Өөрийнхөө дахин давтагдашгүй чанарыг олж тань!

Humans of Ard-ын энэ удаагийн дугаарт Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетингийн Менежер Б.Ганчимэг уригдан оролцлоо.

Б.Ганчимэг, Маркетингийн Менежер, Ард Санхүүгийн Нэгдэл

Humans of Ard-ын энэ удаагийн дугаарт Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетингийн Менежер Б.Ганчимэг уригдан оролцлоо. 

Ардын багт нэгдэж байсан үеийн дурсамжаа эргэн санавал… 

Энэ тухай дурсах төдийд дотор хүн минь надад: “Боломж олдсон дээр нь баярлалаа гэдгээ хэлээд ав” гэж байна, хэхэ. Намайг энэ “супер” багт нэгдэх “гүүр” болж өгсөн, тухайн үеийн Ардын Маркетинг Эрхэлсэн Захирал, одоо АрдШопын СЕО-оор ажиллаж буй Б.Ариунаа гэдэг зарчимч, мундаг эмэгтэйд хамгийн түрүүнд БАЯРЛАЛАА гэж хэлэхийг үргэлж хүсдэг, марталгүй бодож явдаг. Гэхдээ энэ үгийг боломж олдвол хэлчих юмсан гэж бодогддог өөр хэд хэдэн хүн бас бий. Би хэдий залуу ч гэсэн цөөнгүй удаа сорилттой, сонирхолтой гэмээр цаг үеийг туулсан. Тэр үеүдэд намайг ойлгож, дэмжиж, гол нь надад итгэсээр байсан хүн бүр эргээд надад тэр хэрээрээ, магадгүй түүнээс ч илүү үнэтэй. Би өөрөө их хувиа хичээмтгий хүн болохоор өөрөөсөө бусдыг анхаарч, тусалж, дэмжиж чаддаг хүмүүсээр хэзээд бахархдаг. 

Ард бол шударга талбар 

“Цүнх баригч” гэдэг зүйл зөвхөн төрийн албанд байдаг гэж боддоггүй. Том, жижиг хувийн хэвшлүүдэд ч мөн аль хэдийнээс даргаа дагаж намирдаг, түүнийхээ үр шимээр тушаал дэвших горь тээх, ядаж л сандлаасаа салчихгүй байх арга хайгсад байсаар л ирсэн шүү дээ. Харин Ардаас хэзээ ч ийм дүр зургийг та олж харахгүй. Миний хувьд шударга шулуун байдлаас урам зориг авдаг, хэрвээ ямар нэгэн зүйлийг өөрөө хуурмаг байдлаар хийх эсвэл ажил, амьдралын орчинд маань тэдгээр зүйлс анзаарагдаж эхэлбэл эрч хүчгүй болж, зугтаж холдохыг хүсдэг. Залуу хүн нэг байгууллагадаа удаан ажилласнаар нэг хэвэндээ хайрцаглагддаг, 3-5 жил тутамд ажиллах компани болон салбараа солих хэрэгтэй гэж карьер коуч нар зөвлөдөг ч Ард Холдингсын Маркетинг багт байгаа маань намайг 33 өөр хайрцганд ээлжлэн сэлгэж, 33 өөр компанийн талаар мэдэж байх шаардлагыг бий болгодог. Энэ нүсэр бүтцийн “орой” хэсэгт нь багийнхантайгаа зүтгэж яваа нь яалт ч үгүй миний бахархал. 

Өөрийнхөө дахин давтагдашгүй чанарыг олж тань!

Өөрийгөө олно гэдэг бол “гэгээрнэ” гэсэн үг биш. Зүгээр л идэж ууж, таргалж турж, өвдөж жаргаж яваа өөрт оногдсон бие дэх “оюун санаа” гэдэг хэсгийг хоол идэхдээ орцыг нь амтлаад нэрлэж мэддэг шиг “танин мэдэх”-ийг хэлнэ. Би хэн бэ, юу хүсдэг, өглөө бүр босоод гэрээс гарч алхахдаа би юуны төлөө яваа, энэ бүхний эцэст би хаа хүрэх, тэр нь надад хэр үр ашигтай, утга учиртай зүйл вэр гэдгийг энгийн үгээр хэлэхэд амаргүй тэр ойлголт. Мэдээж хүн бүрийн өөрийгөө таних цаг үе адилгүй. Надад тохиолдсон баяртай, гунигтай мөч бүхний дараа би өөрийгөө үнэн мөнөөр нь танин мэдсэн талаар одоо л ярьж байхад надаас маш олон насаар дүү залуус аль хэдийн өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, түүндээ бат итгэлтэй байгаа нь хайрлам харагддаг. Хэзээ ч, хэнтэй ч дахин давтагдашгүй өөрийн мөн чанараа таньж чадсан хүн бүхэнд би хувиасаа баяр хүргэмээр байна. Учир нь ийм үед намайг ирээдүйд ямар бэрхшээл саад хүлээж байгаа нь сэтгэл зовоодоггүй, зүгээр л юу ч тохиолдсон даваад гарна, чадна гэдэгтээ итгэх “хүч” л мэдрэгддэг. Би өөрийн гэсэн “хүч”-ээ олж авсан. Тэр бол “бүхнийг хайрлах”, “талархах”, “хүндлэх”, “зорилгоо мартахгүй ч амар тайвнаар урагшлах”. Учир нь зорилгодоо хүрэхээр зүтгэх замдаа өөрийгөө хэт голж гоочлох, сэтгэлээ гундаах хандлагуудыг би өөртөө гаргаад байвал зорилгодоо хүрэх үед сэтгэлзүйн эрүүл мэнд маань тодорхой хэмжээнд өвчилсөн байж болох шүү дээ. Тиймээс зорилгоо анхнаасаа холын, ойрын гэж ангилаад түүндээ аз жаргалтай, сэтгэл хангалуунаар хүрч байж бүрэн биелэлээ олно гэж бодож байна. Хамгийн сүүлд надад үргэлж аз жаргал авчирдаг нэгэн хандлагаа хэлье. Энэ бол: “Би хэзээ ч хохирохгүй” гэдэг бодол. Жишээлбэл, та хэн нэгэнд маш их сэтгэл, цаг хугацаа гаргасан байхад нөгөө хүн тань ойлгохгүй, хүндлэхгүй байвал хамаг сэтгэл, цагаа зарцуулснаараа та хохирогч уу? Би хувьдаа “хэзээ ч үгүй” гэж хэлнэ. Хэзээ ч, ямар ч үед би хохирогч болохгүй. Учир нь, миний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл хэн нэгнээс буцаан хариу нэхэж буй зүйл хэрхэвч биш, анхнаасаа тийм сэдэл огт үгүй тул эргээд надад ирэх хариу үйлдэл зөвхөн тэр хүнийх. Минийх биш. Би жаргалтай, сэтгэл хангалуун, сайхан сэтгэлээ харамгүй түгээсэн хэвээрээ л цааш алхах болно. Энэ бодол маань намайг өөртөө итгэлтэй, баяр баясалтай байлгадаг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд