаагүй. Виртуал хөрөнгө гэдэг ерөнхий томъёоллын дор эдгээрийг нэгтгэсэн. Уг нь нарийвчлан үзвэл зөвхөн койн, токеноор хязгаарлагдахгүй өргөн, олон төрлийн хэрэгсэл бий. Гэхдээ хуулинд нарийвчлан заах нь зохимжгүй. Учир нь бидний ярилцаж байгаа койн, токен гэдэг ойлголт нэг мөр болж хэвшээгүй, цаашид яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. 

Хуулинд зарчмын асуудлыг тодорхойлж, нарийвчлсан асуудлыг дүрэм, журмаар зохицуулж болдог. Тиймээс Санхүүгийн Зохицуулах Хорооноос илүү нарийвчилсан дүрэм, журам батлан гаргах нь зөв гэж бодож байна.

Таны хувьд энэ төрлийн зах зээлд хэрэглэгчийн талаас оролцдог уу? Хэрэв тийм бол ямар зарчмыг баримтлан оролцдог вэ? 

Миний хувьд хөрөнгө оруулалт, гэрээ, олон улсын хуулиар судалгаа хийж энэ салбарт ажилладаг учраас хүссэн хүсээгүй холбогддог. Бид дэлхийн бусад улстай хөл нийлүүлэн алхахын тулд шинэ зах зээл, технологиос хоцрох хэрэггүй. Тэр тусмаа Монгол шиг цөөн хүн амтай, газар нутгийн хувьд алслагдмал, эдийн засаг нь уул уурхайгаас шууд хамааралтай улс аль болох олон эх үүсвэрээс орлого олдог байх ёстой. Миний хувьд идэвхтэй оролцогч гэхээс илүү зөвлөх байдлаар оролцдог гэж хэлж болно. 

Ямар нэгэн койн аваагүй Монгол хүн ховор үлджээ гэх хошин яриа сошиал орчинд явж байгаа харагдсан. Койн нийгэмд томоохон хэмжээний хошуурлыг бий болгоод амжлаа гэж бодож байна. Койн руу бүх хөрөнгөө оруулж байгаа иргэдэд ямар нэгэн анхааруулга, зөвлөгөө өгөөч гэвэл та юу хэлэх вэ?

Би эдийн засгийн юм уу, технологийн чиглэлийн эксперт биш болохоор нарийн зөвлөгөө өгч чадахгүй нь. Гэхдээ бизнесийн салбарт 20 жил ажилласан хуульчийн хувиар хэлэхэд, таниас татсан мөнгийг ямар нэг бизнест оруулах ёстой. Эсвэл илүү том зах зээлд, илүү олон хүний хэрэглээ болгох ёстой. Ингэж байж ашиг орлого олно. Орлого их олох тусам таны оруулсан хөрөнгийн үнэ цэн буюу койны чинь үнэ цэн өснө. Тиймээс койн авахын өмнө энэ мөнгө юунд зарцуулагдах гэж байна, ашгаа хэзээ өгөх вэ, таны мөнгийг удирдах хамт олон, компани хэр чадвартай вэ гэдгийг нарийн судлах ёстой. 

Дөнгөж 2 хоногийн өмнө байгуулагдсан компани, тодорхой хаяггүй этгээд хичнээн гоё нэртэй койн гаргаад, амлалт өглөө гээд төсөл нь амжилттай явахгүй. Тиймээс өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг хэнд өгөх вэ гэдэг шийдвэр гаргахын өмнө судалгаагаа сайн хийгээрэй л гэж хэлэх байна. 

Виртуал хөрөнгөтэй холбоотой хуульд нэмэлтээр оруулах шаардлагатай гэж үзсэн ямар нэгэн заалт санал болгооч гэвэл та юу санал болгох вэ? 

Койны үнэ ханшийг зохимлоор өсгөх, бууруулах зорилгоор manipulation хийхийг хуулиар хориглосон бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан бол хорих ял ногдуулахаар заасан байна. Мэдээлэлд ойр байгаа буюу койн, токен гаргасан этгээд зах зээлд хуурамч мэдээлэл тараах замаар үнийн зохимол хөөрөгдөл үүсгэх, эсвэл унагах замаар мэдээлэлгүй иргэдийг хамгаалах ач холбогдолтой заалт гэж үзэж болох юм.

Гэвч нөгөө талаас нарийвчлан зохицуулахгүй бол болохгүй. Учир нь койн гаргасан компани шал үнэ тогтоох зорилгоор олон нийтэд гаргасан койноо өөрсдөө худалдан авч болж байгаа. Гэтэл бага үнэтэй байхад нь их хэмжээгээр худалдан аваад, үнэ өсөхөөр нь буцааж зарж байгаа гэж харах үндэслэлтэй. Тэгэхлээр койн гаргагч нь ч тэр, хянадаг шалгадаг байгууллага нь ч тэр, иргэд ч мөн сая хэлсэн жишээг манюпиляц гэж үзэх үү, койны үнэ ханшаа хэт унахаас сэргийлэх арга хэмжээ гэх үү гэдгийг тогтооход хүндрэлтэй байдал үүсгэж байгаа юм. 

Тиймээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд дагалдан гарах олон тооны журам заавар дээр олон улсын туршлагыг судлах, олон нийтийн санаа бодол, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Ярилцлагыг: Б.Ганчимэг

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд