Хүссэнээ хийж, шинэ зүйл турших тусам хүний тархи булчинтай адил хөгждөг

Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Секюритиз ҮЦК-ийн Хүний Нөөц, Сургалт Хөгжил Хариуцсан Мэргэжилтэн Э.Номинтой ярилцлаа.

Э.Номин, Хүний Нөөц, Сургалт Хөгжил Хариуцсан Мэргэжилтэн, Ард Секюритиз ҮЦК

Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Секюритиз ҮЦК-ийн Хүний Нөөц, Сургалт Хөгжил Хариуцсан Мэргэжилтэн Э.Номинтой ярилцлаа.

Товч танилцуулга

  • Нэр: Э.Номин

  • Мэргэжил: Клиникийн сэтгэл судлал, Олон улсын харилцаа

  • Төгссөн сургууль: State University of New York

  • Албан тушаал: Хүний Нөөц, Сургалт Хөгжил Хариуцсан Мэргэжилтэн

  • Харъяалагддаг компани: Ард Секюритиз ҮЦК

Номингийн мэргэжил их сонирхолтой санагдлаа, яагаад энэ мэргэжлийг сонгон суралцсан түүхээ хуваалцаач.

Хүний тархи, мэдрэхүй, сэтгэн бодох чадвар нь биднийг бусад амьд биетээс ялгаж өгдөг хамгийн чухал зүйлс юм. Бусад шинжлэх ухаантай харьцуулахад тухайн үед судалгааны тоног төхөөрөмж хүртээмжгүй байсан, мөн шашин шүтлэгийн нөлөө их байсан учир сэтгэл судлалын шинжлэх ухаан нилээн сүүлд үүсэж хөгжсөн юм. Тиймээс ч тус салбарт одоо хүртэл бидний ойлгож чадахгүй зүйлс маш их байдаг. Тэдгээр нь бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхүйц байдаг нь нууцлагдмал санагдаж, хамгийн ихээр анхаарлыг маань татаж байсан учир илүү их судалж, цаашлаад энэ шинжлэх ухааны үнэ цэнийг эх орондоо нэвтрүүлэх хүслээр мэргэжлээ сонгож байсан.

Мэргэжлийнхээ дагуу хийж байсан ажлуудаас тань онцлог зүйл нь юу байсан бэ?

Оюутан байхдаа сэтгэлзүйн судалгааны багт ажилладаг байсан, төгсөх ангидаа энэ мэдлэгээ олон улсын оюутны дотуур байранд Сэтгэлзүйч хийснээр бодитой болгож байлаа. Гэрээсээ хол сурахаар зорьж ирсэн маш олон хүүхдүүдийн зөвлөгч нь байж, таны ачаар хэцүү үеэ даваад гарсан гэдгийг сонсох нь хийж байсан ажлаас минь сэтгэлд үлдсэн хамгийн онцлог бүхий дурсамж байсан юм болов уу.

Одоо хийж буй ажлынхаа сайхан зүйлийг онцлон нэрлэбэл?

Хүний нөөц нь өөрөө сэтгэл судлалын нэг төрөл буюу байгууллагын сэтгэл судлал болж явдаг. Клиникийн сэтгэлзүйтэй харьцуулбал 1 хүнийг судлах биш нийгмээрээ ямар түвшинд байгааг харж болдог нь маш сонирхолтой. Мөн хувь хүн өөрийгөө ойлгож, дүгнэж, цаашлаад сайжруулах боломжийг шинэ мэдлэг мэдээлэл олж авснаар хэрэгжүүлэх боломжтой болдог тул ажиллагсдад хувь хүн, мэргэжлийн ур чадвараа тэлэх боломжийг өгч, чиглүүлж өгдөг нь хамгийн гоё зүйл нь.

Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хэрхэн ойлгож бас зохицуулдаг вэ? 

Хамгийн чухал зүйл бол цагийн менежмент гэж боддог. Ажлаа бага цаг зарцуулж чанартай хийж чадвал өөртөө зарцуулах цаг хангалттай гарч болдог гэдгийг оюутан байхдаа ойлгосон. “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” номоос яг үүнийг уншиж байсан. “Хүний амьдрал маш богино. Тиймээс бүх зүйлд сониуч байж, шинэ хоббитой болж, өөртөө цаг зав гаргах хэрэгтэй” гэж. Би үүнтэй 100 хувь санал нийлдэг. Дуртай зүйлээ хийж, шинэ зүйлийг туршиж үзсэнээр хүний тархи яг л булчинтай адил илүү хүчтэй, сийрэг болдог учир ажлыг ч бас төвөггүй, хурдан чадвартай хийж чаддаг.

Ажлын байран дахь хувь хүний хандлагын тухай үзэл бодлыг нь сонсъё.

Өөриймсөг сэтгэлгээ. Хүн амьдралынхаа дийлэнх идэвхтэй цагийг ажил дээрээ өнгөрөөдөг учир өөрийн гэр орон, гэр бүлдээ хандаж байгаатай адил өөриймсөг сэтгэлгээгээр хамт олон болон хийж буй ажилдаа хандаж чадвал өдөр бүр ажилдаа баяртайгаар ирнэ гэж боддог.

Хүн бүрт ямар нэг хэмжээгээр тохиолддог сэтгэл санаагаар унасан, бүтэлгүйтсэн мэдрэмж авах үе байдаг, таны хувьд хэрхэн өөрийгөө сэргээж, эрч хүчээ нөхдөг вэ? 

Шаналаад суугаад байх дургүй. Учир нь ямар ч хэрэггүй өөрийгөө зовоогоод л хий дэмий байгаа мэдрэмж авдаг. Тухай үедээ шийдвэрлэх боломжгүй бол өөр зүйлд өөрийгөө сатааруулж, толгойгоо цэвэрлэдэг гэхүү дээ. Хэсэг хугацааны дараа буцаад тэрхүү асуудал дээрээ төвлөрөхөд арай тайван, сэтгэл хөдлөл багатай ханддаг. Хөлсөө асгартал хөдөлгөөн хийвэл бодисын солилцоо сайн явагдаж, аз жаргалын гормон ихэсдэг тул боломжтой бол гараад алхахыг хичээдэг. 

Сурахыг, хийхийг хүсэж буй ойрын хугацааны төлөвлөсөн зүйл юу байгаа бол?

Олж авсан, олохоор зорьж буй мэдлэг маань миний бахархах зүйл гэж боддог. Аав маань нэг л зүйлийг байнга сануулж хэлдэг юм. “Хүн чиний толгойд байгаа мэдлэг, чадварыг хэзээ ч булааж чадахгүй тул хамгийн том хөрөнгө оруулалтыг тархиндаа л зарцуулаарай”. Тиймээс сурсан мэргэжлээ илүү нарийн болгохыг хүсдэг, мастерын зэргээ нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа тархалт өвчин хэрхэн хүний сэтгэн бодох чадвар, нийгмийн харилцаанд нөлөөлөх вэ гэсэн сэдвээр сурахаар төлөвлөсөн байгаа, ойрын хугацаанд үүнийгээ биелүүлнэ гэж бодож байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд