М.Алтайбаатар, Систем Аналист, IT төслийн менежер, ТэнГэр Системс
Humans of Ard-ын маань энэ удаагийн дугаарт технологийн салбарыг бизнесийн салбартай уях ажлын гол хэсгийг зангидаж яваа IT төслийн менежер М.Алтайбаатар уригдан оролцлоо.
Би 10 жилд байхдаа их даруухан чимээгүй хүүхэд байсан. Их сургуулиа төгсөж ажилд орсны дараа ч энэ зангаасаа болоод хийсэн ажлаа хамгаалж, танилцуулж чадахгүй үе олон байлаа. Өөртөө итгэлгүй, айдастай байсан үе маань юм уу даа. Ажлын талбар дээр гараад 6 жил болоход анх удаа хэлтэс удирдаж үзэв. Энэ үеэс л өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Баг удирдана гэхээр зайлшгүй өөртөө итгэлтэй байх шаардлага тулгардаг юм билээ. Өөрөөр хэлбэл бусдын хүлээлтэд хүрэхийн тулд дотор байгаа хүнээсээ тэс өөр хүн болж дүр эсгэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэр дүртэйгээ тодорхой хугацааны дараа нэгдэж эхэлсэн. Хүн өөртөө, хийж байгаа ажилдаа итгэлтэй байхаар цаанаасаа л бүх зүйл амархан бүтээд байдаг юм билээ. Итгэл үнэмшил гэдэг ямар ч ажлыг хийж чадах, түүнийгээ хамгаалах, хурдан явуулж, үр дүн гаргах гээд алхам бүрт чухал нөлөө үзүүлдэг маш чухал зүйл.
2016 онд Мандал даатгалд төгссөн мэргэжлээрээ 5 жилийн дараа ажиллаж эхлээд анхныхаа аппликэйшн хийх төслийг эхлүүлж байв. Гэвч тэр маань амжилтгүй болж, хэрэглээнд ч гараагүй. Энэ нь надад маш том хичээл болсон бөгөөд өнөөдрийн эхлэл байв. Үүнээс хойш тасралтгүй IT төслийн менежмент, систем аналистаар ажиллаж дотоодын болон ОУ-ын хэд хэдэн төслийг амжилттай хийгээд байна. Одоо компани болгон технологийн шинэ шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсалд нэгдэж байгаа. Миний харж байгаагаар технологийн шийдэл нь том жижиг системээс хамаараад тухайн бизнесийнхээ үйл ажиллагаанд нутагшиж, жигдэртлээ багагүй хугацаа зарцуулдаг. Зарим том систем хэдэн жилээр яригдаж байна. Нэвтрүүлэх гэж байх хугацаанд нь дараагийн шинэ технологи хэдийнээ гараад ирчихсэн, арай гэж нэвтрүүлсэн систем нь хуучраад эхэлдэг кэйс цөөнгүй харсан. Учир нь хүний хүсэл хязгааргүй. Түүнийгээ дагаад хүний хүслийг хангах технологийн боломжууд маш хурдан өөрчлөгдөж байна.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсал дэлхийн технологийн салбарыг төрөлжүүлж байгаа. Технологийн компаниуд аль нэг чиглэлээ бариад дагнаад хөгждөг болчихсон. Нөгөөтэйгүүр энэ их төрөлжсөн технологийн шийдлүүдийг бизнесийн салбарт яаж зөв зохицуулан ашиглах вэ гэдэг нь тун сонирхолтой болоод байгаа. Бүр “Solution architect” гэдэг мэргэжил хүртэл гараад ирлээ. Энэ салбарт ажилладаг хүний хувьд нэг зүйлийг анзаардаг. Энэ мэргэжил манайд дутагдаж байна уу даа гэж. Технологи болон бизнесээ сайн мэдэхгүй гэдэг нь аль аль талдаа байгаа боломж, нөөцүүдийг сайн ойлгохгүйгээр шийдвэр гаргахад хүрч энэ нь үргүй зардал болон хувирдаг. Тиймээс технологи яаж хөгжиж байна, хаашаа явж байна, ямар боломж байна, бид үүнийг ямар хүрээнд хүртэл ашиглаж болох вэ гэдгийг сайн мэддэг байх нь чухал. Дараа нь хөгжүүлэгч багтайгаа нэг хэлээр ярьж, тухайн ажлыг ямар хугацаанд хэрхэн хийх, ямар технологи ашиглах зэргийг ойлгодог байх нь чухал. Эцэст нь, суурь системийн бүртгэл, түүнийг хадгалах баазын зөв зохион байгуулалтыг хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь мэдээж бизнестэйгээ нягт уялдаатай байх нь хамгийн чухал. Нэг ёсондоо аль аль талынхаа ямар хугацаанд ямар боломж бий болгож болохыг сайтар мэддэг байх хэрэгтэй гэж бодож явдаг.
Ингэж хурдацтай хөгжиж байгаа талбарт ажилладаг учраас сүүлийн жилүүдэд өөртөө нэлээд хөрөнгө оруулалт хийж байна. Өгөгдлийн бааз, их өгөгдөл, суурь систем, шинэ технологи, програмчлалын хэлүүдийг нэвт шувт мэдэхгүй ч зохистой хэмжээнд боломжуудыг нь мэдэж байж л ажил үүргээ амжилттай хэрэгжүүлж үр дүн гаргаж чадна. Нэг үгээр хэлбэл мэдлэгээ солонгоруулна гэх үү дээ. Одоо бол ажил маань гарт ороод хийхэд хэцүү биш санагддаг болоод байгаа. Яаж илүү сайжруулах уу? ямар шийдэл байна гэж бодоод судлаад, хийж байгаа ажлаа улам төгс болгохыг хүсээд ирэхээр ажлаасаа кайф авдаг болсон. Ажил маань хобби болж байгаа юм болов уу гэж боддог. Ардад орж ирээд санхүүгийн салбарын технологийн шийдлүүд юу байна гэдгийг судлаад хоббигоо олон салаа замтай болгоод, улам бүр өнгө нэмээд явж байна. Миний хувьд яг энэ чиглэлийн ажлаа, хоббигоо олох гэж 8 жилийн турш янз бүрийн зүйл сэдэж, оролдож, бүтэлгүйтэж үзсэний дүнд энд ирсэн байна.
Миний Ардад орж ирсэн шалтгаан бол компанийн бодлого нь гэхүүдээ. Бизнес болгоныг төрөлжүүлээд, тусд нь компани болгоод, тусд нь захирал томилоод энийг илүү төгөлдөржүүлээд төгс болгоод аваад яв гээд салгаад байгаа нь маш зөв санагддаг. Аж үйлдвэрийн 4-р хувьсал гэж яриад байгаагийн суурь ойлголт нь энэ байгаа юм. Өнөөдөр нэг хүн, нэг компани бүх юмыг хийнэ гэж дайрахаа больсон. Бүх зүйл төрөлжиж, төгөлдөржиж байгаа. Эндээс л хэрэглэгч талдаа ч, компани талдаа ч тэр улам их үнэ цэн бий болж байгаа гэх хардаг.
Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Нэг газраа удаан тогтвортой ажиллах нь чухал гээд. Гэхдээ надад тэгж санагддаггүй. Нэг газар ороод 1 сар, 2 сар болоод гарч байгаа бол буруу. Юу ч хийж бүтээж, сурч чадахгүй. Харин тухайн компанид ажиллаж байх хугацаандаа бүх юмаа ойлгож мэдээд, сурч хөгжөөд, компанидаа хувь нэмрээ оруулаад дараагийнхаа төвшинд гарах гэхээр хана очиж мөргөөд нормальдаад ирэхээрээ гарч байгаа бол тэр зөв. Мэдээж ахиад сурах хөгжих боломжийг тухайн компани нь өгч чадаж байвал боломжоо ашиглаад хийж бүтээгээд, компанидаа улам их өгөөжтэй ажиллах хэрэгтэй. Үгүй бол өөрийг тань хөгжүүлэх шинэ зүйл хийж бүтээх боломж олгох тэр компанийг хайх, эсвэл өөрөө байгуулах нь зөв. Ер нь хүн компанийнхаа төлөө компанид байх хугацаандаа ажилладаг ч насан туршдаа өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө ажилладаг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлж, сорьж, өгч чадах бүхнээ өгөөд эргүүлээд авах зүйлээ аваад явах тийм боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг.
Сэтгэгдлүүд (0)