Humans of Ard: Ч.Гэндэнпил (Гээдээ)

Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцъя. Ч.Гэндэнпил (Гээдээ), Санхүү Эрхэлсэн Захирал, АрдЭкс ХХК

Ч.Гэндэнпил, Санхүү Эрхэлсэн Захирал, АрдЭкс ХХК

@geedee_gd

Хүнд хийхийг хүсдэг, хийж чаддаг 2 төрлийн ажил байдаг..

Хүн бүрд “би тийм л хүн болно доо” гэдэг бага насны гэгээн тунгалаг мөрөөдөл байдаг даа.  Миний тэр мөрөөдөл зорилго нь Архитектур болох байлаа. Гэхдээ би Нягтлан бодогч мэргэжлээр суралцсан. Энэ шийдвэрийг би биш манай эцэг эх гаргаж байсан л даа. Хүнд хийхийг хүсдэг, хийж чаддаг гэсэн 2 зүйл байдаг. Хүссэн зүйлээ хийгээд жаргалтай байгаа хүн байхад өөрийн чадахаа хийгээд жаргалтай яваа хүн ч байна. Би бол хоёр дахь нь. Эцэг эх маань үүнийг л олж харсан болов уу. Хэрэв манай гэр бүлийн сонголт буруу байсан бол би энд ингээд яриа өгөөд сууж байхгүй байсан биз. 

Ардад чиний залуу байх, шинэхэн төгсөгч эсэх огт хамаагүй. Мэргэжилдээ “эзэн” нь байж чаддаг байхад л хангалттай..

СЭЗИС-ийг Нягтлан бодогчоор төгсөөд удаагүй байхад Ч.Ганзориг захиралтай уулзаж, ажлын ярилцлаганд орохоор болов оо. Тэгтэл тэнцээд, маргааш шууд ажилдаа ор гэв. Өөрийгөө тэнцэнэ гэж огт бодоогүй юм. Шинэхэн төгсөгч учраас туршлага хараад авахгүй байх л гэж бодсон. Сургуулиа дөнгөж төгссөн надад маш “том боломж” гарч ирсэн  хэдий ч нөгөө талаараа “том хариуцлага” бас “итгэл” хүлээлгэсэн байв. Ингэж 2015 онд Ард Кредит ББСБ-ын Туслах нягтлан бодогч болсноор миний амьдралын шинэ түүх эхэлсэн.  

Туслах нягтлан бодогчоор 6 сар ажилласаны дараа Санхүүгийн шинжээч болов. Санхүүгийн шинжээчээс Системийн Администратор, Судалгаа шинжилгээний албаны менежер гээд дэвшсээр 2020 оны 12 сард Digital Assets Exchange биржийг үүсгэн байгуулахад АрдЭкс ХХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдсон. Эндээс танд нэг зүйл харагдаж байгаа байх. Хүн өөрөө хүсээд, хичээгээд, хийж бүтээж чадаж байвал Ардад залуу байх, шинэхэн төгсөгч эсэх тийм ч хамаатай биш. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, тууштай хичээж хөгжиж л байвал залуу, туршлага бага гэдгээсээ эмээх асуудал хол хоцорсон гэдгийг надад ойлгуулсан. Харин ч залуу байгаа нь бидний давуу тал. 

Ажил хэрэгт “үнэн байх” чанарыг эрхэмлэдэг..

Мэдэхгүй чадахгүй зүйл залуу гэлтгүй хүн бүрд л байдаг шүү дээ. Гол нь мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд сурахад л болно. Хүн ер нь байгаа байдлаа үнэнээр нь хүлээн зөвшөөрч байж л сайжрах, өөрчлөгдөх гарцаа олдог. Миний баримталдаг зарчим бол “үнэн байх”. Тэр тусмаа “ажил хэрэгт үнэн байх” чанар хамгийн чухал. Үнэнээ хэлчихдэг, үнэнээрээ байдаг хүмүүстэй ажиллахад ажил илүү хурдацтай явдаг. Зарчим болгож мөрддөг дараагийн зүйл маань “тасралтгүй суралцагч байх”. Нийгэм асар хурдацтай хөгжиж байна шүү дээ. Тиймээс хүн өөрийгөө ямагт хөгжүүлж байхгүй бол нэг олсон мэдлэгээрээ удаан амжилттай ажиллах боломжгүй болсон байна. Миний хувьд санхүүгийн салбарт Мастерын зэрэг горилсонтой дүйцэхүйц CFA буюу Chartered Financial Analyst зэрэгтэй болохыг зорьж байна. 

Хуримтлуулсан мэдлэг туршлагаараа байгууллагадаа хөрөнгө оруулалт хийх болно.. 

Анх Ардад ороход тухайн үеийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал  маань надад: “Чи Чадна аа” гэдэг 2 үгийг хэлж билээ. Миний бодлоор энэ үг Ард Санхүүгийн Нэгдлээс авсан хамгийн анхны хөрөнгө оруулалт маань байсан. Үүнээс хойш эрчтэй, хүчтэй хамт олон дунд ирлэгдсээр ирлээ. Одоо харин миний зүгээс энэ хүртэлх хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эргүүлээд байгууллагадаа хөрөнгө оруулалт болгон оруулах болно. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд