Ганц үгээр тэр яг цахилгаан шиг!

...Туйлын үнэн гэж байдаггүй Хэрэв хүн өөрийн үнэнийг тунхаглаж чадахгүй бол бусдын үнэнийг дагахаас аргагүй болно. Энэ амаргүй.
100.jpg

Ноён Ган

“...Туйлын үнэн гэж байдаггүй Хэрэв хүн өөрийн үнэнийг тунхаглаж чадахгүй бол бусдын үнэнийг дагахаас аргагүй болно. Энэ амаргүй. Амаргүй учраас цөөн хэсэг нь жим гаргаж, дийлэнх нь түүнийг даган алхдаг буюу. Харин Ноён Ган бол тэр цөөнхийн нэг. Хэрэв та түүний намтрыг уншвал олон олон салаа жимийн  эхэн дээр буйг нь харах болно” хэмээн сэтгүүлч Ж.Тэгшжаргал бичсэн удаатай. Тэгээд түүнийг “Маргаашийн хүн” хэмээн нэрийдсэн. Монголын банк санхүүгийн салбарт томоохон “вант улс”-ыг бий болгохын сацуу хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллагыг бий болгож явсан юм. Хийж бүтээсэн, санаачилсан бүхнээс нь харвал аливаад үргэлж л шинийг санаачлагч, анхдагч байж ирсэн учраас “Мөс хагалагч” гэж цоллогдох нь ч бий. 

Нэгэн цагт шуугиулж шүтэн бишрэгдэж явсан үе түүнд байхад уруудан доройтож, нэр хүндээ алдаж үзсэн ч удаатай. Түүний бизнесийн уналт амжилт ажил, амьдралын замнал олон хүний нүдэн дээр ил өрнөж байдаг. Тэр бол Монголын банк санхүүгийн салбарт цуутай бизнесмен төдийгүй Монголын шилдэг банкируудын нэг.

Гаднаасаа цэмцгэр, бас хямсгар харагддаг түүний шаардлагад нийцэж хамтарч ажиллана гэдэг хэн бүхэнд амар биш юм. Аливаад төгс рүү тэмүүлэгч учраас жижиг зүйлээс ч өө сэвийг өлхөн олж харна, голж шилнэ, шүүж шүүмжилнэ. Асар хурдтай, эрч хүчтэй, тэр хурдныхаа хэмнэлд хэнийг ч чирч бас үрж мэднэ. Тэр уулзсан хүнээ нэвт уншиж, хормын дотор дүгнэж чаддаг төдийгүй нээлттэй зангаараа бусдыг өөртөө соронзон мэт татаж ч чаддаг, эсрэгээрээ эргэж харьцахгүй болтол түлхэж ч чаддаг амаргүй хүн.

Дүр эсгэж чаддаггүй, хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг, өнгөц харахад нилээд хэдэр ёдор ч юм шиг харагдах түүнтэй хүмүүс найз болохоосоо илүү халгаж дөлөх нь олон. Хэн нэгэнд таалагдчих юмсан, эвтэйхэн сэтгэгдэл төрүүлчих юмсан гэсэн хиймэл төрх түүнд байхгүй, зохих ч үгүй. Гэхдээ харьцахад энгийн бөгөөд ойлгомжтой, зарчимч бөгөөд шударга, хөдөлмөрч бас ухаалаг түүнийг хүмүүс харизмтай гэх нь бий. Эрч хүч, эрдэм мэдлэг, бас үл ялиг ихэрхэг зан түүнээс нэвт үнэртэнэ. Ганц үгээр дүрсэл гэвэл тэр яг цахилгаан шиг.

 

Золзаяа

Харин би бол өнөөгийн нийгэмд амьдарч буй мянга мянган эгэл монгол залуусын нэг, 80-аад оны төлөөлөл. Монголдоо төрж өсч, амьдарч, ажиллаж л явна. Миний тухай онцын сонин зүйл бараг байхгүй. Хийж бүтээсэн гавьяа минь энэ байна гээд үзүүлж харуулан, бариулчих зүйл хараахан алга. Өөрийнхөө хэмжээнд, бусдын л адил ажиллаж, амьдраад л явж буй жирийн нэг эмэгтэй. Гэхдээ хүсэл эрмэлзэл дүүрэн, гэнэн дэврүүн нэгэн. 

Анх 2012 онд, хамгийн сайн найз болох Цогт гэдэг залуутай хамтраад “Pro Motion Craft” студийг үүсгэн байгуулж, бусад идэвхтэй залуусын адил түрийвч нимгэн ч мөрөөдөл дүүрэн, гарааны бизнесээ эхлүүлж байлаа. Бид тайлбар видео хийдэг үйлчилгээ үзүүлж эхлэв. Гол ажил маань захиалагч талаас ирсэн ямар ч хэцүү төвөгтэй санааг энгийн ойлгомжтой, сонирхолтой болгож хувиргаад түүнийгээ 1-2 минутын видео контент болгож өгөхдөө голдуу 2D анимэйшн ашиглан тайлбар видеогоо хийж гүйцэтгэдэг юм. Энэ бол миний сэдэж олсон бизнес санаа байлаа. 

Харин хоёр жилийн өмнөөс Цогт маань өөрийн явах чиглэл, алсын хараагаа тодорхойлж, веб болон гар утасны програмын (UX&UI) дизайны салбарт эргэлт буцалтгүй орж өөрийнхөө сонирхол, мөрөөдлийн ажлаа олсноор бид дахин нэг шинэ үйлчилгээг бизнесүүдэд санал болгож эхлэв.

Ингэснээр миний хувьд видео багаа ганцаараа хариуцан ажиллуулах болсондоо баяртай байв. Яг өөрийнхөө санаагаар, хүслээрээ багаа ахлаж, видео контентуудаа гардаж бүтээнэ гэхээс эрч хүч, эрх чөлөө амтагдаж, бяцхан амбиц ханхлуулж байлаа. Баг маань ч байнгын ажилтай, захиалгаар тасрахгүй дажгүй л байв. Гэвч удалгүй нэг л зүйл болохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болов. Юу гэхээр, би өөрийгөө аз жаргалгүй, нэг л стресстэй байгаагаа анзаарч эхэллээ.

Өглөөнөөс орой болтол завгүй ажиллаж байгаа би юунд ингэж бухимдана вэ? Би яг юуг буруу хийгээд байна вэ? Эсвэл Цогт маань өөр алсын хараатай болж, миний ажилд оролцохгүй болсноос би ганцаардаж байна уу?

Ингэх явцдаа өөртөө ментор хайж эхлэв. Менторуудын амьдралын туршлага, алдаа онооны талаарх зөвлөмжүүд юу юунаас илүү үнэ цэнтэй бөгөөд тэд алдааг урьдчилан харж, эрсдэлийг багасгаж өгнө гэдэгт би итгэж байлаа. Ингээд ажлынхаа хажуугаар салбар салбарт амжилттай яваа 50 орчим бизнесментэй уулзаж, 6 сарын турш туршлага судлав. Тэднээс урьдчилан бэлдсэн 14 асуултыг асуусан бөгөөд тэдний хариултаас туршлагатай бизнесменүүдийн алдаа оноо, зөвлөмж, өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ өргөжүүлэх арга барилгаас суралцсан юм. Тэдгээр туршлагыг өөртөө олж мэдээд зогсохгүй бусдад ч бас хуваалцах хүсэл, зорилго байсан тул түүнийгээ эмхтгээд “Өгсөх зам” нэртэй ном болгон хэвлүүлсэн билээ.

Хэдийгээр “Өгсөх зам” ном надад үнэхээр их зүйлийг өгсөн ч арай ч өөрийн үүсгэн байгуулалцсан компаниа орхих шийдвэр гаргах хэмжээд хүчтэй нөлөөлнө чинээ санаагүй юм. Гэнэн ч юм шиг, зарим талаар тэнэг ч юм шиг миний асуултуудад тулхтай, амжилттай бизнесменүүдийн өгсөн хариултууд намайг хурцалж, мэдлэг мэдээлэл, бизнесийн туршлага өгч байсан ч нэг талаар өөрийгөө голох дундуурхал, нөгөө талаар илүүд тэмүүлэх эрх хүчийг тархи зүрх рүү хамтад нь  цутгасан юм. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө ямар ч зорилгогүй, алсын хараагүй удирдагч гэдгээ “Өгсөх зам” номоос л ойлгосон билээ. Бусдын тухай бичсэн өөрийнхөө номоос өөрийн сул тал, алдаа дутагдлаа олж харах тийм ч сайхан мэдрэмж биш гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд