Н.Энэрэлсайхан, “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч
Гэр бүл бүрийг хамтад нь буйданд тухлуулж, хүчтэй оролцогчдын ширүүн өрсөлдөөнөөр сэтгэлийг нь хөгжөөж чадсан “The Voice Of Mongolia” шоунд Төрийн Соёрхолт Д.Болд шүүгчийн багийн авъяаслаг гишүүдийн нэг болон хүчээ сорьсон Н.Энэрэлсайхантай ярилцлаа. Түүнийг нэг үгээр тодорхойлбол “Хэрсүү” охин. Мэргэжлээ сонгосон шалтгаан, хувь хүний хөгжлийн тухай болон бусад сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцснаа хүргэж байгаадаа таатай байна.
Сайн уу, юуны өмнө ямар мэргэжлээр сурдгийг нь сонирхъё.
Сайн байна уу та, би Социологич мэргэжлээр сурдаг. Багаасаа нийгмийн эмзэг бүлэг рүү хандсан ажил хийхийг маш их хүсдэг байсан учраас энэ мэргэжлийг сонгосон. Анх хуулиар сурч, эрх нь зөрчигдөөд байгааг ч мэдэхгүй, өөрсдийнхөө төлөө үнэтэй хуульч хөлслөөд эрхээ хамгаалж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө ажиллахыг хүссэн ч түүний тулд маш их судалгаа хийж, тэднийг хаана, юунаас болж тийм зүйлд өртөж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэйг ойлгоод социологиор сурах шийдвэрээ гаргасан.
Орчин үеийн залуус хувь хүний хөгжилдөө их анхаардаг болсон. Чиний хувьд өөрийгөө хөгжүүлэх ямар хэв маягийг эрхэмлэдэг вэ?
Ямар ч хүнтэй аль ч сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг байх нь 21-р зууны залуучуудаас шаардагдаж байгаа чадвар гэж боддог. Тиймээс би бүх зүйлийг сайн мэддэг байх албагүй ч гэсэн бүх зүйлсийн талаар ямар нэгэн ойлголттой байх ёстой гэж үздэг болохоор хамгийн нэгдүгээрт ном уншихыг эрхэмлэдэг. Учир нь, ном бол бүх салбарын талаар ойлголтыг дотроо агуулж байдаг учраас танин мэдэхүйн талаасаа хамгийн том туслагч байдаг. Нөгөө талаасаа, 2-3 зүйлийг барьж аваад тултал нь хийгээд явах нь бас чухал гэж бодож байгаа. Миний хувьд, мэргэжил маань болох социологийн талаар ямар нэгэн судалгаа унших, бас хамгийн том сонирхол болох урлагийн сонирхлоо орхилгүй, дуулдаг байсан бол одоо бүжигчин болохыг хичээгээд явж байна. Тэгэхээр, чаддаг зүйлтэй, мөн мэддэг зүйлтэй байх нь өөрийгөө жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог.
Дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу охины хувьд эргэлзээ тээнэгэлзэл эсвэл хариулт нь тодорхойгүй олон асуултууд гарч байна уу?
Би өөрийгөө яг амьдралд хөл тавьсан гэж хэлж чадахгүй байхаа. Өөрийнхөө гэр бүлийн хүмүүжлийг зүйрлэхэд, би яг хүлэмжин дунд өсчихсөн юм шиг санагддаг юм. Ямар ч аюулгүй орчинд, бүх зүйлээр хангагдчихсан амьдрал. Харин их сургуульд ороод амьдрал руу жаахаан хөл тавьсан байх. Жишээ нь, сая The Voice шоунд оролцоход л хүлэмжнээсээ гарч, дэлхий ертөнцтэй танилцаж эхэлсэн гэж хэлж болно. Пөөх, хүмүүс ийм байдаг юмуу, заримдаа яагаад ийм байдаг юм бол? гэж бодогдох үе олон байсан. Гэхдээ хамгийн гол нь “өөрийгөө авч үлдэх” л чухал юм шиг санагдсан. Хүмүүс ямар сайхан, эсвэл ямар муухай байна вэ гэдгээс үл хамааран би гэдэг хүн хэн бэ, миний үнэ цэн юу юм бэ гэж өөрийгөө л танин мэдсэн байх юм бол бүх үед биеэ зөв аваад явчих юм байна гэж бодсон.
Сайн хүнээс суралцах хэрэгтэй, харин муу хүнийг хараад үзэн ядах биш, би ийм байж болохгүй юм байна шүү гэдгийг хараад л өнгөрөх хэрэгтэй байх. Бид энэ амьдралдаа бусдад хоёрхон талаараа үлгэр жишээ болох боломж байдаг.
Нэг нь, яг энэ хүн шиг болмоор байна, нөгөө нь, энэ хүн шиг л болохгүй юмсан гэсэн 2 зүйлээр л нөлөө үзүүлнэ. Тиймээс, би аль болох энэ хүн шиг болмоор байна гэдэг сэтгэгдэл төрүүлдэг хүн байх юмсан гэж хичээдэг. Тийм ч учраас өөрийгөө маш их хайрладаг. Миний үнэт зүйл бол энэ юм гэсэн зүйлээ хамгаалж үлдэхийг хүсдэг. Зарим тохиолдолд миний үнэт зүйл рүү дайрах, чиний буруу гэх зүйлс олон байдаг ч гэлээ энд би, Энэрэлсайхан гэдэг хүн өөрөө л байгаа учраас баттай зогсдог. Гэхдээ хүний үгийг сонсолгүй л яахав, ер нь хэнийг сонсож, үгийг нь дагах, хэн юу гэж хэлэхэд чихнийхээ хажуугаар өнгөрөөхөө ялгаж сурах хэрэгтэй байх.
Зөв хандлага, эерэг энерги гэж их ярьдаг шүү дээ. Чиний бодлоор энэ 2 ялгаатай ойлголт уу?
Би хувьдаа муу гэж боддог хүнийг өөр хэн нэгэн гоё хүн штээ гэж ярих тохиолдол байдаг шүү дээ. Тэр хүний намайг харах хандлага, мөн миний тэр хүнийг харах хандлага л чухал болов уу. Хүн бүрт өөр өөрийн гэсэн онцлог, төрмөл чанарууд байдаг гэж санагддаг. Зарим хүн угаасаа их өөдрөг байдаг бол зарим нь болж өгвөл л хар бараанаар харахыг урьтал болгодог. Тэгэхээр, тухайн хүний энерги, хандлага гэдэг бараг 70 хувьдаа нэг төрлийн зүйл байдаг бөгөөд салшгүй холбоотой байх гэж боддог. Хүнээс өөрийнх нь хандлага үнэртдэг гэж би ярих дуртай. Хүнтэй юм ярьж байхад л үнэртдэг. Ямар санаа зорилготой хүн бэ гэдэг нь төвөггүйхэн мэдрэгддэг. Тэр нь бодвол энерги нь байх.
Сошиал дээр анзаарахад хоёр туйлд хуваагдан талцаж, үнэн худлыг нь танихад бэрх мэдээллүүд их явдаг. Мэдээллийн шүүлтүүртэй байдалд хэрхэн ханддаг вэ?
Би нэг үг сонсож байсан юм. “Чи зөвлөгөөг нь сонсох гэж очихгүй хүнээс шүүмжлэлийг нь бүү хүлээж ав” гэдэг энэ үг миний санаанд байнга явдаг. Надад ч тийм зүйл тохиолдож байсан. Шоундаа оролцож байх үеэр нэг шатны дараа сэтгэл санаа нилээн хүнд, манай хамтлагийн охин бид 2 уйлсан. Тэгсэн Болд ах орж ирээд, яасан гэж асуусан. Аан хэдэн коммэнт уншаад.., уйчихлаа гэсэн чинь, юу ярьж байгаа юм, тэгээд 1000 коммэнт уншаад 1000 удаа уйлах юмуу, нүдгүй болно шүү дээ. Ноцсон нохой болгон луу хараад байх юм бол урдах замаа харахгүй биздээ? Зүгээр л урагш хараад яв гэж хэлсэн. Тэр үгийг бас их бодож явдаг.
Одоо хоёулаа ирээдүйн тухай ярилцъя. Чиний хувьд ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт юу байх вэ?
Ингэж асуухад, надад хамгийн түрүүнд надаас гарч байгаа цаг, мөнгө, хүч хөдөлмөр гээд надаас гарч байгаа бүх зүйлсээ юунд зарцуулж байгаагаас, эргээд би юунд хөрөнгө оруулж буйгаа харж болно гэж бодогдож байна. Тэгэхээр, үнэтэй цаг хугацаагаа юунд зарцуулж байгаа нь хамгийн чухал. Жишээ нь, би өдөржингөө нэг хүнтэй хов яриад сэлгүүцээд өнгөрөөчихвөл өөртөө ямар ч үр бүтээлгүй хормуудыг өнгөрөөж байна гэсэн үг.
Би ирээдүйгээ ингэж төсөөлдөг. Хамгийн энгийнээр, миний мэргэжлээ сонгосон шалтгаан нь үндсэн мэргэжилтэйгээ урлагийг хослуулж авч явахыг хүсдгийн учир нь, нийгмийн эмзэг бүлгийн төлөө ажилладаг олон мундаг хүмүүс байдаг ч тэр бүр үр дүнгээ өгөөд мундаг байдаггүй шиг санагддаг. Яагаад гэвэл, сэтгэл зүтгэл нь байсан ч дутагдаж байгаа зүйлс зөндөө байгаа юм байна гэх харсан. Юун түрүүнд хөрөнгө мөнгө, бусдын анхаарал татах чадвар зэрэг шаардагддаг. Бусдын анхаарлыг татаж байж, түүгээрээ дамжуулан олон хүмүүст нийгмийн тэдгээр орхигдсон хэсгийн дуу хоолойг хүргэж чадна шүү дээ. Тийм болохоор би тайзан дээр зогсож байхдаа үзэгчдийн анхаарлыг тэр чигт нь өөрийн зорилтот тэр хэсэг рүү хандуулахыг хүсдэг. Иймээс би энэ 2 зүйлээ заавал хамт авч явна, заавал нэгийг нь авч явна гэх юм бол аль нь ч миний хүсдэг гэрэлт ирээдүй биш болчихно. Хоёуланг нь авч явж байж л үр дүнтэй ажиллаж, хамгийн нөлөөтэй болж чадна гэж боддог. Товчхондоо, миний хүслийн гэрэлт ирээдүй бол мэдээж боловсролдоо хөрөнгө оруулах, мөн чанартай уран бүтээл хийж хүмүүст хүргэх нь нэн тэргүүний зорилт гэж хэлж болно.
Ирээдүй гээд ярихаар нэг асуултыг заавал асуумаар санагдлаа. Улсынхаа тэтгэврийн тогтолцоог хэрхэн дүгнэдэг вэ? Залуу үеийн төлөөлөл энэ тал дээр ямар үзэл бодолтой явдаг нь сонирхолтой байна.
Энэ сэдвийг залуучууд нэг их сонирхож үзэж байгаагүй байх. Уг нь бид нарт тэтгэврийн системийг сонирхох шалтгаан хангалттай байгаа гэж боддог. Нэгт, бид бүгд өвөө эмээтэй. Гэтэл бидний өвөө эмээ нар ямар системээр, яаж амьдраад яваад байна вэ? гэдгийг мэдэх ёстой. Хоёрт, бид ч бас хэдхэн жилийн дараа тэр насан дээр очно гэдгээ мэддэггүй. Өнөө маргаашаараа амьдарсаар байгаад нэг мэдэхэд бидний дуу хоолой чухал биш болчихсон байхад гэнэт ухаараад дуу хоолойгоо идэвхтэй хүргэж эхэлсэн ч тэр үед хэн ч биднийг сонсохыг хүсэхгүй болсон байх болно шүү дээ. Яг одоогоор Монголд нийт иргэдийн хэдэн хувь нь залуу үе билээ? Тэр залуус бүгдээрээ дуугарч эхэлбэл өөрчлөлтийг авчирч чадна гэж итгэдэг. Залуу байхдаа л тухайн зүйлийг сонирхож үзэлгүй, огт өөр зүйлсэд анхаарлаа хандуулж, зөвхөн өнөө маргаашаа бодоод явбал амьдралынхаа сайхан үе болох үр хүүхдүүдтэйгээ жаргах ёстой насан дээрээ очиход бидэнд юу ч байхгүй болчихно. Хичнээн дуугараад ч нэмэр байхгүй, төрөөс мөнгө гуйж авч байгаа ч юм шиг байхаар хэцүү л харагддаг. Залуус аль болох эртнээс энэ сэдвийг сонирхож эхлэх хэрэгтэй л дээ. Тэр дунд нь би өөрөө ч нэгэн дуу хоолой нь байх болно.
Би тэтгэврийн насаа төсөөлөхдөө, ач гучаа тойруулаад, санаа зовох юмгүй, хэдэн төгрөгөө хэрэгцээндээ хүргэчих юмсан даа гэдэгт биш, өөрт хэрэгтэй бүхнийг авч, өдөр тутмын амьдралаа хангалттай болгочихдог, хүүхдүүд ирлээ гэхэд тэднээс мөнгө авах биш, ач зээ нартаа дуртай юмаа ав гээд мөнгө өгөөд явуулчихдаг нэг тийм “күүл эмээ” болмоор байгаа байхгүй юу. Одоогийн Монголынхоо өвөө эмээ нарыг харахад хөөрхий амьтад хэдэн төгрөгөө яаж хүргэе гэж байтал заримынх нь үр хүүхдүүд хариуцлагагүй, дээрэлхүү, эцэг эхээ хайрлаж мэдэхгүй байх нь бас бий юм шиг санагддаг. Хамаг масс нь залуус байгаа учраас бид л дуу хоолойгоо хүргэх ёстой.
Манай уламжлалт асуулт болох хувийн санхүүгээ хэрхэн төлөвлөдөг вэ? Хэр санхүүгийн сахилга баттай вэ? гэдэг асуултанд хариулаад хоёулаа яриагаа өндөрлөе.
Санхүүгийн сахилга баттай гэж худлаа ярихгүй ээ. (инээв) Гэхдээ өөрийгөө яг юунд хамгийн их мөнгө үрээд байна гэдгээ анзаараад, нарийн тодорхойлдог. Бодоод үзэхээр, би гадуур хооллоход л хамгийн их мөнгө үрдэг байгаа юм. Ялангуяа сүүлийн 1 жил гэртээ бараг хооллох боломж гараагүй. Миний бодлоор илүү зүйлд мөнгө зарахгүй байх нь санхүүгийн сахилга баттай байдалд тооцогдох байх. Хичнээн буруу зүйлд үрчихсэн байсан ч гэсэн би яг юунд үрчихэв гэж тооцдог. Тооцохдоо, дэвтэртээ хэдэн төгрөг олоод, хэдийг хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд зарцуулснаа бичдэг. Бодох тусам, маш жижигхэн зүйлсэд их зарлага гаргасан байдаг. Жишээ нь, өмд авлаа гэж бодоход, тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохируулаад 25 мянгаар хямдхан өмд авчихдаг. Гэтэл өнөөх өмд нь дорхноо муудчихдаг болохоор 2,3 жилийн хугацаанд өчнөөн олон удаа 25 мянган төгрөгийн өмд авчихсан байдаг. Үүнтэй адил бидний ихэнх нь нэг удаа чанартай юм аваад 2,3 жилийн туршид өмсөж болох байжээ гэдгийг ойлгодоггүй юм шиг санагддаг. Санхүүгийн сахилга баттай болохыг ер нь хичээж л явна даа. Одооноос эмх цэгцтэй зарцуулаад, цаашид аав ээжийнхээ багаас маань үүсгэж өгсөн хадгаламжаас гадна өөрийн гэсэн хадгаламжтай болохыг хүсдэг. Хадгаламжтай байх нь маш ухаалаг амьдралын хэв маяг гэж боддог. Анзаарч байхад, нэг жишээ татъя л даа. Урлагийнхны ердөө нэг шинэ жилээр олж байгаа мөнгө нь миний төсөөлснөөс ч их юм билээ. Тэгсэн хэрнээ урлагийнхан өвдөхөөрөө ард түмнээс хандив хүсдэг. Тэгэхээр би боддог юм, энэ хүмүүс мөнгөө хааш нь хийсэн юм болоо гэж. Гэнэтийн зүйлс тохиолдоход тухайн эрсдэлээ даагаад гарах чадваргүй байвал санхүүгийн төлөвлөлтгүй хүнд тооцогдох болов уу. Энэ бүхнийг хараад гэнэтийн зүйлд зарцуулах хадгаламж их хэрэгтэй юм байна гэж бодсон.
Ярилцахад таатай байлаа, баярлалаа.
Н.Э: Танд ч бас баярлалаа.
Сэтгэгдлүүд (0)