Ард Даатгал ХК-ийн Дэд Захирал Н.Эрдэнэтулгатай ярилцлаа.
Даатгал бидний амьдралд яагаад хэрэгтэй байдаг вэ?
Хүний амьдралд, эрсдэл эргэн тойронд байдаг ба бид дасан зохицож амьдардаг жамтай. Цаг хугацаа явахын хэрээр хүмүүст тохиолдох эрсдэлийн нөхцөл, хэлбэр, мөн чанар нь өөрчлөгддөг. Энгийн амьдралтай холбон жишээлэхэд, аливаа хүнийг бага байхад нь аав ээж нь асран хамгаалчихна, цэцэрлэг сургуульд орох үе ирэхэд ирж очих замд тохиолдох эрсдэлийг эс тооцвол багш нь санаа тавиад зааж зөвлөчихдөг. Цаашлаад их, дээд сургууль төгсөж гэр бүлтэй болох зэргээр өөрөө өсөж томрох тусам тухайн хүнд учирч болох эрсдэлийн орчин болон төрлүүд нь өөрчлөгддөг гэсэн үг. Заавал хувь хүний амьдралд гэлтгүй бизнест ч мөн адил томоохон эрсдлүүд тулгардаг. Эрсдэл гэдэг маш өргөн хүрээтэй бөгөөд түүнийг багасгах, урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь “даатгал” юм. Даатгалд хамрагдснаар дундын сан үүсгэж, тэрхүү сангаасаа зовлонтой нүүр тулсан хэн нэгэндээ туслан, асуудлыг нь шийдэж өгдөг учраас гэнэтийн зүйл тохиолдоход айх сандрах зүйлгүйгээр асуудлаа тайвнаар шийдэх боломж үүсдэг.
Бусад улс орнуудын даатгалын системтэй харьцуулахад манай улс хэр “даатгалжсан” орон бэ?
Санхүүгийн сахилга бат, зохион байгуулалт сайтай, эрсдлийг тооцоолж, урьдчилан сэргийлдэг, даатгалын боловсрол сайн хөгжсөн улсуудад даатгал өндөр хөгжсөн байдаг. Ийм хөгжилд хүрэхийн тулд манай улс ч гэсэн хичээн ажиллаж, тодорхой хэмжээний үр дүн гаргасны тод жишээ бол улсаас хуулиараа зохицуулж өгсөн жолоочийн хариуцлагын даатгал юм. Жолоочийн хариуцлагын даатгалын онцлог нь автомашин жолоодогч нь бусдад тодорхой хэмжээний хохирол учрууллаа гэхэд шууд төлж өгөөд хохирлыг нь барагдуулах чадвартай хүн байхад тийм боломжгүй ч хүн байгаа учраас даатгалын сангаараа асуудлаа шийдүүлж, хуулийн шийтгэлээс хамгаалагдаж харилцан хохиролгүй болдог.
Даатгалын боловсрол гэж дурьдлаа. Манай улсад даатгалын боловсрол эзэмшсэн байдал ямар түвшинд байна вэ?
Манай улсад даатгалын боловсрол эзэмшсэн байдал харьцангуй сул. Санхүү, хуулиас гадна даатгалын мэргэжлээр боловсрол олгож буй сургуулиудад л ерөнхий эрдмийн болон нарийн мэргэшлийн хичээл болж ордгоос биш нийтийн даатгалын боловсрол тааруу байгаа. Гэвч хуулиараа зааж өгөн, зарчим болгон мөрдүүлж байгаа нь даатгуулах хэрэгтэй гэсэн сургалт болж өгдөг гэж боддог. Энэ утгаараа бид даатгалын нарийн мэдлэгтэй юу гэхээр үгүй боловч нөгөө талаараа хуулиараа зохицуулагдаад амьдрал дээр ашиглаж буйгаараа давуу талтай.
Ковид-19 дэлгэрч, санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэнээс хойш хүмүүс эрүүл мэнд, эрсдэлгүй байдал зэрэгтээ нилээд анхаарлаа хандуулж байх шиг?
Монголд гэлтгүй Олон улсын хэмжээнд, даатгалын зах зээл дээр энэ асуудал маш их яригдаж байгаа. Жишээлбэл, ковидоос хамааралтайгаар зарим байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдаж, хаагдснаас болж бизнест нь хохирол үүссэн тохиолдлууд ихээр гарсан. Гэтэл тэр хохирлыг нь барагдуулж өгөх үйлчилгээтэй, бизнес тасалдалтын даатгал гэж байдаг. Тэгэхээр, гэнэтийн тооцоолоогүй эрсдэлээс хамгаалж, тухайн компанийг аварч байгаа гэсэн үг. Хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох идэх, өмсөх, байр сууц гэх зэрэг хэрэгцээ байдагтай адил ирээдүйд учирч болох бүхнээс хамгаалахад даатгал нэн чухал байр суурь эзэлдэг.
Хувийн эрүүл мэндийн даатгал, улсынхаас юугаараа ялгааг тайлбарлана уу?
Манай улсын хувьд 2 төрлийн эрүүл мэндийн даатгал бий. Эхнийх нь, улсаас нийгмийн даатгалтай уялдуулж цалингаас хураамж суутгадаг даатгал. Энэ нь хүмүүсийн амьдралд хэдий хэрэг болдог ч гэсэн хамгаалах хязгаар нь харьцангуй бага байдаг учраас зарим талаараа эмчилгээ үйлчилгээг хангалттай авахад хүрэлцээ муутай гэж үздэг. Дараагийнх нь, арилжааны даатгал буюу хувийн хэвшлүүдэд хийгдэж буй даатгал. Үүний онцлог нь тухайн хүн үнэлгээгээ өөрөө сонгох боломжтой учраас даатгалд хамрагдах нь илүү сайн байдаг. Тиймээс тухайн хүн хэдэн төрлийн, хэр хэмжээний үйлчилгээ авахаа тодорхойлоод сонголтоо чөлөөтэй хийж болдог гэсэн үг. Нэг хэсэг, хүмүүс эд хөрөнгөнд шүтэж, өөрийн эзэмшлийн хөрөнгөө их даатгуулдаг байсан бол одоо эрүүл мэнд хамгийн эрхэм баялаг юм байна гэдгийг ойлгож, эрүүл мэндээ хамгаалахад анхаардаг болсон нь анзаарагдаж байгаа.
Сэтгэгдлүүд (0)