Ч.Ганхуяг, Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Цаг үеийн халуун сэдэв болоод байгаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан бид Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийг урьж ярилцлаа.
Юун түрүүнд хувьцаа эзэмшигчдэдээ баяр хүргэе. Хэрэв 100-аас дээш хувьцаатай бол нэгж хувьцаанд 1 АрдКойн оногдуулах шийдвэрийг дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний зүгээс та бүхэндээ барьж буй шинэ жилийн бэлэг юм. 2021 он манай түүхэнд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж чадсан, тэлэлт хийсэн жил болж байна. Үүнтэй холбогдуулан тусгай урамшууллуудыг зарлаад байгаа. Жишээ нь бид он дуустал зээл авахаас бусад бүх үйлчилгээ дээрээ урамшууллын хэмжээгээ 3-5 дахин нэмэгдүүлэн олгож байна.
Үйл ажиллагаагаа Дархан, Эрдэнэт рүү төвлөрүүлэх санаачилгыг баг хамт олныхоо дунд эхлүүлсэн. Энэ нь нэг талаасаа ажилчдаа илүү ая тухтай, эрүүл орчинд амьдрах боломжоор хангах, нөгөө талаасаа бусдадаа үлгэр дуурайлал болж, зөвхөн Улаанбаатарт бөөгнөрөх бус Монгол улсаа эзэнтэй болгохыг зорьж хийж буй ажил юм.
Үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон санхүүжилтийн гинжин хэлхээг үүсгэх SCOPA төслийг хамтран эхлүүлж байгаа. Дотоодод үйлдвэрлэсэн, дотоодын түүхий эд ашигласан, Монгол хүний гараар бүтсэн бүтээгдэхүүнийг Ард Аппаараа авбал урамшуулалд хамрагдах боломжтой. Энэ нь бидний хэлж байсан банк санхүүгийн түйвээлтийн дараачийн шатны ажил юм.
Маш олон компаниуд хамтарч ажиллана. Монголчууд бид эхлээд дотооддоо эвлэлдэж нэгдсэнийхээ дараа олон улсад гарах боломж бүрдэнэ гэж ярьдаг. Монголд бизнес эрхэлж байгаа хүн бүрийг энэхүү төсөлд нээлттэйгээр урьж байна.
Бид 5 жилийн өмнөөс Биткойн гэж ярьсан. 4 жилийн өмнөөс КриптоҮндэстэн болъё гээд уриалсан. Тэр үед бодлого тогтоох, зохицуулагч байгууллагуудын бүх төлөөлөл крипто, блокчэйн технологи ирээдүйтэй юм байна гэдэг байр суурин дээр тогтсон. Тэгвэл өнөөдөр КриптоҮндэстэн болох ажил үйлсэд маш том түлхэц болсон хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс дэлхий дээр ийм хуультай цөөхөн улсын тоонд орж байна. Цаашид энэ инновацийг хааж боомилох биш, илүү зохицуулалттай орчинд хөгжүүлэх, эерэг таатай орчны үндэс суурийг бүрдүүллээ гэж харж байна. Ажлын хэсэгт орж ажилласан, санаачилсан, манлайлсан бүх талуудад талархал илэрхийлмээр байна. Бид дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгалын зүгээр нэг хэрэглэгч биш, манлайлаад тугч нь болоод явах боломжийг олгосон хууль гэж харж байгаа.
Хуулийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлнэ. Self-regulation буюу өөрийгөө зохицуулах талаар чиглэл гарсан байгаа. Тодруулбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөрсдөө холбоогоо байгуулаад, уг холбооноосоо хамтын шийдвэрүүдээ гаргаад, хариуцлагаа үүрээд явна аа гээд заачихсан байгаа. Энэ талаасаа маш зөв гарааны алхам хийгдлээ гэж харж байна. Лоялти оноо, валют арилжаалах, хөрөнгийг дижитал хэлбэрт оруулж арилжаалах цаашдын ажлын эхний алхам хийгдчихлээ.
Эхлээд бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэгжүүлэх, тогтмол мэдээллээр хангах нь чухал. Ирээдүйгээ харсан урт хугацааны алхмуудын хувьд дэд бүтцээ сайжруулах ёстой. Боловсролын системд энэ талын мэдлэгийг албан ёсоор олгодог хөрөнгө оруулалтуудыг хийж эхлэх хэрэгтэй байна. Мөн цаашид хууль эрх зүйн орчинг улам сайжруулж, олон улсад сурталчилж ажиллах нь чухал. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадны компаниудыг Монголд үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангах хэрэгтэй. Улсын Их Хурлын Даргын уриалаад байгаа Цахиурын Хөндийг Буянт-Ухаа дээрээ хийе. Чөлөөт бүсийг бий болгоё, Дархан Эрдэнэтийг IT чиглэлээр дагнасан бүс болгоё. Боловсролын байгууллагуудыг энэ чиглэлээр дагнуулъя, гадаад дотоодын оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдийг авчирч багшлах, судалгаа шинжилгээ, боломжоор хангая гэх мэт ажлуудыг бид зайлшгүй хийх ёстой гэж бодож байна.
Сэтгэгдлүүд (0)