Өнөөдөр сонин Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Мөн АНУ-ын Жоржиагийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр бакалавр, мөн Индиана их сургуульд Санхүүгийн чиглэлээр мастер цол хамгаалсан.
-Саяхан Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар томилогдсонд тань баяр хүргэе. Хоёулаа таны бага наснаас яриагаа эхлүүлье
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Хорооллын хүүхэд, гэхдээ хотын төвийн Орос 23-р сургуулийг төгссөн. Найман настай хүүхэд ганцаараа автобусанд сууж, сургуульдаа явна. Хичээлээ тараад харанхуй болтол ангийнхантайгаа тоглож байгаад харьдаг байсан. Сургуулийн амралтаар эмээ өвөө дээрээ Хонхорт ямаа хариулж, гэрийн ажилд нь тусалдаг байлаа. Арван жилээ төгсөөд Америк явж, бакалавр, магистрын зэргээ хамгаалж тэндээ мэргэжлээрээ ажилласан даа.
-Америкт сурсан тухайгаа яриач?
-Би 19 настайдаа Америк руу ганцаараа явж байсан. Гэрийнхэн маань байраа зараад, миний эхний хоёр улирлын төлбөрийг өгөөд, өөрсдөө байр түрээслээд үлдэж байлаа. Тухайн үедээ яг л кинон дээр гардаг шиг өндөр барилгууд, гоё охид төсөөлж очсон. Гэтэл бараг надаас өөр Ази хүнгүй, хөдөөний жижигхэн тосгонд буусан даа. Хэлний бэлтгэлдээ нэг улирал суугаад коллежид орох үеэр мөнгө дууслаа. Тэгээд л өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн. Би хичээлийнхээ хажуугаар дөрвөн ажил зэрэг хийдэг байсан. Үүрийн зургаан цагаас эхлэн бассейн дээр ажиллана, дараа нь түргэн хоолны газар очиж, хичээлийн цаг болтол ажиллана. Хичээлийн хуваариа сонгож болдог учраас ажлын хувиараа төлөвлөхөд илүү амар байсан. Надад хичээл давтах өөр цаг бараг гардаггүй байсан учраас хичээл дээрээ л бүгдийг ойлгох ёстой байлаа. Багшаасаа асууна, лекцээ нэг нэгэнгүй тэмдэглэнэ. Бараг л ахиж давтахгүй болтлоо сайн сурна. Хичээлээ тараад нэг зоогийн газар ажиллана. Үйлчлүүлэгч угтах, ширээ цэвэрлэх ажил хийдэг байлаа. Дараа нь шөнийн хоёр цаг хүртэл бургерны мах шардаг ажил хийдэг байлаа. Тэгээд үүрээр гэртээ очиж, хичээлээ давтсан болоод, жоохон зүүрмэглээд л буцаад ажилдаа гарна. Хэдийгээр тэр үе хэцүү байсан ч өөрийгөө зовж байна гэж бодож байгаагүй. Харин ч санхүүгийн асуудлаа шийдээд биеэ даагаад явах нь надад сайхан санагддаг байлаа. Долоо хоногт 96 цаг ажилладаг байсан ч хичээлээ хэзээ ч орхиж байсангүй. Онц дүн аваад тавин хувийн тэтгэлэгтэйгээр өөр сургууль руу шилжсэн. Би тэгж их ажилдаг байснаараа үнэхээр бахархдаг байсан. Дараа нь өөрийнхөө товч намтар дээр хүртэл бичдэг болсон. Хүмүүс намайг хөдөлмөрч нэгэн гэдгийг тэндээс харна шүү дээ. Тиймээс би залууст өөрийгөө өрөвдөх хэрэггүй, хамгийн сайнаараа хичээ. Хөдөлмөр хүнийг үнэхээр төлөвшүүлж, сайн үр дүн өгдөг гэж их хэлдэг.
-Дэлхийн том гүрэнд ажиллаад ямар байсан бэ? Тэнд хийж байсан ажлынхаа тухай хуваалцаж болох уу?
-Сургуулиа төгсөөд Атланта хотод маркетингийн компанид санхүүгийн шинжээчээр дөрвөн жил ажилласан. Ажлын газар маань “Yellow Pages” лавлах гаргахаас гадна байгууллагуудын маркетинг хийдэг байлаа. Миний хувьд тухайн аялалтай холбоотой зардал төсвийг нягтлах, төслүүдийн санхүүгийн шинжилгээ хийдэг байсан. Үүний дараа Блумингтонд байршилтай Индианаагийн их сургуульд магистраа хамгаалсан. АНУ-н хамгийн эртний монгол судлалын төв энэ оюутны хотод байдаг. Сонирхолтой нь олон гадаад оюутнууд монгол хэл, дуу бүжиг сурч, тоглолт хүртэл хийдэг байсан. Тэнд олон сайхан дурсамж бүтээж, олон найз нөхөдтэй болсон доо. Магистраа төгсөөд Сан Франциско-д Виза төлбөрийн картны компанид үргэлжлүүлэн ажилласан. Банкууд болон хамтрагч байгууллагуудад картаа борлуулах санхүүгийн шинжилгээн дээр голчилж ажилладаг байлаа. Дараа нь дэлхий даяар олон оффистой томоохон хуулийн байгууллагын санхүү дээр ажиллаж байсан. Америкт нэлээн удчихлаа. Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн тухай нэлээн их сонсогдох болсон. Бас гэр бүл, эх орноо их санасан болохоор нутаг буцахаар шийдсэн.
-Монгол дахь ажлын гараагаа хаанаас эхлэв?
-2011 онд Монголд ирээд Ньюком группын хөрөнгө оруулалт хариуцсан захирал болсон. Тэр үед Изнис, Мобиком, Салхин парк, Майнинг Сервис гээд олон сонирхолтой төслүүд дээр ажиллаж байсан. Улмаар 2014 онд Голомт банкны хөрөнгө оруулалтын захирал, Голомт Капиталын гүйцэтгэх захиралаар ажиллаж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зүтгэсэн. Тухайлбал, монголын анхны интернэт арилжааны систем, анхны даатгагдсан бонд, даатгалын хувьцааны IPO-г гаргасан, хамгийн том “Сүү” бондыг гаргах ажлуудыг хийсэн системийг хөрөнгийн бирж дээр нэвтрүүлсэн.
-Яагаад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж болсон бэ? Хэрхэн ажилладаг вэ?
-Нэгдүгээрт, энэ бол маш сонирхолтой салбар. Америкт байхдаа л энэ чиглэлээр ажиллахыг мөрөөддөг байсан. Би бодит үр дүнд дуртай. Хэний ч мэдэхгүй жижигхэн компани хөрөнгө оруулалтын ачаар хөл дээрээ зогсоод тэрбум төгрөгийн ашигтай том байгууллага болохыг харах үнэхээр сайхан байдаг. Хоёрдугаарт, ажил дээрээ байнга шинэ юм сурдаг. Шинэ бизнес болгоныг салбартай нь уялдуулж судлах шаардлага гардаг. Маш олон салбарын мэдлэгтэй болдог. Салбарын судалгаа, компанийн судалгаа, хүний нөөц, бүтээгдэхүүний ашгийн тооцоо, зах зээлд өрсөлдөх чадвар, санхүүжилтийн бүтэц гээд олон тооцоо судалгаа хийдэг. Хэрэв ашигтай төсөл гэж үзвэл хамтрагч талуудтайгаа хэлэлцээр хийдэг. Миний хувьд талуудтай уулзаж судалгаа шинжилгээний үндсэн дээр бизнес загвараа ойлгох, хэлцлийн бүтэц гаргах, харилцаагаа хөгжүүлэх болон багийг удирдан чиглүүлэхэд түлхүү ажилладаг. Бизнесийн хамгийн чухал түлхүүр бол харилцаа байдаг. Монголчууд танилтай хүн талын чинээ гэдэг дээ. Өдөр тутам олон хүмүүстэй уулзаж мэдээлэл солилцдог. Заримдаа огт санаандгүй газраас шинэ боломжууд гарч ирдэг.
-Ажил болон амьдралынхаа цагийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Хааяа ч унтах завгүй ажиллах шаардлагатай үеүүд гарна. Хэт их ажиллах нь бүтээмж бууруулдаг тул аль болох цагийн юмыг цагт нь хийгээд ажил болон хувийн амьдралаа тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Хүүхдүүд маань нялх байгаа учраас тэдэндээ цаг гаргах хэрэгтэй. Хүүхэдгүй байхад өглөө эрт босоод усанд сэлчихээд ажилдаа явдаг байлаа. Одоо бол амьдралын хэв маяг маань нэлээд өөрчлөгдсөн. Би шөнийн цагаар сайн төвлөрч, бүтээмжтэй ажиллаж чаддаг. Заримдаа шөнийн гурав дөрөв хүртэл сууна. Бас долоо хоногт багадаа гурван удаа спортоор хичээллэдэг.
-Чөлөөт цагаа өөртөө хэрхэн зарцуулдаг вэ?
-Би спортод маш их дуртай. Бараг бүх төрлөөр нь хичээллэж үзсэн. Америкт байхдаа сагс, хокейн спортоор хичээллэдэг байсан. Маш олон удаа бэртэж гэмтэж байсан боловч хашрахгүй тоглоод л байдаг. Оюутан байхдаа унтах завгүй байж, сагс тоглох зав гаргадаг байсан. Түүнийхээ ачаар эрүүл чийрэг, стрессгүй амьдардаг байсан гэж боддог. Хүн биеэ хөгжүүлэхийн тулд байнга өөр зүйлс туршиж, өөрийгөө гайхшруулж байх хэрэгтэй. Нэг л тогтсон юмаа хийгээд байвал бие амархан дасаад үр дүн гарахаа байчихдаг. Тийм болохоор өөр өөр спортоор хичээллэх дуртай. Яг одоо бол Гаруда клуб дээр жиу жицу тулааны спортоор хичээллэж байгаа. Мөн энэ жил Өгий нуурын триатлонд орохоор төлөвлөж байна. Бас би их сониуч хүн. Жил бүр очиж байгаагүй газартаа очиж үздэг. Хамгийн сүүлд Вьетнам руу аялсан. Аялсан улсуудаас Япон, Дани, Англи, Мексик улсууд их сонирхолтой байсан. Өвгөн болсон хойноо сайхан дурсамжтай амьдрахыг хүсдэг. Онгоц жолоодож, шүхрээр үсэрч үзсэн. Сонгодог урлаг, уран зураг, хөгжимд хайртай. Гитар дарах гэж оролддог, бас уран зураг зурах дуртай.
-Та орчуулсан “Ухаалаг хөрөнгө оруулагч” гэсэн ном худалдаанд гарсан байсан. Ямар зорилгоор орчуулав, үүнд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Ном хэвлүүлээд баяжих, алдартай болох хүсэл надад байгаагүй. Хүнд хэрэгтэй зүйл хийе л гэж бодсон. Манай зах зээлд бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн сурах бичиг байгаагүй. Тэгээд хөрөнгө оруулалтын цагаан толгой гэгддэг “Ухаалаг хөрөнгө оруулагч” номыг орчуулахаар шийдсэн. Энэ номыг орчуулахад зөвхөн англи хэлтэйгээс гадна энэ салбарын мэдлэгтэй хүн байх хэрэгтэй байсан тул орчуулагдаагүй байсан юм билээ. 600 гаруй хуудастай номыг шөнө бүр хоёроос гурван хуудсыг орчуулаад, ойролцоогоор жил хагасын хугацаанд дуусгасан. Сүүлд номоо хэвлүүлсний дараа олон хүнээс урмын үг сонссон. Ном маань ч зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүн болж, хэвлэгдсээр ч байна. Ном орчуулна гэдэг ер нь их хэцүү боловч сайхан ажил юм билээ. Их ч юм сурсан. Дахиад хийнэ гэж боддог.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг үнэт зүйл юу вэ? Бусдад ямар шаардлага тавьдаг вэ?
-Санхүүч хувьд хүний хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Хүний итгэл даахын тулд худлаа ярихгүй, ёс зүйтэй байна гэсэн үг. Хэрэв хүний итгэлийг хөсөрдүүлвэл өчнөөн олон жилийн хөдөлмөр, капиталыг үгүй болдог. Ямартай ч үнэнээ хэлдэг, чадахгүй бол шалтгаанаа хэлээд тайлбарладаг байх хэрэгтэй. Заримдаа үнэн сонсоход таагүй байдаг ч мэхлэхгүй байх нь хариуцлага юм гэж би боддог. Тиймээс энэ шаардлагыг өөртөө болон бусдад хамгийн түрүүнд тавьдаг. Мөн цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй. Энэ чанар манайханд нэлээн дутагддаг. Маргааш гэсээр олон зүйлийг хойшлуулдаг. Үр бүтээлтэй ажиллахын тулд цагаа барьж, бусдад хүндрэл учруулдаггүй байх ёстой.
-Та чадварыг хэр чухалчилдаг вэ?
-Чадвар бол маш чухал зүйл. Гэхдээ үүнийг зөв хандлагатай хүнд суулгах илүү амар байдаг. Өөрөөр хэлбэл би хий хоосон ярьдаг биш, санаачлагатай, хэрэгжүүлэгч хүмүүсийг илүү үнэлдэг. Ямар ч газар сэтгэлээсээ юмыг хийдэг, асууснаас илүүг өгдөг хүмүүс хамгийн амжилттай явдаг, тэднийг булаацалддаг. Зарим залуус над дээр ирээд хөрөнгийн зах зээл дээр ажиллах хүсэлтэй, хөгжмөөр байгаагаа хэлдэг. Эрмэлзэл чинь болж байна, харин чи өөрөө хөрөнгө оруулж үзсэн үү, демо арилжаа хийсэн үү, хувьцаа авч байсан уу гэхээр л таг болчихдог. Тэгэхээр санаачлага, оролдлого дутаад байна гэсэн үг. Наад зах нь интернэт ашиглаад хэрэгтэй мэдээллээ мэдчихээд ирээдүйн тухай ярих хэрэгтэй шүү дээ. Мөрөөдөж болно, хамгийн гол нь үүнийхээ төлөө ажилладаг байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх боломжууд маш их байдаг. Бас хүнээс тусламж гуйхаас нэрэлхэх хэрэггүй. Мэдье суръя гэсэн хүнд ихэнх хүмүүс тусалдаг. Гэхдээ ам руугаа халбагадуулах гэсэн биш, гэрийн даалгавраа хийсэн, өөрөө идэвх зүтгэл гаргасан байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье.
-Энд эзэмшиж байгаа монгол залуусын боловсрол, чадварын тал дээр та юу гэж боддог вэ?
-Би сайн боловсрол эзэмшихийн тулд Америк явсан. Одоо ч гэсэн залууст би гадаадад сур газар, үз нүд тайл гэж зөвлөдөг. Монголд хэт олон хувийн сургуулиуд “дээд боловсролтой” чанаргүй боловсон хүчин ихээр төрүүлж байна. Тэр залуус ажлын байранд гологддог тул ажилгүйчүүдийн эгнээнд шууд нэгддэг. Үүнээс гадна зах зээлд эрэлтгүй байгаа мэргэжлийн чиглэлээр асар олон хүмүүс суралцаж байна. Монголд залуус гагнуурчин, барилгачин зэрэг гар ажиллагаа шаардсан мэргэжлээр суралцаад өндөр цалинтай, бэлэн ажлын байртай болох бүрэн боломж бий. Хүн болгон эдийн засагч хуульч болох шаардлагагүй, амьдралаа хангалуун авч явахын тулд хүнд хэрэгтэй хүн л болох хэрэгтэй.
Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл мэдээж байна. Монголд төгссөн хэрнээ маш сайн гадаад хэл эзэмшсэн, бахархмаар мундаг чадвартай залуус бас байна. Тэд ихэнхдээ өөрсдийгөө хөгжүүлэх чадвартай, ямар ч юмыг оролдоод сурчихдаг сийрэг хүмүүс байдаг. Залуу үеэс илүү шинэлэг, гоё зүйлс гардаг. Бид ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулж, тэднийг дэмжих нь маш чухал.
Түүнээс гадна миний сэтгэлийг зовниулдаг нэг зүйл нь сүүлийн үед нийтээрээ бусдыг буруутгаж, хохирогчийн дүрд тоглох нь түгээмэл харагддаг боллоо. Би ядуу байгаа нь засгийн газрын буруу, эсвэл муу боловсролтой байгаагийн шалтгаан энэ 76 гэдэг ч юм уу. За, засгийн газраа муу байна гээд унагаая гэж бодьё. Дараагийн төлөвлөгөө хэн нэгэнд байна уу? Байхгүй. Мэдээж нийгмийн идэвх чухал. Гэхдээ бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө засаж хөгжүүлэх хэрэгтэй. Оюутнууд аль болох мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Цалингүй байсан ч хамаагүй хүссэн зүйлээ хий. Тэгж байж илүү сайн ажилд тэнцэх, өсөж дэвжих боломж нээгдэнэ. Миний хувь Америкт ажилд орохдоо мэргэжлийн туршлага бага байсан тул сайн дурын ажил болон сургалтын зардлаа олохын тулд олон ажил хийж байсан тухайгаа хуваалцдаг байсан. Ажил олгогч хариуцлагатай, ачаалал даадаг, ажлаа хийх чадамжтай хүнийг хүсдэг.
-Монголыг гадаадтай харьцуулахад ажил болон бизнесийн орчны ямар ялгаа харагддаг вэ?
Өндөр хөгжилтэй орнууд хийх шаардлагатай төслүүдээ аль хэдийн бүгдийг нь хийчихсэн. Сул орон зай бараг үгүй. Тэнд ажилд ороход том машины эрэг, шураг л болдог. Нэг талаар өөртөө тохирсон, нарийн, нэг л чиглэлийн зүйлийг маш сайн хийж сурдаг. Тийм болохоор би сургуулиа төгссөний дараа нэгээс хоёр жил ажлын туршлага хуримтлуулчихаад нутаг буцахыг залууст зөвлөдөг. Харин Монголд ихэнх салбарууд хөгжиж эхлээгүй байна. Машинаар яривал эд ангиуд нь энд тэнд, салангид бөгөөд эдгээрийг хэн нэгэн эвлүүлэх хэрэгтэй байна. Тэр бүхнийг нийлүүлж, том зургаар ажилладаг боломж Монголд байна. Өндөр хөгжилтэй оронд ажилладаг найз нөхөд, бизнесийн хамтрагчид нар маань “Та нар үнэхээр азтай хүмүүс. Яагаад гэвэл энд түүхийг цоо шинээр бүтээх боломж байна” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хөрөнгийн зах зээлээс эхлээд өөр олон зүйлийг энд анх удаа хийх боломжтой. Ер нь миний хэрийн туршлагатай хүнд гадаадад нэгэн хэмээр, дүрмийн дагуу эрэг, шураг болоод хангалуун амьдрах сонголт бий. Гэтэл хүн нэг амьдарч байж, сонирхолтой амьдрахыг хүснэ шүү дээ. Монголд туг ч барьна, тугал ч хариулна. Их сонирхолтой.
-Монголд ямар төрлийн бизнес хөгжих боломж их байна гэж харж байна вэ?
-Нэг үеэ бодоход IT-ийн салбар их хөгжиж байна. Энэ бол хаана ч байсан дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой асар том салбар юм. Гэхдээ монголд энэ салбарын мэргэжилтнүүд ховор. Мөн хэл амны бай болдог ч төсвийн хамаг хөрөнгийг бүрдүүлдэг уул уурхай монголд сайн хөгжиж байна. Энэ салбарын залуучууд хэдэн арван жилээр үргэлжлэх мега төслүүд хэрэгжүүлээд явж байна. Тэдний зарим нь дэлхийн стандартад хүрчихсэн гадаадад уригдаж ажиллаж байна. Мөн хөдөө аж ахуй, болон мал аж ахуйн бүтээгдэхүүн их хөгжих боломжтой гэж хардаг.
-Яагаад Ард Санхүүгийн нэгдэл болон Ч.Ганхуяг захирлын багт ажиллахаар шийдсэн бэ?
-Бид нэг нэгнээ олон жилийн өмнөөс мэднэ. Хамтдаа Монголын хөрөнгийн зах зээлийн тухай “Ногоон Сум”реалити нэвтрүүлэгт оролцож байлаа. Тэр надад жилийн өмнө ажлын санал тавьж байсан ч зарим шалтгааны улмаас би хүлээж аваагүй.
Гэхдээ Ган “үгүй” гэсэн хариулт авдаггүй хүн л дээ. Эцэст нь тэр надад ганцхан хүний төлөө бус (тухайн үед надад өөр нэг томоохон санал байсан) бус түүний 10,000 хувьцаа эзэмшигчийн төлөө ажиллах хэрэгтэй гэж ятгасан. Мөн надтай Хөрөнгө Оруулагч Үндэстэн байгуулах талаар төсөөлөл болон ирэх арван жилийн төлөвлөгөөнийхөө талаар хуваалцсан. Энэ компанид мэдэгдэхүйц ахиц гарч байгаа нь анзаарагдаж байсан. Бас Ганы төлөвлөгөө надад таалагдсан учраас саналыг нь хүлээж авч байлаа. Намайг ийм шийдвэр гаргахад бусад зүйлс ч нөлөөлсөн. Ард бол маш залуу, урам зориг, эрч хүчээр дүүрэн шинэлэг компани. Энд ажил, амьдралын хэв маягт маш хүчтэй хосолдог. Залуус ажлын бус цагаараа видео тоглоом тоглож, телевиз үзэж, гитар дарж суудаг.
Бидний ашигладаг маш хүчтэй мэдээллийн технологийн платформ санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь бидний санхүүгийн салбар дахь өрсөлдөөний хүчтэй давуу тал болдог. Мөн бидний төслүүдийн дунд хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сантай холбоотой сонирхолтой төлөвлөгөөнүүд бий.
Миний хувьд зах зээл дэх томоохон хувийн хөрөнгө оруулалтын салбарыг хариуцаж, олон сонирхолтой төслийг хамруулахаар ажиллаж байна. Ард Санхүүгийн нэгдэл нь 10,000 хувьцаа эзэмшигч, 300,000 орчим үйлчлүүлэгчтэй бөгөөд эдгээр нь шинэ төслүүдийг эхлүүлэх гайхалтай боломжийг бүрдүүлдэг. Эцэст нь би компаний алсын хараанд итгэж байгаа, Ган болон багаасаа олон зүйлийг сурах энэ аялалыг их сонирхолтой байна гэж найдаж байгаа.
-Та өөрийгөө юу гэж тодорхойлох вэ? Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Би өөрийгөө бусдаас илүү чадвартай, ухаантай гэж боддоггүй. Харин би өөрийгөө хөдөлмөрч гэж хэлнэ. Шударга хөдөлмөрийн үр дүн ямар нэг хэлбэрээр, хэзээ нэгэн цагт гардаг гэдэгт итгэдэг, үр шимийг нь ч хүртсэн. Бас сониуч байх нь хүнийг залуу байлгадаг гэж боддог. Бас багшлах дуртай. Хүнд хэрэгтэй юм хэлээд өгчихвөл үнэн голоосоо баярладаг. Хамт олондоо, бусад байгууллага, сургуулиар лекц уншиж, өөрийн мэдлэг чадвараас хуваалцдаг. Хүмүүс урих юм бол гүйгээд л очдог. Цаашдаа хөрөнгийн зах зээл дээр олон жил ажиллаж байгаа хүний хувьд энэ салбараа хөгжүүлж, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хүсэж байна. Одоогоор хэрэгжиж буй, мөн төлөвлөгдсөн томоохон төслүүд дээр бодсон юм байгаа. Тэгээд хамгийн чухал нь гэр бүлдээ цаг гаргаж хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарна гэж бодож байгаа.
Өдрийн сонингоос
Нийтлэлийг: Сэтгүүлч Т.Энхнаранжав
Нийтлэгдсэн огноо: 2020 оны 2 сарын 5
Сэтгэгдлүүд (0)