Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, халдварт цар тахал, геополитикын тогтворгүй байдлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах, хөгжилд саад болж буй хаалтуудыг даруй шийдвэрлэх зорилготой юм. Энэхүү бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, нийтийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дунджаар зургаан хувьд барьж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Хилийн боомтуудын хүчин чадал гурав дахин, эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин нэмэгдэнэ. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтод хүрэх үндсэн нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Монголын Эдийн Засгийн Форум - 2022 чуулганы 6 урьдчилсан хэлэлцүүлэг 3 сарын 21-нээс 30-ны өдрүүдэд дараах сэдвүүдээр амжилттай зохион байгуулагдсаныг тоймлон хүргэж байна.
Чуулганы эхний өдөр буюу 3 сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 5 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Эрчим хүчний хөгжлийн төслүүд
Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл
Эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоо
Сэргээгдэх эрчим хүч – Ногоон хөгжил
Эрчим хүч – Бүсийн хөгжил
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
“Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Тавантолгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.”
Чуулганы хоёр дахь өдөр буюу 3 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 5 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Эрх зүйн шинэтгэл
Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл
Төрийн бүтээмж ба цахим шилжилт
Төр, хувийн хэвшлийн түншлэл
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
“Төрийн бүтээмж гэдэг энэ ойлголтыг нийгэм улстөрийн хэллэгт саяхнаас хэрэглэж эхэлсэн. Шинэ сэргэлтийн бодлого хэмээх дунд хугацааны хөгжлийн баримт бичиг УИХ-аар батлагдсан цаг үеэс илүүтэй хэрэглэгдэх болсон. Бүтээмж нь хэрхэн бага зардлаар ихийг бүтээх вэ, хязгаарлагдмал нөөцөө хэрхэн илүү том баялаг болгож гаргах вэ гэдэг юм. Төр чадварлаг, цомхон бага зардлаар ихийг бүтээнэ гэдгийг бид бараг л ярьж хэвшээгүй. Төрийн байгууллагын менежерүүд, сайд нарын хувьд жил бүр хэрхэн орон тоогоо нэмэх, салбартаа хэрхэн хөрөнгө нэмүүлж тавиулах, яаж олон бодлогын баримт бичиг батлуулж, түүндээ суурилсан төсөв батлуулах вэ гэдэгт анхаарч өнгөрсөн 30 жилийг үдсэн. Харин өнөөдөр төр хэрхэн бага зардлаар төрийн зорилго зорилтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ. Ямар тохиолдолд нийтийн эрхзүйн субьектуудаар төр өөрийгөө чиг үүргийг хэрэгжүүлэх вэ. Ямар тохиолдолд энэ салбарын чиг үүргийг цахим платформ ашиглаж хэрэгжүүлэх вэ гэдэг түвшинд төрийн бүтээмжийн сэргэлтийг томьёолж байна.”
Чуулганы гурав дахь өдөр буюу 3 сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 5 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого
Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл
Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого
Аялал жуулчлал
Соёлын бүтээлч үйлдвэрлэл
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал:
“Дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээ багасч байна. Бид байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай. Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий. УУХҮЯ энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулах тул үйл явц ил тод, нээлттэй, ААН-үүд тэгш өрсөлдөх боломжтой, хүний нөлөөлөлгүй болно. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дунджаар 35 хоног зарцуулдаг байсныг 7-10 хоног болгон бууруулна.”
Чуулганы дөрөв дэх өдөр буюу 3 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 7 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого
Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого
Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого
Зам Тээвэр, Хөгжлийн Дэд Сайд Ж.Бат-Эрдэнэ
“Түгжрэлийг бууруулахын тулд авто замын зураглалын давхцалыг бууруулах, ачаалал ихтэй хэсэгт өргөтгөх, сунгах, уулзварууд дээрх явган зорчигч, тээврийн хэрэгслийн зохицуулалт, смарт тээврийн систем буюу ухаалаг камерын сүлжээ, тээврийн хэрэгслийн импортыг шатлалтайгаар хязгаарлах гэх мэт ажлуудыг хийнэ.”
Чуулганы тав дахь өдөр буюу 3 сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 5 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Боомтын шинэчлэл
Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал
Шинэ сэргэлтийн бодлого - Боомтын дэд бүтэц
Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридоруудын үр ашгийг дээшлүүлэх нь
Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого
Сангийн Сайд, Эдийн засаг, Хөгжлийн Сайдын үүрэг Гүйцэтгэгч, Хилийн боомтын Үндэсний Зөвлөлийн Дарга Б.Жавхлан:
“Боомтын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлээс ангижрахын тулд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулагчдын оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал. Бид ойрын хугацаанд уртын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ын тоолуур, Тавантолгойн бүлэг ордын олборлолтоо эхлүүлэх хэлэлцээг эхлүүлнэ. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш олборлолт бүрэн зогссон. Цагаан хаданд овоорсон 12 сая тонн нүүрсээ бага багаар зөөсөөр таван сая тонн нүүрс үлдсэн.”
Чуулганы зургаа болон долоо дахь өдөр буюу 3 сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд оролцож, дараах 11 салбар сэдвийн хүрээнд хуралдав.
Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа
Бүс нутгийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санаачилга
Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг
Ногоон хөгжлийн сэргэлт - Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн танилцуулга
Санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, бодлогыг нэвтрүүлэх боломж, сорилт, хамтын ажиллагаа
Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага, ЕСБХБ-ны зөвлөмж, Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг
Монгол Улс - Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж
Ногоон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хамтын ажиллагаа
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ:
“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ил тод бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоо бүхий асуудлыг анхнаас нь ил тод байдлаар үнэлгээжүүлж явах нь туйлын чухал юм.”
Ийнхүү 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн Монголын Эдийн Засгийн Форум дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр 2020, 2021 онуудад дараалан өнжөөд байсан бол энэ оны 3 сарын 21-30-нд урьдчилсан хэлэлцүүлгийн арга хэмжээгээ зохион байгуулж, 4 сарын 7, 8-ны өдрүүдэд Шинэ Сэргэлтийн Бодлого агуулга дор үндсэн хэлэлцүүлгээ хийх гэж байна.
Тоймыг: Б.Ганчимэг
Сэтгэгдлүүд (0)