“Трэнд” сэдэв гэдэг тодорхойлолтоос “Дуусдаггүй” сэдэв гэх эгнээ рүү шилжээд буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Монголын Үндэсний Телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлгээс уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Бу.Гантулга, Гүйцэтгэх Захирал, Ардын Тэтгэврийн Данс ХХК
Асуудлын гол нь, гадны улс орнуудад иргэд нь тэтгэвэрт гарсан ч аз жаргалтай, хангалуун амьдраад болоод байхад Монголд эсрэгээрээ хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоод амьжиргааных нь түвшин хэд дахин багасчихдагт байгаа юм. Тухайлбал, тэтгэврийг сүүлийн 7 жилийн цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоочихдог нь бидний амьдралын чанарыг шууд 3 дахин бууруулж байдаг. Тэтгэвэрт гарсны маргаашаас эхлээд бид бүхэнд 3 дахин бага идэж уух уу, 3 дахин бага нийгмийн оролцоотой амьдрах уу гэдэг сонголтыг тулгадаг.
Дээрээс нь, Монголд 3 эрэгтэй тутмын 1, 4 эмэгтэй тутмын 1 нь тэтгэврийн наснаасаа өмнө нас барж байна. Гэтэл насаараа шимтгэл төлчихөөд 59 насандаа тухайн иргэн нас барахад түүнийгээ өвлөж авах ямар ч боломжгүй болдог.
Н.Учрал, УИХ-ын гишүүн
Миний хувьд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор удаа дараалан яриа өрнүүлсэн. УИХ-аас 2020 онд томилогдсон ажлын хэсэг тэтгэврийн шинэчлэлийг хийхийн тулд эхлээд эрхзүйн орчныг сайжруулъя гэдэг үүднээс зохих судалгаануудыг хийснээр хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг санаачилж, өргөн мэдүүлээд байна. Өнгөрсөн жилийн 11 сард хувийн тэтгэврийн хуулийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжсэн ч нийгмийн даатгалын багц хуультай хамтад нь хэлэлцэнэ гэдэг хүлээлттэй өдийг хүрсэн. Иргэдийн зүгээс энэхүү хуулийг хийж хэрэгжүүлэхийг биднээс байнга шаардахаас гадна тэтгэврийн зээл тэглэх, доод хэмжээг нэмэгдүүлэх зэргээр түр зуур аргацаасан, “косметик” засварууд хэрэггүй, тогтолцоогоор нь өөрчлөөч гэж хүссээр байна.
Өнөөдөр авч буй арга хэмжээ нь 2 жилийн дараа гэж тооцоход амьжиргааны түвшинд хүрэлцдэггүй. Хүн идэвхтэй ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө тэтгвэрт гарахдаа хангалуун амьдрах хэрэгтэй байтал манайд эсрэгээрээ байна.
До.Гантулга, Тэтгэврийн шинжээч
Хамгийн чухал нь, цалин орлогоосоо хуримтлуулсан мөнгө нь тэтгэврийн насныхны амьдралд хүрэлцэж байна уу гэдэг юм. Мэдээж хүрэлцэхээ байгаад “арга ядахдаа” тэтгэврийн доод хэмжээг 500,000 болгож өсгөлөө шүү дээ. Гэсэн ч энэ бол “шийдэл биш”, эсрэгээрээ “ядарсан арга” гэж хэлнэ. Учир нь, ихдээ 10 жил өнгөрөхөд л үнэ цэн нь ахиад 2 дахин буурна. Өнөөх л ажиллаж, хөдөлмөрлөж буй иргэдийнхээ шимтгэлээр тэтгэврээ олгосоор байх уу? Тэрнээс гадна ажил хийж байгаа хүмүүсийн шимтгэлээр тэтгэвэр тавиад ч хүрэлцдэггүй. Жил бүр ₮400-500 тэрбум дутдаг бол энэ жилээс эхлээд бүр ₮1.2 ихнаяд дутаж эхлэх нь. Түүнийг мөн л төсвөөсөө төлөхөөс аргагүйд хүрнэ. Ийм учраас шинэчлэл гэж яриад удлаа. “Шинэчлэл” гэдэг нь “хуримтлал” хийдэг буюу бодитой болгох тухай юм.
Г.Өнөрбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Төрөөс 2015 онд баталсан энэхүү бодлого нь маш дэвшилтэт бодлого байсан. Бидний өргөн барьсан хуулийн төсөл маань УИХ-аас гаргасан бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шинэчлэл хийхийг оролдож байгаа юм. Өргөн барьсан төсөл болон энэхүү бодлогын хүрээнд хамгийн чухал зүйл бол Монгол Улсад тогтолцооны өөрчлөлт хийе гэдэг асуудал юм. Залуусын төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр ахмадуудын тэтгэврийг төлдөг хуваарилалтын тогтолцоог өөрчилж, 1979 оноос хойш төрсөн хүмүүс хагас хуримтлалын тогтолцоо руу шилжье гэдэг хувилбарыг санал болгож байгаа. Энгийнээр тайлбарлахад, 1979 оноос хойш төрсөн хүмүүс “ямар хэмжээний шимтгэл төлсөн, түүнтэйгээ дүйцэхүйц тэтгэвэр авна” гэдэг шударга тогтолцоо юм. Энэ нь нийгэм, ард иргэдийн зүгээс хамгийн ихээр ирдэг санал, шүүмжлэл болох нийгмийн даатгалд төлсөн шигээ хэмжээний тэтгэвэр авч чадахгүй байна гэдэг асуудлыг шийдэх гарц гэж харж байна.
Х.Буянжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Үйлдвэрчний Эвлэл
Тэтгэвэр гэдэг бол хөдөлмөр эрхлэгчдийн ирээдүйн тухай асуудал. Монгол Улсад албан журмын даатгал төлөгч 1 сая гаруй хүн, 50 гаруй мянган ажил олгогч, сайн дурын даатгалд хамрагдагч 160 гаруй мянган хүн байна гэсэн тооцоо, судалгаа бий. Хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ямар нөхцөлд ажилладгаасаа хамаараад тэтгэвэрт гарахын өмнө болон гараад удалгүй нас барах тохиолдол их байдгаас хөдөлмөрийн үр шимээ тэтгэврийн сангаас хүртэж чадахгүйд хүрдэг. Иймээс тэтгэврийн шинэчлэл хийж, өвлөгддөг тогтолцоотой болгохоос гадна тооцоолох аргачлалыг нь өөрчлөх зайлшгүй хэрэгтэй.
Тоймыг: Б.Ганчимэг
Сэтгэгдлүүд (0)