Эрхэм уншигч танд Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олны тод өнгө болсон “Аппрентис Монгол” шоуны ялагч, Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетинг Эрхэлсэн Захирал, Ард Холдингс Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Бархасын түүхээс хуваалцаж байна.
6 настай байхдаа ганцаараа, нээх их цастай өдөр дөч тавин мянгатаас хорооллын эцэс рүү дугуйланд явж байтал сууж явсан троллейбус цасанд боогдоод буугаад алхаж байснаа их тод санадаг юм. Одоо бодохоор, сургуульд ч ороогүй хүүхдийг ганцааранг нь тэр хол явуулна гэхээр аав ээж маань намайг багаас л биеийг нь даалгасан байгаа юм. Тэр нь цаашлаад өөрийнхөө хүссэн зүйлсээ турших, дуртай дугуйлан, дамжаандаа хамрагдаж үзэх болж хувирсан. Нэг үгээр хэн нэгний хэлснийг харанхуйгаар дагах биш өөрийнхөө хүсэлдээ хөтлөгдөж бүгдийг турших сэдлийг бий болгосон хэрэг. Нэг мэдсэн, байнга л шинэ юм эрэлхийлээд, өөрийгөө сориод, заавал нэг юм хийх ёстой юм шиг мэдрэмж үргэлж төрдөг болчихсон байсан. Хүүхдийн ордны бүх дугуйланд явна. Шинэ ном, сонин, кино гарвал заавал хайж олно. Нэг үгээр хэлбэл би яг энэ юм болов уу, тэр юм болов уу. Үүнд дуртай юм уу гэхчлэн өөрийгөө эрж хайсан туршилтуудыг л хийгээд явдаг хүүхэд байсан юм уу даа.
Өмнө нь боддог байлаа. “Энгийн сайхан амьдрахад хүний хичээл зүтгэл байхад л хангалттай. Харин гайхалтай амьдаръя гэвэл хичээл зүтгэл, азаас гадна золиос гаргах хэрэгтэй болдог. Юуг ч орхигдуулахгүй, бүх зүйлийг тэнцвэртэй авч явна гэж байхгүй. Нэг зүйлийг онц илүүгээр хийе гэхээр өөр ямар нэг зүйл золиослогддог” гэж.
Ажил дээрээ илүү ч үгүй, дутуу ч үгүй яг л найман цаг ажилладаг бол хэзээ ч Элон Маск шиг болж чадахгүй шүү дээ. Харин амжилт гаргана гээд өдөр бүр 12 цаг ажиллаад байвал гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд гээд амьдралын бусад хэсэг орхигдоно.
Гэхдээ миний энэ бодол Ардад орсны дараа өөрчлөгдсөн. Юуг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байлгаж болдгийг удирдлагаасаа харж авсан. Хэрвээ хүн ухаалаг ажиллаж чадвал ажил амьдралын баланс гэж байдаг юм байна, түүнийг барьж болдгийг сурч байна.
Тийм ээ. Их бага, ил далд байдлаар янз бүрийн хүлээлт ирж байгаа нь мэдрэгдэж байсан. Хүмүүсийн хүлээлтэд хүрнэ гэдэг амаргүй. Гэлээ гээд хичээл зүтгэлээ хэзээ ч хаяж болохгүй. Хичээл зүтгэл хэзээд байх ёстой.
Зэнгийн сургаалд нэг ийм гүн агуулгатай үг байдаг “Аягыг угаахын тулд л угаа” гэж. Өөрөөр хэлбэл хэн нэгний хүлээлтэд хүрэхийн тулд юм уу эсвэл таалагдахын тулд битгий ажилла. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд л ажиллах хэрэгтэй гэсэн санаа. Ингэж хийсэн ажил жинхэнэ ажил болдог. Нөгөө нь харин попролт болно (инээв). Тэгээд зорилгынхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллаж явахад аяндаа хүлээлт ч гэсэн биелсэн байдаг. Хүн өөрөө хичээвэл бусад бүх зүйл хичээнэ. Чи хичээхгүй бол бол өөр юу ч хичээхгүй.
Бид ихэнхдээ хаустай болчхоороо, мөрөөдлийн машинаа авбал, мөнгөтэй л болчихвол аз жаргалтай болчихно гэж боддог. Гэхдээ тийм биш. Аз жаргалыг эд баялаг юм уу, ямар нэгэн хөдөлгөөнт “бай” гэж хараад араас нь хөөж явсаар хүрч чадалгүй тэгсгээд дуусчихвал гунигтай шүү дээ. Тэгэхээр аз жаргал гэдэг нь нэг зүйлийг авчхаар хамтдаа хүрээд ирдэг дагавар бүтээгдэхүүн биш байх нь. Харин байгаадаа сэтгэл хангалуун байх, түүнийхээ хажуугаар илүүд тэмүүлэх сэтгэлзүйн баланс юм болов уу.
Сэтгэгдлүүд (0)