Ц.Солонго, Гүйцэтгэх Захирал, Ард Суппорт ХХК
Мобикомын дугаартай хүн бүрийн андахгүй мэддэг “нэгж зээлэх” үйлчилгээг сэргээн санаачилж байсан тэр үеэ эргэн саная. 2005 оноос үйлчилгээний салбар руу орж байлаа. Мобикомд ажилладаг байх үед, Мобикомын хэрэглэгчид 2222 төлбөргүй лавлах утас руу залгаж янз бүрийн асуудлаа ярьдаг байв. Нэг хэрэглэгч маань холбогдоод “ах нь хөдөө явж байгаад замдаа саатчихлаа. Сүлжээ муутай газарт байна, арай гэж сүлжээ оруулаад гэрийнхэнтэйгээ ярих гэтэл нэгж байдаггүй. Ахдаа туслаач” гэв. Би ч яаравчлан өөрийнхөө утаснаас гэрийнхэн рүү нь холбогдож, тэр ахын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тэгээд бодсон л доо. Яаж иймэрхүү аминд тулсан нөхцөлд байгаа, арга мухардсан хүмүүст туслах вэ гэж. Тэгээд л “Кайзен саналын аян”-ы хүрээнд Мобикомын нэгжийн зээлийн үйлчилгээ гаргах хэрэгцээ, шаардлагыг гарган удирдлагуудад танилцуулж байв. Анхандаа ажилдаа сэтгэл ханамжгүй, ажлаа солих талаар боддог байсан хүн чинь энэ мэт олон зүйлсээс урамшаад гарц шийдэл олоод харин ч энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж боддог болсон доо. Тэгээд л харилцаа үйлчилгээний салбартаа 2005 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Харилцаа гэдэг бол ямар ч зүйл зөв тийш явах уу, буруу тийш эргэх үү гэдгийг шийддэг гол зүйл. Бүх төрлийн харилцаанд хүлээн зөвшөөрөх, харилцан тохирох, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн 3 зааг хязгаар бий. Хэм хэмжээгээ мэдэрч, харилцааг тэнцвэртэй байлгах нь чухал. Анхнаасаа хоорондын зарчмаа зөв тодорхойлоод явах нь аль ч харилцааг бат бөх, урт удаан хугацаанд үргэлжлүүлэх суурь нь болдог шүү дээ.
Хүмүүсийг хоорондоо ярилцдаг байгаасай, нэгнээ илүү их энэрдэг, хайрладаг байгаасай гэж их хүсдэг болсон байна. Нас яваад ч тэр юм уу. /инээв/ Магадгүй эмэгтэй удирдлагуудад нийтлэг байдаг зан чанар байх л даа. Түүнчлэн, жижиг гэлтгүй бүх зүйлийг нарийн анзаарч, ач холбогдлыг нь түрүүлж харж чаддаг болов уу. Жишээ нь: Эрэгтэй удирдлагууд уулын оройд гарахад жижиг чулуунд бүдрэх нь байх л бэрхшээл, асуудал биш гэж хардаг байх. Харин эмэгтэй хүн уулын орой дээр гарна. Гэхдээ аюулгүй гармаар байна, хөл гараа шалбалмааргүй байна гэхчлэн маш нарийн эрсдэлийг тооцоолж байдаг.
Харилцаагаа зөв залаад, өөрт байгаа боломжоороо бие биедээ туслаад явахад боломжгүй, хийж чадахгүй зүйл гэж үгүй шүү дээ. Харилцаа зөв байхад хамтдаа юуг ч хийж бүтээж болдог.
Миний хувьд ямар ч байгууллагын Харилцагчийн Үйлчилгээний Төв гэдэг нь тухайн компанийнхаа “ташуур” гэж хардаг. Нэг талаас компанийнхаа үйл ажиллагааг харилцагчдад ойлгуулдаг ч, нөгөө талаас асуудал хаана байгааг засаж сайжруулалцаж, шаардлагатай бол холбогдох албадуудад харилцагчийн өмнөөс ташуур нь болдог гэсэн утгатай юм даа. Ажиллагсдадаа бол “Харилцагчийн Үйлчилгээний Төв” нь хүний биеэр зүйрлэвэл “Зүрх” юм. Судсаар цус гүйж байгааг харилцагчийн дуу хоолой гэж ойлгоё. Бусад эд эрхтнийг охин компаниуд гэе. Тэгэхээр хүн зүрхгүйгээр амьдарч чадахгүй. Хүн зүрхээ сонсож, тархиараа шийдвэр гаргадаг. “Тиймээс бидний хийж буй ажил, бидний дуу хоолой бол маш том үнэ цэнийг бүтээдэг юм шүү.” гэж ажиллагсдадаа захидаг.
Хүнийг сонсоно, ойлгоно, тусална гэдэг бол юу юунаас илүү үнэ цэнтэй ажил. Би хүн бүрд тусалж чадахгүй ч хүн бүрд тусалж чадахаар их хүчтэй том багийг чиглүүлж яваа нь маш том хариуцлага юм.
Сэтгэгдлүүд (0)