Эрсдэл - Өгөөж гэдэг бол яг л зоосны 2 тал адил.

Үндэсний Хувьчлалын Сангийн менежер Ч.Даваасамбуу

Монголын хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сангийн менежер Ч.Даваасамбуутай өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Таны санхүүгийн салбарт хэдэн жил ажиллаж байгаагаар яриагаа эхлүүлье.

Хөрөнгийн зах зээлд 4 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжлээ хэрхэн сонгож байсан талаараа хуваалцаач.

Би Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Санхүүгийн менежментээр төгсөөд 1 жил хувиараа хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаад 2018 онд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК-д санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед Ард олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог Стартап компани байсан.

Санхүү, тэр дундаа хөрөнгийн зах зээлийг сонгоход багаасаа бусад хичээлүүдээс илүү тоондоо сайн,  олимпиадуудад ч их оролцдог хүүхэд байсантай тодорхой хэмжээгээр холбоотой байх. Тоотой харьцах дуртай, юмсын зүй тогтлыг олох нь маш сонирхолтой санагддаг байсан. Санхүү гэдэг ойлголт тэр чигтээ тоо байдаг учир дуртай зүйлдээ хөтлөгдөн энэ чиглэлээр суралцсан. Одоогоор Монголын хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сангийн менежерээр ажиллаж байна.

Энэ салбарт ажиллахын сонирхолтой тал болон давуу байдлыг та юу гэж тодорхойлох вэ?

Энэ салбар бол маш сонирхолтой салбар. Учир нь ямарч чиглэлийн хүн оролцох боломжтой. Та эмч, цагдаа, багш, хэн ч бай хөрөнгө оруулалт хийж, өгөөж хүртэх боломж үргэлж нээлттэй байдаг. Тухайн санхүүгийн хэрэгслээсээ шалтгаалан өгөөж, эрсдэлийн хэмжээ харилцан адилгүй. Та хэт өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл сонговол тэр хэрээрээ өндөр эрсдэл үүрнэ. Харин эсрэгээрээ бага өгөөжтэй бүтээгдэхүүн сонговол төдий чинээ бага эрсдэл үүрнэ. Эрсдэл - Өгөөж гэдэг бол яг л зоосны 2 тал адил. Хөрөнгө оруулалт хийхдээ хувьцаа, бонд, хадгаламж зэрэг өөр өөр төрлийн олон санхүүгийн хэрэгслээр зөв багцаа бүрдүүлбэл эрсдэлийн түвшинг бага байлгаж, өндөр өгөөж хүртэх боломж бүрдэнэ.

Мэдээж зөв багц бүрдүүлнэ гэдэг маш их судалгаа, тоон болон чанарын мэдээлэл, зөв тооцоо дээр үндэслэдэг. Зөв шийдвэр гаргах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал зүйл.

ХОС-ийн сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар яриагаа үргэлжлүүлье. Одоогоор нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгийг хэдэн төрлийн салбарт хуваарилан ажиллаж байна вэ?

2020 оны эцсээр Үндэсний Хувьчлалын Сангийн цэвэр хөрөнгө 4.9 тэрбум төгрөг байсан бол 2021 оны эцэс гэхэд 9.3 тэрбум төгрөгт хүрч, 91.2 хувиар өссөн. Энэ бол маш өндөр өсөлт. Энэ дашрамд өндөр өсөлт хүртэж чадсан 6,000 гаруй нэгж эрх эзэмшигчдэдээ баяр хүргэмээр байна.

Одоогоор Сан нь 24 нээлттэй компанийн хувьцаа, бонд, хадгаламж гээд нийт 7 төрлийн салбар руу хөрөнгө оруулалт хийсэн байна. Багцын дийлэнх хувийг Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд эзэлдэг. Бидний бүрдүүлсэн багцын чанар маш сайн үзүүлэлттэй байгаа. Манай баг өдөр бүр багцын эрсдэл болон хүлээгдэж буй өгөөжид нэгж эрх эзэмшигчдийнхээ өмнөөс анхаарал тавин ажилладаг.

Нээлттэй болон хаалттай сангийн ялгаа юу вэ?

Хаалттай гэдэг нь зах зээлд нийлүүлэх нэгж эрхийн тоо хязгаартай гэсэн үг. Манай сангийн хувьд хаалттай төрөлд багтдаг ба  нийт 50 сая ширхэг нэгж эрхийг анхдагч зах зээлд гаргасан. Өөрөөр хэлбэл, хоёрдогч арилжаанд энэ 50 сая ширхэг нэгж эрх л арилжаалагдаж байгаа гэсэн үг.

Харин нээлттэй хамтын сан гэдэг нь нэгж эрхээ хязгааргүй тоо  хэмжээгээр хоёрдогч зах зээлд гаргах боломжтой байдгаараа ялгаатай. Эрэлтийн хэмжээгээр  зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Хөрөнгө оруулагчид нь эзэмшлийн нэгж эрхээ тухайн нэгж эрхийг гаргагчдад буцаан худалдах эрхтэй байдаг. Энгийнээр, хөрөнгө оруулагчид хүссэн үедээ хөрөнгө оруулах болон тухайн хөрөнгө оруулалтаа буцаан татах боломжтой  юм.

Нэгж эрхийг худалдах, худалдан авах ханш нь тухайн үеийн сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогддог. Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн зах зээлийн ханш 2021 оны 4 сард 653 төгрөгт хүрч байсан. Тухайн үед сангийн нэгж хувьцаанд ногдох цэвэр хөрөнгийн үнэ(NAV) 172 төгрөг байсан нь хөрөнгө оруулалтын сангийн эрэлт хэр их байсныг харуулж байгаа юм.

Сангийн менежерийн хувьд ХОС-ийн цаашдын зорилго, төлөвлөгөөг харилцагчидтайгаа хуваалцаач

2021 онд эдийн засаг цар тахлын нөлөөгөөр саармагжсан ч Үндэсний Хувьчлалын Сан эсрэгээрээ  өндөр өгөөжтэй ажиллаж чадсан. Монголбанкнаас зөөлөн мөнгөний бодлого баримтлах замаар эдийн засгийг эмчлэх арга хэмжээ авч, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурсан. Мөн 2021 оны эхэнд инфляц 2.4 хувь байсан бол оны эцэст 13.4 хувь хүртэл өссөн зэрэг нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн юм.

Цаашид инфляцын түвшин  тийм амар буурах дүр зураг харагдахгүй байна. Тиймээс сан нь цаашид аль болох инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгслийг багцдаа түлхүү нэмж, төгрөгийн уналтаас хамгаалсан хөрөнгө оруулалтуудыг багцдаа нэмээд байгаа нь багцын эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Энэ онд бид 2021 оны өндөр өсөлтийг хадгалах, эрсдэлийг хамгийн бага байлгахад анхааран ажиллаж байна.

Сэтгэгдлүүд (1)

    Maral
    ·2024 оны 05 сарын 15, 16:29
    Uneheer goy niitlel bolson bna. Tsarailag humuus genes saitai bdg gsn uhaantai ch tsarailag ch managertein

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 02 сарын 20, 15:23

Ардад хэрхэн

featured
2022 оны 02 сарын 22, 04:00

QR код гэж юу вэ?

featured
2022 оны 02 сарын 26, 04:00

Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

featured
2022 оны 03 сарын 2, 04:00

Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд