Өнөөгийн тэтгэврийн тогтолцооны талаар залуус ямар бодолтой байна вэ? Тэдний дуу хоолойг сонсож, тэтгэврийн насаа хамтдаа төсөөлцгөөе.
Одоогийн тэтгэврийн даатгалын сангийн системээр авах мөнгө маань ирээдүйд хүрэлцэж чадахгүй. Нэгт, би улсад ажилладаггүй. Хувь хүний албан татвараа хувиараа алдаг оног төлдөг. Хоёрт, яг ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоолгохоо мэдэхгүй болохоор энэ төлсөн мөнгө маань хангалттай байж чадахгүй болов уу.
Тэтгэврийн насандаа, Монголын боловсролын салбарт шинийг санаачлагч болсон байх ба тэтгэвэрт гарсныхаа дараах амьдралаа хашаа байшин аваад, ая тухтай амар жимэр амьдарч буйгаар төсөөлж байна. Тэтгэврийн зээлээрээ аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй болгоныг авч, ногоо тарьж, байгальтайгаа ойр амьдармаар байна.
Одоогийн тогтолцоогоор тэтгэмж олгох юм бол түүгээр амьдралаа залгуулахад нэлээд бэрх байх болов уу. “Бид Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага байна уу, үгүй юу. Сар бүр Улсад төлж буй татвараа хувьдаа хадгаламж болгоод өсгөвөл 20-30 жилийн дараа гэхэд боломжийн мөнгө цугларч, түүнийгээ хэрэглэх болно. Татвар төлөөд л байдаг. Эргэж ирэхгүй татварыг бид Улсад шал дэмий өгөх ямар шаардлагатай юм” гэж бодох хүмүүс өнөөдрийн нийгэмд олон болсон. Иймд, одоогийн татварын системд судалгаа сайтай, уян хатан, үнэн зөв, амьдралд ойрхон шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна. Би тэтгэвэрт гарах үеэ их гэгээлгээр төсөөлдөг. Нийгэмдээ хүчин зүтгэсэн зүтгэлийг минь улс үнэн зөвөөр үнэлж, тухайн насан дээрээ санхүүгийн бэрхшээлгүй амьдрах байх. Тэтгэвэрт гарсныхаа дараа монголынхоо өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудаар эхнэртэйгээ хамт аялна.
Тэтгэвэрт гарах нь бидний амьдралын нэг хэсэг мөнөөс мөн учир тэр үе ирэх хүртэл залуус бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийж, энэ сэдвийн тухай мэдлэгтэй, үзэл бодолтой байж, дуу хоолойгоо хүргэх учиртай. Тэгж байж бид тэтгэвэртээ сэтгэл хангалуун гарна гэдэгт итгэлтэй байна. Нэг их тоо, тооцоолол ярих шаардлагагүй байх. Тэтгэвэрт гараад орлогын хэмжээ нь эрс буурдаг эмгэнэлт цаг үе, нөхцөл байдалд бид амьдарч байна. Энэ байдал цаашид хэрхэвч үргэлжлэх учиргүй. Одоогийн системээр бол олж байсан орлогынхоо тал мөнгөөр амьдар гэж байна шүү дээ.
Амьдралынхаа чанарыг тал хувиар бууруулах болж байна уу? Тийм болохоор одоогийн тогтолцоо хэвээр байх юм бол ирээдүйн тэтгэвэртээ санаа зовж байна.
Миний хувьд, ирээдүйд хангалттай хэмжээний тэтгэвэр авбал тухайн үед юу хүсч байна, тэр бүгдийгээ хийнэ дээ. Италийн өмнөд эрэг дээр байшинтай, бас дэлхийгээр аялаад явж байдаг болохыг хүсдэг.
Манай улс тэтгэврийн эргэн хуваарилалтдаа анхаарах цаг нь болсон гэж боддог. Учир нь, нийгэм маш хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байхад бодлогын систем нь хэвээр байгаад, хоцрогдоод байж болохгүй. Одоогийн системээр ирээдүйгээ төсөөлнө гэхэд бэрх санагдаж байна. Системээ өөрчлөх болов уу гэж л итгэж байна даа. Тэр үед тэтгэврийн зээл тэглэх тухай биш, эсрэгээрээ өндөр настнууд тэтгэврийн мөнгөө яаж өсгөж арвижуулах талаар боддог байвал нийгмийн баталгаат амьдрал бий болно.
Хэрвээ хүн бүр өндөр тэтгэвэр аваад эхэлбэл аажмаар нийгмийн амар амгалан байдалд эерэг нөлөөлж, аз жаргалтай, ядууралгүй, тэгш хэм бий болно гэж бодож байна. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ гадны улс орнуудаар болон Монголоороо аялж, олон сайхан дурсамж бүтээхийг хүснэ. Тэтгэвэрт гарах тухай бодох арай болоогүй ч төсөөлөхөд, аль болох эрүүл, боломжийн өндөр тэтгэвэртэй, үр ач нартаа жаахан ч болов хувь нэмэр болчихдог байвал зүгээр санагддаг.
Нийгмийн даатгалаа хэдийгээр өндөр төлдөг ч одоогийн системээр тэтгэвэрт гарвал санхүүгийн хувьд хангалттай байж чадахгүй гэж бодогддог. Аялах, хийе гэснээ хийх төлөвлөгөө маань санхүүгийн хувьд боогдоно. Магадгүй, зарим үед ойр дотныхоо хэн нэгэнд хүндрэл учруулж, санхүүгийн туслалцаа авах шаардлага ч үүсч мэднэ. Энэ нь миний хувьд жаахан таагүй зүйл.
Миний хувьд үр хүүхдүүддээ болон өөр хэн нэгэнд ямар нэг байдлаар хүндрэл учруулахгүй амьдрахыг л чухалчилдаг. Тиймээс олон орноор аялж, хүссэн бүх зүйлээ хийж амьдрахыг хүсдэг дээ. Ирээдүйд хэрвээ өндөр тэтгэвэр авбал аялаад л, хүссэн зүйлээ хийгээд л, бас зарим үед сайн үйлс хийж өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдарна гэж төсөөлдөг.
Сэтгэгдлүүд (0)