Бүгдийг амжуулаад зүтгэ!

аддаг мэддэг юмандаа хөрөнгө оруулахаас өөр эрсдэл багатай юм байхгүй. Жишээ нь, мэдэхгүй технологи, судлаагүй компанийн хувьцаа авах бол “миний толоомын дүрэм” биш.
a0e5bf_cover_zurag_x974-min.jpg

Ард Академи шинэ зочинтойгоор мэндчилж байна. Ухаан, Хурд, Шилдэг Менежмент, Нэгдмэл Баг, Шаргуу Хөдөлмөр, Дайчин Ээж - Эзэгтэй, Гоо Үзэсгэлэн….. Эдгээрээс түүний имижийг олж харж болно. Үл хөдлөх хөрөнгийн салбарт гялалзаж яваа бизнес хатагтай, UA Properties ХХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Урангоотой ярилцсанаа хүргэе.

Таныг тайван амгалан болгож, анхаарал төвлөрөлтөд тань эерэгээр нөлөөлдөг зүйл юу байдаг вэ? 

Тайван бүдэг ширээний гэрэл, ил гал, зөөлөн хөгжим намайг амгалан болгодог ч бүтээлч, шинэлэг санаа өгдөггүй. Байнгын тайван байдал надад уйтгартай санагддаг. Оффис дээрээ янз бүрийн хайлтууд хийж, сургалтуудад хамрагдаж, баримтат кино үзэх, мэдэхгүй асуултуудаа customer service & expertise-үүдтэй чат бичиж эсвэл ярьж мэдэж авахыг чухалчилдаг. Мөн аливаа асуудлуудтай тулгараад тэрийг давах аргуудыг хайж олох нь надад таатай бас эерэг байдаг. Би нам жим тайван байхаас илүү өөрийгөө байнга сорьж байх дуртай төрлийн хүн. 

Мөнгө харамлахгүй зориулдаг зүйл, хобби ч юмуу. Тийм зүйл танд бий юу?

Үнэхээр таалагдсан хувцас, уран зураг, тавилга, технологид нэг их гар татаад байдаггүй. Эд зүйлс худалдан авахдаа насжилтыг тооцож үзээд авбал авсан шиг аваад хэрэглэвэл хэрэглэсэн шиг хэрэглээд дуусгах нь дээр юм шиг санагддаг. Ер нь нэн хэрэгцээгүй зүйлсийг “авахгүй байх” гэдэг сонголтыг хийж сурах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулагч хүн ROI бүх зүйл дээр тооцоод сурчихдаг юм шиг байгаа юм. Би үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч. Гоё байр, гоё хөрөнгөд бас нугасгүй шдээ. 

Бодоод үзвэл, та амьдралынхаа аль үед хамгийн үрэлгэн байсан бол?

Хүн ер нь мөнгө ихтэй байх тусмаа зарцуулалт их хийж үрэлгэн байх магадлалтай. Сайн аав, ээжийн буянаар би хангалуун үрэлгэн өссөн. Ер нь бүх л бизнесүүд старт-ап үеэ даваад, дараагийн түвшинд хүрч, хөрөнгө оруулагч болоод ирэх үедээ буюу хөрөнгө дээр өндөр эрсдэл үүрдэг болоод ирэхээрээ мөнгөнд их хянамгай болж ирдэг юм шиг санагдсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд бидний бүтээгдэхүүний үнэлгээ болон эрсдэл өндөр болохоор хэдэн зуун сая, тэрбум л гэж ярьж риск хийдэг. Хамгийн үрэлгэн байсан үе маань хөрөнгө оруулагч болохоос өмнөх үе юмуу даа. 

Хувийн болон өрхийн санхүүгээ төлөвлөдөг аргаасаа хуваалцана уу, гэр бүлд эмэгтэй хүний санхүүгийн мэдлэг хэр нөлөө үзүүлдэг гэж боддог вэ?

Би гэрлээд 7 жил болчихлоо, хүний хэрэглээ их ойлгомжтой байдаг юм байна. Компанийнх бол их өөр байдаг. Би ээж, эхнэр хүн болтлоо юмны үнэ бүх дэлгүүрт адилхан байдаг гэж боддог байсан. Харин одоо бол дэлгүүр доторх бараа бүтээгдэхүүний үнийн бодлого, үйлдвэрлэл, брендинг, өрөлтийн эзлэхүүн, сав баглаа боодлын дизайн гээд бүхнийг анзаардаг болсон. Эзэгтэй хүн ахуйн менежментээ маш сайн хийх хэрэгтэй гэж боддог. 

Санхүүгийн боловсролыг хүн аль насандаа, хаанаас суралцаж эхлэх хэрэгтэй гэж бодож байна вэ? Таны хувьд, анх хэзээнээс санхүүгийн эмх цэгцийн талаар ойлголттой болж байв? 

Бие дааж эхэлсэн цагаасаа л сурч эхэлдэг болов уу. Мөнгө олох, үрэх үйлдийг илүү олон давтамжтайгаар хийх тусам хүн мөнгөтэй харьцаад сурчихдаг. Тэр хэрээрээ санхүүгийн боловсролыг бага багаар олж авна. Арилжаа худалдаа хийж сурах нь санхүүгийн боловсролын маш том эхлэл. Гадаадад суралцсан хүмүүсийн давуу тал байдаг юмуу, бүх санхүү нь зөвхөн өөрөөс хамааралтай хяналттай, өөрөө орлого зарлагаа хянаад сурчихдаг. Би 16 настайгаасаа гадагшаа явсан, тэр цаг үеэс л хэдэн долларыг юунд, яаж зарцуулахуу гээд санхүүгийн эмх цэгцэд орж эхэлсэн санагддаг. 

Та хүүхдүүддээ юу өвлүүлэхийг хүсдэг вэ, ямар зүйлийг хамгийн сайн сураасай гэж боддог вэ? 

Манай аав дүү бид хоёрыг жаахаан байхад: “Аав нь 2 хүүхдээ санхүүгийн хараат бус болгочихоод нүд анихад харамсах зүйлгүй” гэж хэлж байсан. Санхүүгийн хараат бус гэж юу ч гэсэн үг юм, тухайн үед огт ойлгодоггүй байсан. Тийм жаахан байхаас л тэгж хэлж байсныг нь санадаг юм. Одоо өөрөө 2 хүүхдийн ээж болчихоод харахад аавынхаа юу хүсэж байсныг ойлгосон. Би хүүхдүүддээ хүссэн болгоныг нь өгч чадах байх. Харин эрүүл амьдралын хэмнэл, өөрийнхөө онцлогийг таньж, өөрийнхөө мөрөөдлөөр урт удаан оршин тогтох тийм чадвар өвлүүлэхийг хамгийн ихээр хүсдэг. 

Ямар төрлийн бизнес, ямар хөрөнгө хамгийн урт хугацаандаа ашигтай байдаг тухайд?

Чаддаг мэддэг юмандаа хөрөнгө оруулахаас өөр эрсдэл багатай юм байхгүй. Жишээ нь, мэдэхгүй технологи, судлаагүй компанийн хувьцаа авах бол “миний толоомын дүрэм” биш. Харин үл хөдлөх хөрөнгийн занг бол таньсан. Би 5 жилийн өмнө дан зуучлалын үйлчилгээний ажил хийдэг байсан бол нөхрөө дагаж зоригтой хөрөнгө оруулалтууд хийж эхэлснээр өөрийнхөө зуучлалын мэдээллийн суурь өгөгдлөөр хөрөнгө оруулалтуудыг дажгүй хийгээд байгаагаа анзаарсан. Манай салбарт бол өндөр үнийн дүнтэй хөрөнгө оруулалт л ашигтай байдаг. Бага мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалтууд удаан хугацаандаа ашиг гардаггүй, алдагдал гарч ирдэг.

Та багаа хэрхэн удирддаг вэ?  Хүчирхэг баг бүрдүүлж, тэрхүү хүчээ хадгалахын тулд юу анхаарвал зүйтэй бол?

Нарийн ярья гэвэл их удаан ярих хэрэгтэй болно. Ямар ч мундаг бизнесмэн танил ах эгч нар маань манай компани дээр ирээд багийн ажиллагаа, бүрдүүлэлт, соёл зэргийг маань үнэлдэг. Ямар ч байсан зөв л яваад байгаа гэж боддог. Бизнесийн онцлогоосоо шалтгаалаад манай дээр багийн мэдээлэл солилцох хурд transparency, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал байдаг даа.

Амжилт гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?  

Шууд утгаараа бол “амж” буюу хурдан түрүүлж хийх ч юм шиг, achievement талаасаа бодохоор зүтгэл ч юм шиг. Багцлаад ойлгоход, “бүгдийг амжуулаад зүтгэх” байх. Би өөрийгөө амжилтгүй гэж хэлэхгүй ч амжилттай гэхээр бас миний мэдэх амжилтуудын оргил нь хэт өндөр байгаад байдаг. Өөрийгөө байгаа боломж дээрээ “okay” байгаа гэж боддог болохоор яг томьёолж хэлэх нас туршлага маань арай болоогүй байх.

Ямар шаардлагад нийцсэн төсөл болон хөрөнгийн захын бүтээгдэхүүнд та хөрөнгө оруулалт хийх вэ? Хөрөнгө оруулалт гэж таны бодлоор..? 

“Ашиг өгөх ёстой” гэсэн үндсэн зарчим үйлчилдэг. Бизнес хийж, хөрөнгө оруулалт хийж байгаа бол ашигтай л байх ёстой. Ашиг олж сурсан бол нийгэмдээ хариуцлагатай бас хүртээлтэй байх ёстой гэж боддог. Би түрүүн хэлсэнчлэн өөрийн чаддаг мэддэг зүйлдээ эрсдэл багатай том хөрөнгө оруулалтыг зоригтой хийх нь ашиг авчирдаг. Хөрөнгө оруулах гэж байгаа бүтээгдэхүүн болгон:  Бүтээгдэхүүний онцлог, Үнэ, Хугацаа, Байршил, Хөрөнгө оруулалтын хэмжээ гээд тооцож үзэх олон шалгуур шаардлагууд байдаг даа.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа, та бүхэнд ч гэсэн ажлын амжилт.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд