Криптовалютын эргэн тойронд болж буй шинэ мэдээллүүд

Сүүлийн үед Монголд гэлтгүй олон улсын крипто зах зээлд олон сонин содон мэдээллүүд ар араасаа цуварч гарч буй билээ. Тэгвэл уншигч та бүхэндээ уг зах зээлд болж өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Голдман Сакс (Goldman Sachs) нь Галакси Дижитал (Galaxy Digital) компанитай хамт анхны биткойн OTC арилжаа хийв

Голдман Сакс Групп нь хөрөнгө оруулалт, үнэт цаас, хөрөнгө оруулалтын удирдлага зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын банк юм. Хөрөнгө оруулалтын салбартаа 3-т ордог энэхүү компани нь бусдад жишиг тавин, Галакси Дижитал компанитай анхны Биткойн OTC арилжаа хийв.  

Украины Ерөнхийлөгч виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Тус улс болон ОХУ хооронд өрнөж буй зөрчилдөөнөөс үүдсэн үймээний үед улс орон, иргэдээ хамгаалах үйлсэд гадаад орнуудаас виртуал хөрөнгөөр  хандив цуглуулж байгаа билээ. Энэхүү хууль нь виртуал хөрөнгийн эрх зүйн байдал, ангилал, эзэмшил, зохицуулалтыг тодорхойлохоос гадна крипто үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэлийн шаардлагыг тогтооно хэмээн тус улсын Дижитал Хөгжлийн Яамнаас мэдэгдэл хийжээ.  

Дэлхийн ТОП эрсдэлийн сан болох Bridgewater нь криптод хөрөнгө оруулахаар болов

Bridgewater Ассоциац нь анхны крипто сангаа бий болгохоор бэлтгэж байна. $150 тэрбумын үнэлгээтэй дэлхийн хамгийн том эрсдэлийн сан нь криптод хөрөнгө оруулж байгаа нь хөрөнгийн төрлийг нухацтай авч үзэж байгаагийн тод дохио болж байна. Мөн тус сангийн үүсгэн байгуулагч Рэй Далио нь 2021 оны 5 сард Биткойнд хувиараа хөрөнгө оруулалт хийж байсан билээ. 

Crypto.com Катарт зохион байгуулагдах 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэхээр болжээ

2022 оны эхээр  Coinbase, FTX зэрэг виртуал хөрөнгийн биржүүд 2022 оны Супер Боул тоглолтын үеэр маш өндөр зардлаар сурталчилгаа явуулсан. Харин энэ удаад Crypto.com Катарт зохион байгуулагдах 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэхээр болсноо зарлалаа. 

Энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 11 сард зохион байгуулагдах ба Crypto.com-ын сурталчилгаа нь холбогдох бүх стадионуудын дотор болон гадна байршихаар болжээ. 

Энэ нь тус бирж спортын арга хэмжээг ивээн тэтгэж байгаа анхны тохиолдол биш юм. Crypto.com нь Австралийн хөлбөмбөгийн лигийг $25 саяар, Формула 1-ийг $100 саяар, Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг $125 саяар тус бүр ивээн тэтгэх гэрээ байгуулжээ. 

Харин Катар улс нь криптовалют болон дижитал хөрөнгөд тийм ч ээлтэй улс биш аж. Тус улсын төв банкнаас 2018 онд криптог хориглосон бол энэ шийдвэрээ 2022 онд мөн дахин баталжээ. Гэсэн хэдий ч Crypto.com нь дан ганц Катар улс бус дэлхийн олон оронд хүрч чадна гэж үзэж байгаа бололтой. 

Эх сурвалж: Cointelegraph

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд