Ажлын талбар бол тасралтгүй хөгждөг, шинийг эрэлхийлж, шийдэл олдог газар байх ёстой

Хурдтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй санхүүгийн салбарт, тэр тусмаа банк бусын зах зээлд томоохон тоглогч болж буй Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдсон Х.Билгүүнтэй ярилцлаа.

Х.Билгүүн, Санхүү Эрхэлсэн Захирал, Ард Кредит ББСБ 

Хурдтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй санхүүгийн салбарт, тэр тусмаа банк бусын зах зээлд томоохон тоглогч болж буй Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдсон Х.Билгүүнтэй ярилцлаа.

Тэрээр Их Британи Улсын Глазговын Их Сургуульд Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр сурч ирээд удалгүй Ардын эгнээнд нэгдсэн юм. Үүнээс гадна МУИС-ийн ЭЗС-д Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр,  Бакалаврын зэргийг тус тус хамгаалж, АНУ-ын Виржиниагийн Их Сургууль, Сингапурын Олон Улсын Валютын Сан зэрэг нийт 30 орчим мэргэшүүлэх сургалтад хамрагджээ. Ажлын гараагаа Сангийн Яаманд хэрэгжсэн Дэлхийн банкны төслийн зөвлөхөөр эхэлсэн тэрээр Монгол улсын төсвийн төлөвлөлт хийхэд гар бие оролцож, үргэлжлүүлэн Санхүүгийн Зохицуулах Хороонд Ахлах Референтийн албан тушаал хашихдаа хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход төвлөрч ажилласан байна. Түүний ажлын карьер болон хувь хүний талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Юуны өмнө Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдсонд баяр хүргэе. Бидэнд өөрийгөө товч танилцуулаач?

Баярлалаа. Намайг Хүрэлбаатрын Билгүүн гэдэг. Саяхан Их Британид суралцаж ирээд Ард гэх их айлд нэгдээд удаагүй байна. Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг төрийн байгууллага болон хувийн салбарт ажилласан туршлагатай.

Өөрийн тань хувьд бодлого боловсруулах, зохицуулах түвшний төрийн байгуулагуудад нилээд хугацаанд ажилласан байна. Яагаад хувийн секторт ажиллахаар шийдсэн бэ?

Төрийн байгууллагаас хувийн салбарт ажиллана гэдэг надад хувь хүн болон карьерын талаас том шилжилт байсан. Карьерын хувьд төрд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн салбарын зохицуулалт талдаа түлхүү ажиллаж байлаа. Зохицуулагдаж буй салбар дээр маань яг юу өрнөж байгааг мэдэрч үзэхийг хүссэн учраас энэ сонголтыг хийсэн. Өөрөөр хэлбэл “ground decision making process”-ыг мэдэхийг хүссэн. Их Британи болон бусад улсуудад суралцах хугацаанд хөрөнгө оруулалтын банкир, сангууд болон бусад санхүүгийн салбарын олон мэргэжилтнүүдтэй уулзаад санхүүгийн зах зээлийн хөгжил манайхаас маш өөр түвшинд байгааг ойлгосон. Эх орондоо буцаж очоод өөрөө дунд нь орж ажиллах ёстой юм байна гэж боддог болсон нь миний шийдвэрт их нөлөөлсөн. Хувь хүнийхээ хувьд залуу байгаа дээрээ эрсдэл үүрч, өөрийгөө дараагийн түвшинд бэлтгэе гэж бодсоны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. Хүн нас ахих тусмаа туршлагажиж, алдаа гаргах нь багасдаг ч эрсдэл гаргах чадвар мууддаг гэдэг. Тэгэхээр залуу байгаа дээрээ эрсдэл үүрч, өнөөдрийг хүртэл сурсан мэдсэнээ бизнесийн талбарт хэрэгжүүлж үзье гэж шийдээд монголын томоохон санхүүгийн байгууллагад нэгдэхээр шийдсэн дээ. Түүнчлэн, Ардын санхүүгийн салбарт үргэлж анхдагч байж, шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ санхүүжилтийн шийдлүүдийг ашиглан зах зээлд санал болгодогт нь их татагдсан. Өөрийн хүч, чадвар, ухаанаа сорьж, шинэ бүхнийг бүтээхэд гар бие оролцох нь боломж гэж харсан юм.

Төрийн албанд ажиллах, хувийн компанид ажиллахын давуу тал, онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье. 

Сайн, муу гэдэг талаасаа биш ялгаа гэдэг утгаар асуулаа гэж ойлгож байна. Хувийн туршлагадаа үндэслээд яривал, төрд ажиллахын давуу тал нь асуудлыг том зургаар харах чадварыг суулгадаг. Аливаа шийдвэрийг нэг хэсэг бүлэгт бус нийтийн хүрээнд тохирох байдлаар харах ухаанд суралцуулдаг гэж боддог. Энэ нь өөрөө маш том давуу тал юм. Харин хувийн секторт бол тухайн салбараа сайн мэдэрч, хэрэглэгчээ ойлгон, хурдтай бөгөөд оновчтой шийдвэрүүд гаргахыг шаарддаг. Тэр тусмаа санхүүгийн салбарт өдөр тутамдаа шинэ өөрчлөлтүүдтэй нүүр тулдаг учраас бусад салбараас илүү хурдан бөгөөд алдаагүй ажиллах ёстой байдаг. Миний хувьд төрд ажиллах явцдаа сурсан, асуудлыг цогцоор харж шийдвэр гаргах болон бусад чадваруудыг хувийн салбарын онцлогт тохируулан ажиллахыг хичээж байна даа.

Ард Кредит нь нэг талаас ББСБ боловч нөгөө талаас олон мянган хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа нь Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд нээлттэй арилжаалагддаг, олон төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ утгаараа уг байгууллагын Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдсон нь маш том хариуцлага. Таны хувьд энэхүү чухал байгууллагыг яаж харж, ямар зарчмаар ажиллахыг төлөвлөж байна вэ?

Тиймээ, Ард Кредит бол томоохон санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүн, олон талын зохицуулалттай компани. Энэ утгаараа маш өндөр хариуцлага гэж харж байна. Дөнгөж томорч буй банкнаас бусад санхүүгийн салбарт итгэлцэл болон ёс зүй гэсэн хоёр зүйл маш чухалд тооцогддог. Бидний хувьд харилцагч, хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогч бусад талуудын итгэлийг огтхон ч алдах ёсгүй. Мөн санхүүгийн салбарт өндөр ёс зүйтэйгээр бусад байгууллагуудтай болон зохицуулагчидтай хамтран ажиллах хэрэгтэй. Эдгээр зарчмыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг хичээнэ дээ. Түүнчлэн, Санхүү Эрхэлсэн Захиралын хувьд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар захиран зарцуулж, арвижуулахад анхаарч ажиллана. Хөрөнгө оруулагчдын хувьд компанийн бодит үнэ цэнэ тогтвортойгоор өсөж байх нь чухал. Зах зээлийн хөдөлгөөнөөс үл хамааран бизнесийн бодит үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

Таны хэлснээр Ард Кредит ББСБ ХК нь нэг талаас Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн хэсэг. Тэр утгаараа таны хувьд томоохон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлийн компанийн нэг хэсэг болж, олон төсөл хөтөлбөрүүдэд оролцож байгаа байх. Эдгээр төслүүдэд өөрийн эзэмшсэн боловсрол, туршлагаа хэрхэн шингээж ажиллах вэ? 

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд маш хурдацтай өсөж буй олон охин компанитай санхүүгийн салбарын томоохон тоглогч групп компани. Алсын хараа нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох шүү дээ. Тийм учраас нэг хэсэг бус Монгол улсын нийт иргэдийн төлөө ажилладаг, үндэстнээрээ хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авахын төлөө ажилладаг гэж ойлгодог. Энэхүү алсын хараа нь миний өдийг хүртэл төлөвшсөн үзэл баримтлалтай нийцэж байгаа учраас өөрийн ажлын туршлага болон санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж эзэмшсэн мэдлэгээ бүрэн ашиглаж, зөвхөн Ард Кредит бус Ард Санхүүгийн Нэгдлийг улам хурдтай хөгжихөд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж ажиллана. Миний хувьд төсвийн төлөвлөлт хийх болон хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн болохоор санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож төлөвлөх, шинэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах, дан ганц ББСБ-ын салбараас гадна хөрөнгийн зах зээл дээр ажиллахад компанидаа давуу тал бий болгож чадах болов уу. 

Залуу удирдагчийн хувьд өдөр тутмын ажилдаа ямар гол зарчмуудыг баримтлан ажилладаг вэ?

Мэдээж аливаа ажил ганц, хоёрхон хүчин зүйлийн нөлөөгөөр амжилт олохгүй. Ажлын цар хүрээ том байх тусам оролцогч талууд, анхаарах асуудлууд их байна. Төсөл амжилттай хэрэгжихэд олон талын оролцоо, чадварууд шаардлагатай боловч ганц, хоёрхон шалтгаанаас болоод төсөл нурчих тохиолдол байж болно. Тэгэхээр өөрийн оролцож буй ажил бүртээ бүтээлчээр хандаж, шийдэл гаргалгаа гаргах нь чухал юм. Миний хувьд асуудалтай байна гэхээс илүү одоогийн нөхцөлд яаж илүү болгож бүтээх шийдэл олох талаар бодохыг хичээдэг, ажилчдаа ч тийм байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, асуудалтай тулгарахад шийдэж болох хувилбартай байхыг хичээдэг. 

Ажлын орчинд баримталдаг миний өөр нэгэн зарчим бол харилцааны өндөр соёлтой байх. Ямар ч шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулаад, хүнд хүргэж чадахгүй бол тоосонд дарагдаад үлддэг. Өөрийн санал санаачилгыг ажил хэрэг болтол нь, шат шатны хүмүүстэй зөв зохистой харилцааг бий болгож чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Ер нь аливаа ажлын үндсэн суурь нь явж явж харилцаан дээр л тогтдог. Тэгэхээр, ажилчдадаа нээлттэй харилцаатай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн асуудлаа шийдүүлэх хүртлээ өөрөө хариуцаад авч явах хэрэгтэй гэдгийг л байнга хэлдэг дээ. Түүнчлэн, ажлын талбар бол тасралтгүй хөгждөг, суралцдаг, шинийг эрэлхийлж, шийдэл олдог газар  байх ёстой. Өөрийн эргэн тойрон, хийж буй бүхий л зүйлээсээ суралцах хэрэгтэй. Эдгээр зарчмыг голлон баримталж ажилладаг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд