Утсан дээр дэнжигнэн яваа амины төлөө зовниж байгаа шигээ бүгдийн төлөө анхаараасай

Тэр утас бол миний гишгэх газар, миний амьдрал. Тэр ч утгаараа би амьдрал бол тэнцвэр гэж хэлэх дуртай. Аливаа бүхний тэнцвэр дээр бид оршин тогтнож байгаа шүү дээ.
dlkhc8Xf5jMWK1jsRjZsyik8hTMKZBSnOxA4EYmM5mho9hzscqR3p29a55mUzz-time_mn-min.jpg

Ард Академийн эрхэм уншигчдадаа зориулан ээлжит зочны ярилцлагаа хүргэж байна. Энэ удаагийн зочин маань та бүхэнд маш сонирхолтой байх болов уу. Учир нь бид бүгд болзошгүй эрсдэлээс хэзээд тойрч явдаг бол түүний хувьд эрсдэлийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгожээ. Түүнээс эрсдэлд хэрхэн ханддагийг нь асуухад, “Миний хамтрагч надад: Мягаа өнөөдөр хурдны зам дээр хичнээн хүмүүс өөрт юу тохиолдохыг мэдэхгүй давхиж байгаад осолдож байгаа билээ, үүнтэй харьцуулахад бид эрсдэлтэй нүүр тулаагүй шүү гэж хэлж зоригжуулж байсан. Би энэ үгийг одоо ч боддог. Өөрт тохиолдож болох зүйлийг урьдчилан тооцоолж, хамгаалж байгаа бол эрсдэл хамгийн бага хувь руу шилжинэ. Харин мэдэхгүй байх тусмаа, хайхрамжгүй байх тусам эрсдэлтэй” хэмээн хариулсан нь нээрэн л бид бүгд мэдэхгүй зүйлээсээ л айж, түүнийг л тийнхүү “эрсдэл”, “болзошгүй аюул” зэргээр нэрлэдэг юмуу даа гэж бодогдуулав. Циркийн жүжигчин, экстрим артист М.Мягмарсайханы яриаг хүлээн авна уу. .

Зочныхоо тухайд цухас дурдъя:

  • Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөрт 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, “тэнгэрийн алхаа”-г/sky walk/ амжилттай үзүүлсэн бөгөөд түүний үзүүлбэрийг 4000 гаруй хүн үзэж сонирхсон

  • 2002 оноос циркийн чанга утасны үзүүлбэр, 2005 оноос skywalk үзүүлбэр тоглож эхэлсэн

  • 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүр явдаг болсон

  • Эх орондоо анх удаа “Тэнгэрийн алхаа”-г Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр 57 метр тросс байршуулж алхсан 

  • “Sky walk” хэмээх экстрим үзүүлбэр нь Европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх үзүүлбэр хийж байгаа цорын ганц Монгол хүн 

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө яагаад ”Экстрим” чиглэлийг сонгох болсныг тань асуумаар байна. Мөн монголчилбол “тэнгэрийн алхаа” гэгдэх энэхүү спортын талаар уншигчдадаа товчхон ойлголт өгье.

-Сайн байна уу. Би циркийн жүжигчин мэргэжилтэй хүн. Анх спортын гимнастикаар хичээллэж байгаад циркчин болж акробатын чиглэлээр багагүй хугацаанд ажилласан. 2005 оноос хойш Швейцарьт тус улсын жүжигчин Фредди Ноктой хамтран чанга утасны үзүүлбэр буюу highwire, “Үхлийн цагариг”, “Үхлийн бөмбөрцөг”, “Sway pall” зэрэг үзүүлбэр хийдэг болсны зэрэгцээ skywalk  хийх болсон. Монгол руу орчуулбал “Тэнгэрийн алхаа” гэж бууж байгаа энэ экстрим үзүүлбэр европ болон АНУ-д нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Өндөр уул, байшингийн хооронд төмөр утас татаж түүн дээгүүр ямар ч хамгаалалтгүй алхаж, тэнцвэрийн үзүүлбэр хийдэг. Монголчууд “The Walk” киног үзэж энэ талаар илүү төсөөлөл авсан байж магадгүй. Нью-Йоркийн ихэр цамхагийн хооронд алхсан Филипп Петигийн тухай гардаг шүү дээ. Энэ хүн одоо ч амьд сэрүүн байгаа. Циркчдийн хувьд чанга утасны болон өндрийн үзүүлбэр үндсэн нэг төрлийнх нь нэг. Тиймдээ ч тэнцвэр хийж сурсан ур чадвараа ахиулж скайвок хийдэг. Монголд гэхдээ хараахан энэ чиглэлээр ажиллаж байгаа жүжигчин байхгүй байна. Би 2005-2010 онд Швейцарийн жүжигчин Фредди Ноктой хамтран гэрээтэй ажиллаж, тэр хугацаанд Герман, Швейцарь, Францад скайвок хийж байсан. 2009 онд БНСУ-д “Hi Seoul” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Hangang highwire championship” буюу Хан мөрөн дээгүүр хөндлөн татсан нэг километр утсан дээгүүр хэн хамгийн хурдан гүйхийг шалгаруулах тэмцээнд оролцож дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Тухайн үед 1 км утсан дээгүүр 12 минут 55 секунд гүйсэн. Гэхдээ илүү ч ахиулах боломжтой байсан.

-Хамгаалалтгүйгээр Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр алхсан тань олны анхаарлыг нилээд татсан. Хэдийгээр та мэргэжлийн жүжигчин ч гэлээ хамгаалалтгүй алхана гэдэг маш их эрсдэл дагуулах нь мэдээж. Тэр үеийн сэтгэлзүйгээ эргэн санавал? 

-Мэдээж стресстэнэ. Гэхдээ яагаад ч юм би утсан дээрээ гараад зогсохоороо айж, сандрахаа больчихдог. Тэр утас бол миний гишгэх газар, миний амьдрал. Тэр ч утгаараа би амьдрал бол тэнцвэр гэж хэлэх дуртай. Аливаа бүхний тэнцвэр дээр бид оршин тогтнож байгаа шүү дээ.

Хамгаалалтын тухайд бол мэргэжлийн артистын хувьд энэ нь тухайн үзүүлбэрийн үнэ цэнийг тодорхойлох чухал шалгуур юм. Эрсдэлийг тооцоолж аюулгүйн техникч маань хамгаалалтын бүс давхар явуулах тросс тухайн үед байршуулаад намайг заавал зүүхийг шаардсан. Эцсийн мөчид би аюулгүй техникч Х.Ганболд ахыгаа ятгаж, өөртөө 1000 хувь итгэлтэй байгаагаа тайлбарлаад хамгаалалтгүй алхсан. 

Энэ челленж нь нөгөөтэйгүүр хүний амь насны үнэ цэнийг тэнд үзэж байгаа бүх хүнд мэдрүүлж, ойлгуулах ёстой байсан юм.

“Намайг уначих вий, бэртэх вий, хөл алдах вий гэж санаа зовж байгаатайгаа ижилхэн бид хайртай дотны хүмүүсээсээ эхлээд бүх хүнийг хайрлан хамгаалах сэтгэлтэй байгаасай. Тэр утсан дээр дэнжигнэн яваа амины төлөө зовниж байгаа шигээ бүгдийн төлөө анхаараасай гэсэн сануулга л юм.”

Монголд өдөр бүр хавдрын улмаас 12 хүн нас бардаг. Жилд зүгээр жирийн уушгины хатгаагаар 400 гаруй хүүхэд энддэг. Гэдэсний өвчин, зүрхний шигдээс гээд яривал бүр аймшигтай тоо гарна. Зам тээврийн ослын статистик харахад яадаг билээ. Гэтэл бид запас амьтай мэт дураараа аашилдаг. Өвдөхгүй бэртэхгүй мэт явцгаадаг. Харин эрсдэлтэй нүүр тулсан хүнийг хараад тэд гэнэт амь насны үнэ цэнийг ойлгодог. 

Мэдээж өөр дээрээ ийм их эрсдэл үүрэхийн тулд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж, хамгаалалтын техниктэй болох ёстой. Юу юугүй бусдыг ухааруулдаг хүн болоод золиос гаргаад гүйхгүй гэсэн үг. Надад ч хайртай гэр бүл үр хүүхэд, ээж, эгч нар минь байна. 

ELBE3984.JPG
 

 

-Тэгвэл эрсдэл гэж таны бодлоор яг юу вэ? Эрсдэлд хэрхэн ханддаг тань хүн бүхэнд сонирхолтой байх болов уу?

 

-Миний хамтрагч надад “Мягаа өнөөдөр хурдны зам дээр хичнээн хүмүүс өөрт юу тохиолдохыг мэдэхгүй давхиж байгаад осолдож байгаа билээ, үүнтэй харьцуулахад бид эрсдэлтэй нүүр тулаагүй шүү” гэж хэлж зоригжуулж байсан. Би энэ үгийг одоо ч боддог. Өөрт тохиолдож болох зүйлийг урьдчилан тооцоолж, хамгаалж байгаа бол эрсдэл хамгийн бага хувь руу шилжинэ. Харин мэдэхгүй байх тусмаа, хайхрамжгүй байх тусам эрсдэлтэй. 

-Таны хувьд хамгаалалтгүй алхсан хэд дэх тохиолдол вэ, эрсдэлтэй төрлөөр хичээллэдгийн хувьд мэдээж өөрийгөө бүрэн даатгуулсан байдаг болов уу. Учир нь эрсдэлийн эсрэг хүчин зүйл нь даатгал байдаг шүү дээ.   

-Циркийн үзүүлбэр бүхэн эрсдэлтэй. Заавал өндөр дээр гарахаараа эрсдэлтэй, нам дор байхаараа аюулгүй байна гэсэн үг биш. Аюулгүйн техник ажиллагаа, дасгал сургуулилтаас энэ бүхэн шалтгаална. Скайвок хийх бүртээ л хамгаалалтгүй алхдаг. Барилга хооронд, хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн дээгүүр гээд хаана ч алхсан хамгаалалтгүй явдаг. 

Швейцарь, Германд ихэвчлэн энэ төрлөөрөө гэрээтэй ажиллаж байсан учраас гэнэтийн осол, эрүүл мэнд гээд бүх төрлийн бүрэн даатгалтай ажилладаг байлаа. Эрсдэл гарлаа гэхэд тухайн даатгалаас тусгай онгоц ирж авах зохицуулалттай нэлээд өндөр онцгой даатгалаар үйлчлүүлдэг байсан. 

“Харин Монголдоо анх удаа Улаан цутгалан хүрхрээн дээгүүр алхах гээд олон даатгалын компанитай уулзахад эрсдэлтэй гээд даатгал хийлгэхийг зөвшөөрөөгүй. Үзүүлбэрээ хийхээс хэдхэн хоногийн өмнө амжиж  Ард Даатгалаар бүрэн даатгуулж байсан. Мөн “Чулуутын хавцал” дээгүүр алхахад ч Ард Даатгалд өөрийгөө бүрэн даатгасан.”

-Гадны улс орнуудад энэ төрлийн уран бүтээлчдийн нь аюулгүй байдал, нийгмийн баталгаагаа хэрхэн зохицуулсан байдаг юм бол? Энэ талаар Монголчууддаа мэдээлэл өгөхгүй юу? 

-Ер нь нэлээд эртнээс ийм төрлийн үзүүлбэр түгээмэл хөгжсөн учраас Европт highwire, skywalk-ыг хүн бүр л мэднэ. Тэр утгаасаа циркийн шоуны оргил хэсэгт заавал багтдаг. Мөн түүнчлэн хотын баяр, хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт онцгой арга хэмжээндээ экстрим артистыг урьж оролцуулдаг бүр уламжлалтай болчихсон гэх үү дээ. Тэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн гэрээ, цалин, хөлс, даатгал гээд бүх зүйл хуулийн дагуу учраас маш амар байдаг. 

-Экстрим спорт сонирхогч залуус цөөнгүй бий. Та экстрим артист хүний зүгээс тэдгээр залууст хандан юу зөвлөх вэ? 

-Хүн ер нь хүсэж, дурласан зүйлдээ илүү амжилт гаргадаг. Та нэгэнт хүссэн бол бэлтгэл хийхдээ шантрахгүй, няцахгүй, халтуурдахгүй. Хичээл зүтгэлээ бүрэн зориулсан зүйлийнхээ үнэ цэнийг тэр хүн хөлсөөрөө мэдэрч, зүрхэндээ нандигнасан байдаг болохоор аюул осол гэхээс илүү амжилт, бахдал, итгэлийг мэдэрнэ. Циркийн урлаг, экстрим спорт ч ялгаагүй итгэл дээр үндэслэгддэг. Нэг хүн гараад утсан дээр гүйгээд байгаа мэт боловч түүний ард бүтэн баг ажиллаж, аюулгүй найдвартай аппарат хэрэгсэл тавьж, агшин хормоор хэмжигдэх нөхцөл байдлыг аль болох эрсдэлгүй байлгахын төлөө бүх хүч хөдөлмөрөө зориулдаг. 

Ингээд бодохоор ганцаараа биш олуулаа, итгэл нийлсэн багтаа, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан төрлөөрөө тууштай л хичээллээрэй гэж хэлье. Мэдээж бүрэн бэлэн болоогүй үедээ битгий яараарай. Чиний цаг хугацаа ирэх л болно. 

-Дараагийн алхалтаа хэзээ, хаана хийхээр төлөвлөж байна вэ? 

-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч бид 2021 онд Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын Өвгөн хадны орчим 800 метр зайд усны мандал дээр утас татаж үзүүлбэрээ хийхээр төлөвлөсөн. Долдугаар сарын 16, 17, 18-нд “Нуурын наадам 2021” шоугаа хийж, урлагийн олон төрлийн үзүүлбэр арга хэмжээг нэгтгэн хүргэх төлөвлөгөөтэйгээр “Цагаан лавай” энтертайнменттай хамтран ажиллаж байна. 

Танд амжилт хүсье, баярлалаа. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд