АРД СЕКЮРИТИЗЫГ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК БОЛГОХЫГ ЗОРИНО

Энэ удаа бид Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар томилогдоод буй Х.Билгүүнийг зочноор урьж, хувь хүн талаас нь болон компанидаа хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа.

Photo 2024 09 19 14 27 00

Юуны өмнө Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар томилогдсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

Баярлалаа. Ардын Мэдээ сонинг уншиж буй эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хүрэлбаатарын Билгүүн гэдэг. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд Ард Секюритиз ҮЦК-ийн ТУЗ-ийн Даргын албан тушаалыг хашиж байгаад сарын өмнөөс тус компанийн Гүйцэтгэх Захирлаар томилогдоод байна. Миний хувьд төр, хувийн хэвшилд 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Ардын хамт олонтой нэгдээд 3 жил орчим хугацаа өнгөрчээ. Тус албанд томилогдохоос өмнө Ард Санхүүгийн Нэгдэл ХК, болон Ард Кредит ББСБ ХК-д Санхүү Эрхэлсэн Захирлаар тус тус ажилласан байна.

Таны карьер, боловсрол, туршлагын талаар дэлгэрүүлж асуумаар байна. Тасралтгүй хөгжиж, салбар бүрээс туршлага хураах явцад өөрийн ойлгосон, мэдэрсэн зүйлсээс уншигчидтайгаа хуваалцааач.

Ардад нэгдэхээс өмнө Мөнхбумууд ХХК-д Санхүү Эрхэлсэн Захирал, Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт Цаасны Газар болон Мөнгө Угаахтай Тэмцэх албанд Ахлах Референтээр ажиллаж, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, зохицуулалтын орчныг сайжруулах, Монгол Улсыг ФАТФ-ын шаардлагуудыг хангуулахад Хорооноос хамаарах ажлуудыг удирдан ажиллаж, Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хэрэгждэг Дэлхийн банкны төсөлд Дотоодын зөвлөхийн албан тушаалтайгаар Монгол Улсын 2013-2017 оны Төсөв, төсвийн тодотголуудын нэгтгэлийг боловсруулах, Орон нутгийн төсвийн нэгтгэл хариуцах, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг хуулийн өөрчлөлтүүдэд санал боловсруулах зэргээр ажиллаж ирсэн байна. Эргээд харахад, хувь тохиолоор ч юмуу төрийн шийдвэр гаргах процесст оролцож, нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр хэрхэн гардаг болон хувийн хэвшлийн хурдтай төслүүдэд хэрхэн ажиллах зэрэг асуудлыг аль болох олон талаас харж чадах чадваруудад сургасан ажлын туршлагыг хуримтлуулж чадсан юм болов уу гэж боддог юм. 

Харин боловсролын тухайд хэсэг судалгаа хийх ажилд дурлаж, судлаач болохыг зорьж явсан үе бий. Зэрэг авах боловсролын тухайд хамгийн сүүлд 2021 онд ИБУИНВУ-ын Засгийн Газрын Чевенингийн тэтгэлгээр Шотландын Глазговын Их Сургуулийн Адам Смит Бизнесийн Сургуульд “Санхүүгийн таамаглал ба Хөрөнгө оруулалт” мэргэжлээр суралцаж,  “Хөрөнгийн зах зээл эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг үү? Их Британийн эмпирик судалгаа” сэдвээр Магистрын зэрэг хамгаалж сургуулиасаа Адам Смитын нэрэмжит шагнал болон Льюс Окландын нэрэмжит шагналуудаар шагнуулан төгсөж байв. Монголдоо 2018 онд МУИС-ЭЗС-ийн Эдийн Засгийн Онолын магистрт суралцаж, “Мөнгөний болон Сангийн бодлогын Хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” сэдвээр Магистрын зэрэг хамгаалж, тус судалгааны ажлаараа Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хуралд түрүүлж байсан юм байна. Ингээд бодохоор эртнээс шунан дурлаж, сурлага болоод ажлын карьераа чиглүүлж байсан зах зээл маань хөрөнгийн зах зээл юм даа. Одоо яг гар бие оролцоод явж байгаадаа туйлын баяртай байдаг.

Үүнээс гадна таныг 30 гаруй олон улсын мэргэшүүлэх сургалтад тэтгэлгээр хамрагдаж байсан байх юм. Энэ их ажил, хоёр ч удаагийн магистрын сургалтын хажуугаар яаж энэ бүхнийг амжуулав аа? 

Бүгд ч тэтгэлэг бишээ (инээв). Бакалавраа төгссөний дараагаар ер нь сурахад шунан дурлаж, амьдралынхаа нэг хэсэг, зуршил болтол нь хэрэгжүүлсэн байсан. Одоо ч тасралтгүй сурсаар, сурах тусам л мэдэхгүй зүйл ямар их юм бэ гэдгийг ойлгодог доо. Анхандаа ажлын талбар дээр гараад мэдэхгүй чадахгүй юм ихтэй, макро эдийн засгийн ойлголтуудыг чанартай, системтэйгээр авах гэж ОУВС-ийн 10-аад сургалтыг 2 жил орчим сурч байснаа санаж байна. 

Тэр цагаас хойш карьер шилжилт ч нэлээд хийж. Тухай бүр ажлаа хамгийн сайн мэдэх хамгийн хурдан арга нь олон улсын сайн сургалтад хамрагдах нь надад хамгийн тохирсон санагдаж, ажлаа тараад л ганцаараа сууж сурсаар нэг мэдсэн 30 гарсан байна лээ. Ингэхдээ биетээр болон онлайн сургалтуудыг аль алийг нь хослуулжээ. Дундуур нь LEAD Mongolia, IMF-Singapore, University of Oxford, University of Frankurt зэрэг хэдэн байгууллагын сургалтад тэтгэлгээр явж. Хүн тэгээд ер сурч дуусах биш дээ. 

Таны өөрийгөө тасралтгүй, шантрахгүй хөгжүүлж ирсэн түүх маш олон залууст урам зориг өгөх биз ээ. Дараа энэ талаар тантай дэлгэрэнгүй ярилцъя. Одоо харин ажил хэргийн хэдэн асуулт асууя. Шинээр томилогдсон Ард Секюритиз ҮЦК-ийн ойрын болон цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Ард Секюритизын хувьд маш их ирээдүй бий. Ер нь Монголын хөрөнгийн зах зээл дөнгөж л хөгжиж эхэлж байна. Үүнд Ард Санхүүгийн Нэгдэл ХК маш өндөр үүрэгтэйгээр манлайлан оролцож байгаад хувь хүнийхээ хувьд ч, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд ч баяртай байхын сацуу чадах бүхнээ зориулахыг хичээж явна даа. 

Дэлхийд, ялангуяа АНУ, Европын болон Азийн тэргүүлэх хөгжилтэй улсуудад бизнесыг амилуулах, хөдөлгөх, хөрөнгө босгох гээд бүгд хөрөнгийн зах зээлээр дамжиж байна. Манайх хөгжлөөрөө дэндүү хол хоцорч ирж. Ардчилалд шилжсэнээс хойших 30 гаруй жилд манай иргэд зөвхөн арилжааны банкны суурь бүтээгдэхүүнүүдтэй л танилцаж, одоо л дөнгөж хурааж, хуримтлуулах дадал сууж эхэлж байна. Нөгөө талд нь манай бизнесүүд том, жижиггүй банкны зээл, гадаадын зээл тусламж, төсвийн хөрөнгө гэсэн хэдхэн боломжит эх үүсвэрээс голдуу санхүүжиж, бизнесээ босгож ирсэн байна. Одоо манай бизнесийн орчин дараагийн түвшиндээ гарч, Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгодог болох цаг нь болсон гэж хардаг. Үүнийгээ дагаад иргэд ч энгийн хадгаламжаас илүү өндөр өгөөж хүртэх боломжтой болно. Ядаж л зөвхөн банкны хадгаламж бус компанийн бонд, засгийн газрын бонд зэрэг бусад төрлийн тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй гэдгийг мэр сэр ойлгодог болж. Үүний жишээ нь, сүүлийн 2-3 жилд илт сэргэж ирсэн Биржийн бус зах зээл дээрх компанийн бондын тоо юм.

Ард Секюритизыг цаашид дэлхийн жишгийг дагаж, илүү хөрөнгө оруулалтын банк хэлбэртэй болгохын төлөө ажиллаж байна. Та бидний мэддэгээр дэлхийн санхүүгийн салбарт хамгийн алдартай нь Хөрөнгө оруулалтын банк л байдаг шүү дээ. Goldman Sachs, Morgan Stanley зэргээр нэрс дурдаад барахгүй. Компанийн нэгдэж нийлэх, эсвэл бүр татан буулгах, хөрөнгийн зах зээл дээр өрийн хэрэгсэл, хувьцааны санхүүжилт гээд төрөл бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэх бүхий л ажилд эдгээр хөрөнгө оруулалтын банкууд л мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Бидний хувьд яг л ийм зарчмаар Монголдоо хөрөнгийн зах зээлийг эрүүл, шударга, ёс зүйтэй, мэргэжлийн байдлаар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Манай толгой компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийн хэлдгээр, Монгол - Азийн Чоно эдийн засаг болох бүрэн боломжтой орон гэж боддог. Сүүлийн үед Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид бидэнтэй холбогдож хамтарсан бизнес ярьж байна. Монгол Улс энэ хэрээр анхаарлын төвд эргэн ирэх болж байна уу даа гэсэн мэдрэмж төрж байгаа. Цаашид Монгол Улсын болоод хувийн хэвшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд Ард Секюритиз хамгийн найдвартай, мэргэжлийн зуучлагч болж, хөрөнгө оруулалт татахад туслан хөрөнгийн зах зээлийн оролцогч бүрт харилцан ашигтай хамгийн зөв шийдлийг санал болгодог компани байх болно гэсэн зорилготойгоор ажиллаж байна даа.

460285647 928394949334173 4920332340547495970 N

Нэгэнт Ард Секюритиз ҮЦК-ийн талаар ярьсных, үнэт цаасны компаниудын ялгаа юундаа байдаг вэ? Хөрөнгө оруулалт хийхэд зуучилж буй үнэт цаасны компани яагаад чухал вэ?

Хөрөнгийн зах зээл тэр чигтээ итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагчдын зуучлагч компанидаа итгэх итгэл, авч буй бүтээгдэхүүн үйлчилгээндээ итгэх итгэл, хамтрагчдаа итгэх итгэл гээд бүгд бүрдэж байж амжилттай хэлцлүүд хийгддэг. Ямар нэг биет бараа бүтээгдэхүүн борлуулдаг үйлдвэрийн чанарыг бол хэрэглэгчид дор нь анзаарч, шүүмжлээд засаад явж болно. Харин хөрөнгийн зах зээлд ихэнхдээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хөрөнгө оруулагчдад санал болгодог. Ийм учраас үнэт цаасны компаниудын мэргэжлийн байдал, ёс зүй хамгийн чухал гэж боддог. Жишээлбэл, хэдийгээр бид ижил компанийн ижил нөхцөлтэй бонд хөрөнгө оруулагчдад санал болголоо гэж бодоход тухайн хөрөнгө оруулагчийг хэн нь илүү мэдээллээр хангаж, хэн нь амласан нөхцөлүүдээ биелүүлж чадахаас урт хугацааны хамтрал үүсгэж чадах эсэх нь хамаардаг. 

Нөгөө талаас итгэлцэл гэдэг санхүүгийн хувьд хэр найдвартай, энэ зах зээл дээр хэр удаан оршин тогтносон, хэр хэмжээний амжилттай хэлцэл хийсэн зэргээс хамаарч тогтдог. Тухайлбал, Ард Секюритизын хувьд Монголын хамгийн ууган ҮЦК-уудын нэг. Өнгөрсөн хугацаанд компани хоорондоо нэгдэж нийлэхэд зуучлах, хөрөнгийн зах зээлээс өрийн болон хувьцааны хөрөнгө оруулалт татахад андеррайтераар ажиллах зэрэг хамгийн олон төрлийн хэлцлийг амжилттай болгосон, ардаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттайгаар санхүүгийн найдвартай байдлаа хангадаг тэргүүлэх ҮЦК бөгөөд харилцагчдийн эрх ашгийг үргэлж нэн тэргүүнд тавьж үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Тэгэхээр товчхондоо ҮЦК-уудын гол ялгарал нь мэргэжлийн байдал, ёс зүй, туршлага, санхүүгийн болоод нэр хүндийн найдвартай байдал гэж харж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд зуучилж буй үнэт цаасны компани нь найдвартай, туршлагатай байх нь цаг хугацаа, зардал хэмнэх учраас маш сайн судалж байж үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна.

Санхүү, хөрөнгийн зах зээлд олон төрлийн оролцогч нар байдаг. Мэргэжлийн түвшинд судалж, тооцоолдоггүй ч итгэдэг компанийнхаа хувьцааг аваад дарах хүсэлтэй оролцогчдод анхааруулах зөвлөмж танд бий юу?

Мэдээж хүмүүс өдөр тутмын амьдралд нүдэнд нь өртдөг, дасал болсон брэнд, түүний цаадах компаниудад хөрөнгө оруулах хандлагатай байдаг. Үүнийг ч буруутгах аргагүй. Гэхдээ таны мэддэг, том гэж боддог компани яг үнэндээ тийм ч том биш, ирээдүйтэй биш байж болно. Харин эсрэгээрээ нэг их тоож, тооцоолж үзээгүй компани өндөр ашигтай ажиллах ирээдүйтэй байж болно. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулагчид ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс ашиг олох гэсэн 2 төрлөөр ашиг хүртдэг. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулж буй компани mature буюу ногдол ашиг их өгөх хандлагатай, эсвэл growth буюу өсөлт үзүүлэх хандлагатай компани эсэхийг сайн харж байж багцаа бүрдүүлэх хэрэгтэй. Өдөр тутамдаа мэргэжлийн хөрөнгө оруулагчид шиг шинжилгээ хийгээд байхгүй ч итгэсэн ҮЦК-ынхаа харилцагчийн зөвлөхтэй ярилцаад, хийж буй дүн шинжилгээ, судалгааг нь анзаараад шийдвэрээ гаргачихаж байвал алдах эрсдэлийг л бууруулна шүү дээ. Ер нь тэгээд тэнд хийсэн дугуйг энд дахиж хийгээд байх шаардлагагүй гэж үг байдаг. Бүтэн цагаар өдөржин судалгаа хийж, мэдээлэл боловсруулж санал болгож байгаа мэргэжилтэний шинжилгээг харсан нь өөрөө шинжилгээ хийгээд сууснаас цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэх нь гарцаагүй. Тиймээс хувьцаанд хөрөнгө оруулалт хийхдээ аль болох мэргэжилтний зөвлөгөөг аваарай гэж зөвлөе. Дашрамд дурдахад, манай Ард Аппад байрлах баннер дээр дарж, мэргэжлийн зөвлөгөө ганцаарчлан авч болдог шүү.

Өөрийнхөө хөрөнгө оруулалтаас хамгийн амжилттай бас сургамжтай кэйс хуваалцвал…

Би хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх оролдлогуудыг ер нь 2014 оноос хийж эхэлсэн. Сайн мэдэхгүй, судлаагүй хувьцаагаа нэрийг нь хараад л авч, зарж үзсэн. Ихэнхдээ л ашиггүй байсан даа. Хамгийн амжилттай хөрөнгө оруулалт гээд эргээд бодоход Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа маань л байж. Би 2016 онд Ч.Ганхуяг захирлын уриалж байснаар Хөрөнгө Оруулагч Үндэстэнд нэгдэж байсан анхны хөрөнгө оруулагчдын нэг. Тухайн үедээ багахан мөнгөөр хөрөнгө оруулаад л үндсэндээ мартчихсан. Жилдээ нэг Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганд оролцдог байлаа. Тэр үед Ардтай ямар ч хамааралгүй байсан. Тэгтэл сүүлд 2021 онд намайг Шотландад сурч байхад Монголд нэлээд шуугиан болоод байхаар нь ороод хартал нөгөө хувьцаа маань 10,000-д хүрчихсэн, урамшууллаар нэлээд хэдэн зуун мянган АрдКойн авчихсан, нөгөөх нь 150 төгрөг даваад явчихсан байсан.

Харин сургамжтай кэйсын хувьд мөн адил 2021 онд хийсэн хэдэн хөрөнгө оруулалтууд маань юм уу даа. Тухайн үед Монгол гэлтгүй, дэлхийн хөрөнгийн зах зээл өндөр өсөлттэй байхад маркетингд автаад хэдэн хувьцаанууд автал одоо харахад meme хувьцаанууд авсан байснаа ухаарсан. Ер нь хэчнээн сурсан ч заавал мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг давхар харж байх хэрэгтэйг ухаарсан даа.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд