Бид уншигчдадаа санхүүгийн боловсрол олгохоос гадна хувь хүний хөгжил, төлөвшилд хандсан сонирхолтой нийтлэл ярилцлагуудыг хүргэдэг билээ. Өөр өөрийн арга барилаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, амжилттай яваа бизнесменүүд болон нийтэд үлгэрлэх хэн бүхнийг онцлон, хувийн туршлагаас нь хуваалцан хүргэх нь та бүхэнд сонирхолтой байх болов уу. Ард Академийн уншигчидтай маань өөрийн үзэл бодол хийгээд санхүүгийн зарчмуудаа хуваалцах зочин, Метро Девелопмент Группын Ерөнхийлөгч Б.Одсүрэнгийн ярилцлагыг хүргэж байгаадаа таатай байна.
Хүний амьдралд эрхэмлэх зүйлс багагүй. Гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд гээд олон эрхэм нандин зүйлс бий. Яг хувь хүн дээр ярихад, хүний амьдралын цаг хугацаа маш эрхэм юм. Цаг хугацааг цэнэглэгч зайтай жишиж болно, цэнэгээ алдаад хогийн саванд хаягддаг шиг хүний амьдрал гялалзаад л өнгөрдөг. Хэрвээ цаг хугацаагаа зөв төлөвлөж чадахгүй бол хүн амьдралаа гээнэ, хувь тавилангаа удирдаж чадахгүйд хүрнэ. Залуу хүнд амьдралын зам урт, хийж бүтээх маш их боломж цаг ихтэй байгаа юм шиг төсөөлөгддөг. Бодит байдалд цаг хугацаа түүний бодож байснаас 10,20 дахин хурдан өнгөрнө. Өдөр хоног явж өнгөрдөг бол, харин он жилүүд нисдэг юм шиг санагддаг. Хөгжилтэй орны иргэд цаг хугацааны хурданг мэддэг учраас бизнесээ босгохын тулд 20,30 жил зарцуулахад бэлэн сэтгэл санаагаа бэлдсэн байдаг. Хятад хүн 10 жил, солонгос хүн 20жил, еврей хүн 50жил бизнесээ босгоход зарцуулах санаа сэтгэлээ бэлдсэн байдаг гэсэн. Хэрэв хүн цаг хугацаагаа зөв эрхэмлэж чаддаг болчихвол хүлээлт багасаж, итгэл найдвараа алдахгүй урагш явдаг юм шигээ.
Байгууллага жилийн төлөвлөгөөгөө гаргадаг шиг хувь хүн төлөвлөгөөгөө жилээр гаргах нь миний хувьд зөв гэж боддог. Эхний удаа жилээр тооцсон зардалд олон зүйлс хаяж бичсэн байдаг. Дараа нь өмнөх жилийн зардлаа, хийж байсан төлөвлөгөөтэйгөө харьцуулаад ирээдүйн жилийн зардлуудаа илүү нарийн зөв төлөвлөж болдог. Зардлаа сайтар тооцож чадвал олох орлого дээрээ илүү зөв сууна гэсэн үг л дээ. Ер нь бүр жаахан хүүхэд л ирээдүйгээ төлөвлөдөггүй, зөвхөн өнөө маргааш яаж тоглох вэ гэдгээ боддог. Харин насанд хүрсэн хүн бол амьдралаа төлөвлөнө шүү дээ. Тэгэхээр, санхүүгээ төлөвлөж чадахгүй байна гэдэг тухайн хүн өөрийгөө зөв төлөвлөж чадаж байна уу гэдгээс хамаардаг.
Амьдралд маш олон бүлэг зардал байдаг. Энэ зардлыг нэмээд л байвал нэмэгдээд л байна, учир нь хүслийн жагсаалт эцэс төгсгөлгүй шүү дээ. Орлогоо давсан зарлага нь хүнийг өрөнд л оруулна. Хүмүүс амар хялбараар мөнгө олох хүсэлтэй байх нь элбэг. Гэвч хамгийн хурдан аргаар олж болдог мөнгө зарлагаас гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, нэн хэрэгцээт бус зардлуудаа хэмнэх нь мөнгө олж болох хамгийн хялбар арга юм.
Орлогоо нэмэхийн тулд бид зөвхөн “орлого”-ын тухай ярьдаг, ерөөсөө “зарлага” ярьдаггүй. Мөнгөтэй хүн болно, бизнесмэн болно гэдэг нь 80 хувь зарлагын менежмент, 20 хувь орлогын менежмент байдаг. Мөнгөө яаж зөв зарцуулахав, эргээд үржих зүйлд оруулахуу, үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэхэв гэдэгт анхаардаг болохоос байнгын орлого олоод л байгаа хэрнээ зарлага нь ангархай уут шиг байвал сайн зүйл биш. Амжилттай бизнесмэнүүдийг анзаарахад хамгийн нарийн тооцдог хүмүүс байдаг.
Мэдээж олон бизнес эрхлээд үзсэн хүн миний зөвлөгөөг уншихгүй байх. Дөнгөж шинээр эхэлж байгаа залууст хэлэхэд “ Зүгээр л эхэл “ гэж хэлмээр байна. Бизнес эхлэх үед алдаа оноо их гардаг, усан доторхи чулуунууд ажлаа эхэлсэн хүнд л харагддаг. Харин бизнес дөнгөж эхэлж байгаа хүн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалттай зүйл хийх нь өндөр эрсдэлтэй байдаг. Их мөнгө алдсан хүний шарх нь том үлдэж, цаашдаа хийх сонирхолгүй болох нь бий. Бизнесээ аль болох бага багаар, олон төрлөөр хийж зах зээл, хэрэглэгчийн зан төлөв дээр маш их соргог мэдрэмжээ ажиллуулж чадвал, ашигтай байх концепцоо барьж авч чадна. Бизнес төлөвлөгөө бичиж сурсан мөнгөн урсгалыг төлөвлөж сурсан байдаг. Мөнгийг дор хаяж жилээр төлөвлөж сурах хэрэгтэй.
Санхүүгийн боловсрол олгох нь эцэг эхийн үүрэг байх ёстой. Хэрэв эцэг эх нь олгоогүй бол өөрөө л эрж хайж сурах хэрэг гарах байх даа. Санхүүгийн сахилга бат гэж маш чухал юм байна. Тэрийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Мэдлэгт нь нэмэр болгоход, залуучууд "Мөнгө олно" гэж ярьдаг. Мөнгө нь энд тэнд сул хаягдсан хог шиг зүйл биш. Мөнгө хөдөлмөрт дуртай, ур чадварт дуртай, үнэнч сэтгэлд дуртай, бас мөнгө мэдлэг, оюун ухаан, уран сэтгэлгээнд дуртай. Тэр өөрийнхөө дуртай газарт, хүний кармаагаар дамжиж ирдэг. Тиймээс мөнгийг олох биш, мөнгөний дуртай хүн болгож өөрийгөө өөрчил гэж зөвлөе.
Энэ их чухал асуудал юмаа. Би саяхан охинтой боллоо, түүнийхээ ирээдүйд их санаа зовж байгаа. Би дөрвөн хүүхэдтэй хүн л дээ. Өмнө их л алдаа гаргасан юм шиг санагддаг боллоо.
Хүүхдийн хүмүүжлийн талаар бодол санаа, эргэцүүлэл, уншиж байгаа ном, амьдралын туршлагад маань нилээд өөрчлөлт оржээ. Залуу хүн маш их алддаг юм байна. Зарим алдаанууд нь нөхөгдөж баршгүй засаршгүй алдаа юм байна гэдгийг мэдсэн. Би хүүхдэдээ тоо бодохыг биш, ном уншихыг биш, аливаа нэгэн салбарын мэдлэг эзэмшихийг биш харин тэр мэдлэгийг олж авах багаж хэрэгсэлтэй болгохыг хичээх ёстой гэж боддог. Тэрийг чадвар, ур чадвар гэж нэрлэдэг. Нэгээс нь нэрлэвэл, жишээ нь “анхаарал төвлөрүүлэх чадвар.” Анхаарал төвлөрөх чадвартай хүүхэд бол ямар ч мэдээллийг эргэцүүлж шингээж чадна гэсэн үг. Манайхан хүүхдээ сууж сургана гээд хүчээр ширээний ард суулгахаас шал өөр зүйл юм.
Чадварын хувьд бол хүний эзэмших ёстой 4 бүлэг чадвар бий. Ерөнхий чадвар, нийгмийн, сэтгэл хөдлөлийн, дээд эрэмбийн гээд бүлэг чадварууд байдаг. Маш олон төрлийн ур чадвар эзэмшсэн хүнийг л жинхэнэ боловсролтой, хүчтэй хүн гэж хэлж болно доо. Энэ чадварууд нь аав ээжийн олгох хүмүүжлээс гадна өөрийн төрмөл чадвараас хамаардаг. Мэдлэг, чадвар гэдэг зүгээр нэг сурчихдаг зүйл биш, ямар нэгэн багаж хэрэгслээр олборлож олж авдаг зүйл юм. Тэр багаж нь хүчирхэг байх тусмаа төдий чинээ олзтой байна гэсэн үг. Боловсрол гэдэг бидний боддог байснаас маш өөр зүйл, энэ тал дээр залуус их төөрөгдөж байна гэж хардаг. Диплом гэдэг бол мэргэжлийн үнэмлэх. Тэр үнэмлэхээс нэг хүн хэдийг ч авч болдог. Гэвч чадвартай, олон дипломтой хүн ч байна, чадвартай олон хэлтэй хүн бас байна - Тэрийг олж чадаж байгаа нь дээр дурдсан, “багаж”-тай хүн юм.
Бид EQ буюу өөрийгөө удирдах чадварын талаар их ярьдаг. Өөрийгөө удирдаж сурна гэдэг нь өөрийнхөө хувь тавиланг удирдаж сурна л гэсэн үг. Хүнд байгалиасаа заяагдсан дадал гэж бий, амь гарах инстикт буюу хоол идэх, гоё сайхан зүйлсэд татагдах гэх зэрэг. Эдгээр инстиктүүд нь хүнийг муу тал руу татах нэг хүч болж байдаг. Тэр хүчний эсрэг зогсох хүч нь EQ болдог гэж ойлгож болно. Жишээлэхэд, тоглоом харсан хүүхэд түүнийг авна гээд орилдог шүү дээ. Гэтэл тэр тоолонд нь авч өгөөд байхаар хүүхэд хүслийнхээ эсрэг зогсож чадахаа байчихдаг. Яагаад гэвэл, тоглоомын тоо хязгааргүй, тэрийг дагаад хүүхдийн хүсэл ч хязгааргүй.
Энэ нь хүүхдэдээ битгий тоглоом авч өг гэсэн үг биш ч хүүхдийн дээр хязгааргүй зүйлийг асгах хэрэггүй гэсэн санаа. Тэр тусам тухайн хүүхэд бүх зүйлийг хүсэж байдаг болчихдог. Гадны улс орнуудад явж байхад тоглоом авна гэж уйлсан хүүхэд дэлгүүрийн шалан дээр орилоод хэвтэж байдаг үзэгдэл цөөнгүй. Аав ээж нь хүүхдээ өөрөө өөртэйгөө тэмцэг гээд тайван хараад л зогсож байдаг. Харин манайд бол хүүхдэд муу зүйл тохиолдчихлоо, уйлж ээрээд байна авч өгөхгүй л бол болохгүй гээд ялагдчихдаг. Энэ нь хүүхдийнхээ амьтанлаг чанарыг дэмжиж тусалж байгаатай ялгаагүй. Хүүхэд гэдэг маш ухаантай, тархи нь гайхамшигтай ажилладаг учраас аав ээжийгээ тоглоом шигээ удирдахыг мэддэг. Энэ үед хүссэн бүхнийг нь өгч, тушаал гүйцэтгэх нь зөв биш. Аав ээжүүд хүүхдийнхээ хувьд алсаас ажиглагч, дасгалжуулагч байх нь зүйтэй. Хэрвээ хүслийг нь дагаад л байвал хүүхэд тань том болж, биологийн нас нь нэмэгдэж байхад, сэтгэцийн нас нь бага насандаа үлдчихсэн байдгийг анхаарах хэрэгтэй.
Баярлалаа.
Сэтгэгдлүүд (0)