17 настайгаасаа эхлэн Монголын банк, санхүүгийн салбарт хүчин зүтгэж, шинийг санаачилж, бүтээн босгож өдийг хүрсэн, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийн цахим хуудастаа нийтэлсэн бичвэрүүдээс олны анхаарлыг хамгийн ихээр татсан 5 бичвэрээс хураангуйлан хүргэж байна.
Би өөрийгөө хэзээ ч болчихлоо, хийчихлээ, одоо амар тайван байж болно гэж харж байгаагүй. Ямагт мацсаар л, хөдөлсөөр, өөрийгөө голсоор ирсэн. Хэзээ ч гараа буулгаж, хойшоо сууя гэж бодож байгаагүй. Энэ бол миний зарчим, бүр амьдралын хэв маяг болчихсон зүйл.
Бодит амьдрал дээр нэг уулын орой дээр гарахлээр дараачийн бүүр өндөр уулс харагддаг шиг, за, энэ ажлыг хийгээд амжуулчихвал л болчихно байх гэж бодоод, зүтгүүлж байгаад хартал дараачийн бүр том, бүр их зүйл цаана нь намайг ямагт хүлээж байдаг. Хадгаламж зээлийн хоршоо, банк бус, банк, зөв банк, санхүүгийн нэгдэл, гадагшаа тэлэх, сангийн бодлого, хөрөнгийн зах зээл, блокчэйн, тэтгэврийн шинэчлэл гэх мэт хөвөрнө... Сонирхолтой ч тус бүрт хүрэхэд маш их хугацаа ордог. Тэвчээртэй, тууштай, мятаршгүй л байх хэрэгтэй болно. Зорилгоо хэзээ ч мартахгүй, өдөр бүр өөртөө сануулж байх ёстой байдаг.
Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь нэг том өндөрлөгт хамтдаа хүрье гэж шийдээд, түүнийхээ төлөө эцсийг нь хүртэл явахыг л хэлнэ. Дундаас нь буцвал чи алдах болно. Эцсээ хүртэл зүтгүүлсэн нь л хожно.
Бүтнээр нь унших: https://ganhuyag.mn/blogs/15
Ер нь аливаа хөрөнгө оруулалт хийхдээ энэ хүнд, энэ багт итгэж байна уу гэж заавал өөрөөсөө асуух нь зүйтэй. Тийм гэж шийдвэл итгэсэн шиг итгээд бариад суугаад байх хэрэгтэй байдаг. Үнэ нь унахад нэмж авч ч болно. Үнэхээрийн л зөв нөхөд бол ашиг чинь л нэмэгдэнэ. Харин үгүй ээ, итгэхгүй байна, гэхдээ яг одоо нэг манаргах байх гэж хөрөнгө оруулалт хийсэн бол бараг л баталгаатай алдах байх шүү. Хүн бүрт боломжийг ямагт нээлттэй байлгах ёстой гэж үзэн манай нийгэмд баян чинээлэг болон ядуу хоосны ялгаа багасч, ядуурлыг арилгахын төлөө тууштай явдаг.
Миний ухамсарт амьдрал зөвхөн үүнд л зориулагдсан гэдгээрээ би бахархдаг - Ард иргэдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломжийг олгох, хуримтлал, хөрөнгө оруулалт хийлгэх, оюунд нь хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн боловсролыг түгээх, хамгийн гол нь сэтгэлд нь итгэл найдвар асаах ажилд би энэ бие санаагаа бүрэн зориулсан.
Зөвхөн мэдээлэлд, эрх мэдэлд ойрхон нь хождог санхүүгийн, бизнесийн тогтолцоо байж болохгүй. Үүнийг блокчэйн технологи шийдэж өгч байгаа тул би түүнийг сурталчлан ухуулдаг. Блокчэйн нь орлогын дахин хуваарилалтыг жинхэнэ утгаар нь хийх боломжийг бидэнд олгож байгаа - Блокчэйн технологи нэвтэрснээр компаниудын үр ашиг нэмэгдэж, төрийн үрэлгэн байдал арилах боломжтой. Иргэд авдаг үйлчилгээ нь ойртох юм. Бүх юм нээлттэй, ил тод болсноор худал хуурмаг бүхэн, хулгай, авлигал үгүй болох юм. Би үүнд итгэдэг.
Бүтнээр нь унших: https://ganhuyag.mn/blogs/16
Биткойны тухай...
Ганцаараа ч болов зөв чигт явах нь буруу яваа сүргээ дагахаас хавьгүй дээр шүү, манайхаан. Тэд чамайг тоохгүй байж болно. Шоолж болно. Бүр шоглож ч магадгүй. Бүү тоо - эцсийн хүрэх зогсоол чинь юу билээ гэдгээ л сайн санаад гүрийгээд байдаг юм шүү.
Надад тохиолдсон, одоо ч өрнөж байгаа нэг явдлыг та бүхэнд сануулья:
Биткойн 200 орчим доллартай байхад 5 жилийн өмнөөс бид анхаарлаа хандуулж, ажиллаж эхэлсэн юм. Дараа жил нь, 11 сард тэр 700 доллар хүрэхэд та бүхэнд лайв хийнгээ анх танилцуулж, ярьж эхэлснээ би тод санаж байна - энд нэг ийм юм байна. Бидэнд боломж гарах юм шиг байна. Мөнгө, санхүүд хувьсгал хийгдэх нь гээд Цахим Алт номыг багийнхантайгаа бичиж, хэвлүүлсэн.
Бид хэрэвзээ авбал - алдсан ч гудайж, харамсахгүй хэмжээнд л аваарай. Авсан бол хав дарж, мартаарай гэж зөвлөсөн. Миний зөвлөгөөг дагасан хэдэн хүнийг би мэднэ - тэр хэддээ баяр хүргэе - өнөөдөр Биткойн 40 мянган доллар болов. 3 мянгаар, 10 мянгаар, бүр 15 мянгаар ч авсан бай хожиж байгаа биз? Явбал тултал нь явах хэрэгтэй - зөвхөн тэр тохиолдолд л явсан нохой яс зуудаг гэдгийг ойлгодог.
Бүтнээр нь унших: https://ganhuyag.mn/blogs/10
Монголын Хөрөнгийн Биржийн нийт үнэлгээ анх удаагаа 3 ихнаяд төгрөгт хүрсэн үзүүлэлтээр манай зах зээл 2020 оныг үдлээ.
Би эртнээс Хөрөнгө Оруулагч Үндэстэн болъё, бүгдээрээ нийлж, хамтдаа зүтгэе гэж та бүхэндээ уриалсан. Эхний үр дүн гарч байгаад туйлын их баярлаж байна. Надад, манай хамт олонд итгэж нэгдсэн олон түмэндээ баярлалаа - бид та бүхний итгэлийг цаашид ч алдахгүй ажиллах болно гэдгээ л би мэддэг.
AARD, AIC, ADB, MNP, XOC энэ хүнд хэцүү цаг үед үнэлгээ нь чангараад гараад ирлээ - энэ бол зөвхөн эхлэл ч, бидний зам урт бөгөөд өгсүүр хэвээрээ л байх болно гэдгийг бид бүгд ойлгож байгаа. Бид мэргэжлийн хөрөнгө оруулагчид - манай багцад мөнгөний болон хөрөнгийн захын хэрэгслүүд багтдаг - хадгаламж, бонд, хувьцаа, доллар, төгрөг гээд. Манайд криптовалютын нөөц бий. Бид энэ тал дээр туршлага хуримтлуулж, гарамгай болж чадсан. Төр засгаас зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа цахим хөгжлийн стратегийн дагуу бид дижитал түйвээлтийг хэрэгжүүлэх ажилдаа цаашид ч шамдах болно.
Бүтнээр нь унших: https://ganhuyag.mn/blogs/11
Мөнгө амрах ёсгүй. Сул хэвтэх ёсгүй. Мөнгөний төлөө ажиллахаас гадна мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуул гэж би сануулдаг аа. Өнгөрсөн хугацаанд маш олон гадаад дотоодын компани, хувь хүнд хүрч ажиллаж, мөнгийг нь өсгөж өгсөн олон жишээ байгаа - КИДАН, ХасБанк, EIT, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, КриптоҮндэстэн…
Ардын хувьцаа өсөж байгаа - Цаадах шалтгаануудыг нь тайлбарлаж өгөв - Бид ашигтай ажиллаж байна, өргөжин тэлж байна. Шинэ харилцагчид үй олноороо нэмэгдэж байна. Манайх шинэ бизнесүүд рүү орж байгаа. Ер нь Ковид-19-ийн үед бид бэлэн байж, хожиж байна гэж харж болно. 2016 оны 1 сард Хөрөнгө Оруулагч Үндэстэн албан ёсоор мэндлэхдээ Монголчууд бид өөрийн гэсэн банктай болно гэж би та бүхэнд ярьж байсныг санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд бид Банк+ буюу дижитал банк болон түүнийг хүрээлсэн дэд бүтцийг бий болгож чадлаа. Үүнтэй хэн ч маргахгүй байх.
Харин энэ жил бид арилжааны банкны хувьцаа эзэмшигч болох болно. Монголчууд бид нэгдэж, нийлж байгаад үүнийг хийнэ.
Бүтнээр нь унших: https://ganhuyag.mn/blogs/20
Сэтгэгдлүүд (0)