Үндэсний Хувьчлалын Сан, Монголын Анхны Хамтын ХОС үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисон өдрөөс хойш амжилттай ажилласаар байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх 4тэрбум 750 сая төгрөгийн төлөвлөгөөгөө 17 хувиар давуулан биелүүлсэн бол хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр нэгж эрхийн арилжаа идэвхтэй хийгдэж, үнийн хувьд одоогоор 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн MSE.XOC тикертэйгээр арилжаалагддаг нэгж эрх нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн анхны өдрөө буюу 10 сарын 26-ны өдөр МХБ дээр хамгийн ихээр арилжаалагдсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн билээ. Гадны улс орнуудын хөрөнгийн зах зээлд гол ач холбогдол бүхий бүтээгдэхүүн хэдий ч манай улсын хувьд хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүн болох ХОС-ийн талаар салбарын мэргэжилтнүүдийн үзэл бодол, байр суурийг та бүхэнд хүргэе.
Ч. Ганхуяг, Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-ийн ТУЗ-ийн Дарга
Монголын Хөрөнгийн Бирж дээр зөвхөн хувьцаа бус, нэгж эрх зарагдаж эхэлснээр шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгийн анги гарч ирж байгаа юм. Зөвхөн хувьцаа аваад зогсохгүй хөрөнгийн тодорхой хэсгийг нь Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж болно. Мөн гадаадын бирж дээр Америк болон Канад доллар, фунт стерлингээр арилжаа хийх замаар төгрөгийн ханш унах эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнээс гадна уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гэх мэт салбар бүрийн компанийн хувьцааг цуглуулснаар эрсдэлийг саармагжуулж, зохистой харьцаа бий болгоно.
Хүмүүс хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө зөв зохистой удирдах сонирхолтой байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах мэдлэг, мэдээлэл, эдгээрийг судлах, олж авах зав чөлөө тэр бүр байдаггүй. Ер нь үндсэн ажлынхаа зэрэгцээ хөрөнгө оруулах нь тухайн хүнээс ихээхэн нөөц, хариуцлага шаардсан ажил байдаг. Тэгвэл ажил амьдралынхаа хажуугаар хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах боломжийг Хөрөнгө Оруулалтын Сан олгодог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүст мөнгөө өгснөөр тэд таны өмнөөс шийдвэр гарган, хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэн ажиллах юм. Нөгөө талаас бид есөн жилийн хугацаатай, хүүгүй эх үүсвэрийг баялаг бүтээгчдэд бэлдэж өгөх гэж байгаа юм. Энэ нь Монголд баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэнд том бөгөөд “шинэ” хөшүүрэг болно.
Хөрөнгө оруулагчийн шинэ төрөл хөрөнгийн бирж дээр ажиллаж эхэлснээр хувьцаа авчхаад гурав хоногийн дараа зарах гээд дайраад байна гэсэн үг биш юм. Байгууллагын тогтвортой хөрөнгө оруулагч буюу “Institutional investor” гэсэн “шинэ тоглогч” гарч ирж байна. Монголын Хөрөнгийн Биржийг 1990 онд байгуулж, үйл ажиллагаа нь дараа жилийнхээ намраас эхэлсэн. Их Хувьчлал буюу цэнхэр тасалбараар Монголын иргэд Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаанд тэгш оролцох замаар өмнөх нийгмийн үед бий болсон баялгийн эзэн болох боломж олгосон. Харамсалтай нь, үүнийг хүн болгон тэгш хүртэж чадаагүй. Тэгвэл одоо манай иргэд мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар хувьчлалд оролцох, түүнээсээ ашиг хүртэх боломж бүрдэж байна. Алдаагаа давтахгүйн тулд манайх шиг мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үүрэг, оролцоо өндөр байх ёстой. Энэ дэд бүтэц бий болоогүй байхад хувьчлал явагдсанаар өнөөгийн ядуу, баяны ялгаа үүсэх суурь тавигдсан гэхэд болно. “Монгол Шуудан” ХК-ийн хувьчлалаас иргэд тэгш оролцоо, түүнийг манлайлах мэргэжлийн байгууллага хэрэгтэй юм байна гэж харсан болов уу. Засгийн газар ч “Монгол Шуудан” ХК-ийн энэ хувьчлалаас хожсон. Мөнгөө бүрэн бүтэн авсан. Уг хувьчлалд оролцох хүсэлтэй бүх хүний эрхийг хангасан. Мөн хөрөнгийн хувьчлалд нэгдэж, нийлээд оролцвол адилхан л ашиг хүртэх боломжтойг хэвлэх үйлдвэрийн хувьчлал харуулсан.
Х.Алтай, Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх Захирал
Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 орчим жил боллоо. Гол дутагдаж байгаа зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудыг харахад, үндсэн нөхцөл нь урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ сайн хөгжиж, тэр дундаа урт хугацааны тэтгэврийн сангууд, хөрөнгө оруулалтын сангууд байдагтай холбоотой. Манай нийгэмд одоо дөнгөж хөгжиж эхэлж байна.
Хөрөнгө Оруулалтын Сан гэдэг нь зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авсан, зохицуулалттай этгээд. Энэ талаар Олон улсын практикыг харахад, жишээ нь, хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн Англи, Америк, Баруун Европын орнуудад ч иргэн бүр нь санхүүгийн мэдлэг нь төгс төгөлдөр байдаггүй. Гэтэл хөрөнгийн зах зээл нь яаж хөгжсөн байдаг вэ гэхээр, тэдгээр орнуудад мэргэжлийн хөрөнгө оруулалтын бааз нь буюу хөрөнгө оруулалтын сан, тэтгэвэр, даатгалын сангууд нь хөгжчихсөн байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн суурь бааз манайд мөн одоо л дөнгөж хөгжиж эхэлж байгаа.
Мөн нэгэнт хөрөнгө оруулалтын сан болон мэргэжлийн хөрөнгө оруулалтын бааз суурийн талаар ярихад тэтгэврийн шинэчлэлийг дурдахгүй байж болохгүй. Монголд тэтгэврийн шинэчлэл хийгдээгүй байгаагаас олон улсын жишгийн дагуу тэтгэврийн сангууд үүсээгүй байна. Саяхан УИХ-ын сонгууль болж өнгөрөөд, шинэ парламент бүрдсэн. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд тэтгэврийн шинэчлэл хийгдэнэ гэсэн бүрэн итгэлтэй байна. Ингэснээр, урт хугацааны хувийн тэтгэврийн сангууд үүсэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн сан гэдэг нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр олсон орлогоосоо шимтгэл төлөөд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Гэтэл одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо нь ийнхүү хөрөнгийн хуримтлалыг бий болгох, өсгөж нэмэгдүүлэх сан гэхээсээ илүү татвар маягтай болчихсон.
Тэгэхээр, энэ концепцыг өөрчилж, сонгодог утгаар нь тэтгэврийн сан, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтын сан, хувийн тэтгэврийн сангийн боломжийг бүрдүүлэх нэн шаардлагатай байна. Хөдөлмөр хийж, орлого олж байгаа иргэн бүр хуримтлал үүсгэх, нөгөө талаасаа урт хугацааны хуримтлалын сангууд үүссэнээр, хөрөнгийн зах зээлээр дамжуулан зах зээлийн хөрвөх чадвар сайжирна. Үндэсний томоохон компаниуд хувьцаагаа арилжаалах боломжтой болно. Иймд нэн даруй тэтгэврийн реформыг хийх шаардлагатай. Ингэж байж, Монгол Улс олон тулгуурт санхүүгийн бүтэц бүхий санхүүгийн зах зээлтэй болж, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэнэ.
Э.Амарбаясгалан, Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалт Эрхэлсэн Захирал
Сангийн хөрөнгө оруулалтаас ашиг хийх хамгийн сайн арга бол сар болгон тогтмол дүнгээр авч дундаж өртгөөр багцаа бүрдүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол богино зайн гүйлт биш урт хугацааны марафон бөгөөд тэмцээнд түрүүлэх биш, бариандаа найдвартай ирэхийг ухаалаг хөрөнгө оруулагчид зорьдог. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл мөнгийг өөртөө ажиллуулж сурах хэрэгтэй. Чинээлэг хүмүүс мөнгийг өөртөө ажиллуулж хүүгийн орлого олдог бол бусад нь ихэвчлэн мөнгөний боол болж, хүүгийн дарамтад амьдардаг. Мөнгийг өөртөө ажиллуулах хамгийн энгийн арга бол Хөрөнгө Оруулалтын Сан юм.
Иргэдийн хувьд ийнхүү мэргэжлийн багаар удирдуулж хөрөнгийн зах зээлд оролцсноор хөрөнгөө илүү амжилттай залах боломж бий болж байна гэж үзэж болно. Төрөлжүүлсэн багцыг бухал өвстэй зүйрлэвэл, гялалзсан амжилт үзүүлэх компанийн хувьцаа нь бухал дотор нуугдах зүү юм. Бухал өвснөөс зүү эрж олох бараг боломжгүй байдаг бол бухлыг тэр чигээр нь хямд өртгөөр авах боломжийг хөрөнгө оруулалтын сан өгдөг. Хямд өртөг гэснээс ХОС гадаадын бирж дээр хөрөнгө оруулах боломжийг маш хямдаар нэгж эрх эзэмшигчдэдээ өгнө. Жишээ нь, гадаад арилжаанд орох сонирхолтой хүмүүс гадаад руу мөнгөө банкаар гуйвуулахаас авахуулаад өндөр зардал төлдөг. Сан ийм шимтгэл авдаггүй. Мөн бага дүнгээр хөрөнгө оруулах боломжтой хүмүүст болон их дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүст ч олддог боломжуудыг санал болгодог.
Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж. Тэгэхээр хэрвээ та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол богино зайн гүйлт биш урт хугацааны марафон бөгөөд тэмцээнд түрүүлэх биш, бариандаа найдвартай ирэхийг ухаалаг хөрөнгө оруулагчид зорьдог.
Ч. Хандаа, Үндэсний Хувьчлалын Сангийн Менежер
Иргэд маань их мөнгөөр хувьчлалд оролцох боломж тэр бүр байхгүй, харин олуулаа хөрөнгөө нэгтгэж, хамтдаа томоохон компанийн хувьчлалд оролцох боломжтой. Иймээс бид төрийн өмчит компаниудын хувьчлалд ард иргэдээ уриалан оролцуулснаар Монгол хүн - Улсынхаа баялгийн жинхэнэ эзэн болох боломжийг нээж өгөхөөр зорьж байна. Хувьчлал гэдэг нь улсын хөрөнгийг ард иргэдэд эзэмшүүлж байгаа нэг арга бөгөөд хувьчлалаас хүмүүс урт хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтой.
Анх 1774 онд Нидерланд улсад Хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэн түүхтэй. Тухайн үед Европт 20 орчим банк, олон зуун компани дампуурсан. Энэ хямралаас хохирол амссан хөрөнгө оруулагчид зөвхөн нэг газар мөнгөө хадгалах, нэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл хайж эхэлсэн нь Хамтын хөрөнгө оруулалтын сан үүсэх эхлэлийг тавьсан. Үүнээс хойш тус сан дэлхий дахинд хамгийн эрэлттэй, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадсан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилах зарчмаар ажилладаг. Тэгвэл дэлхийд хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээс хойш 250 жилийн дараа Монгол улсад Анхны Хамтын ХОС үүсэж, Монголын ард иргэд маань Санд хөрөнгө оруулалт хийх боломж бодит биелэлээ оллоо.
Сэтгэгдлүүд (0)