“Ард кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа. Уг албанд томилогдоод хагас сар ч болоогүй байгаа тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд БНСУ-ын “Сонкьюнкван” их сургуулийн Бизнесийн сургуульд менежментийн шинжлэх ухааны мастерын цол хамгаалжээ. МУИС-ийг төгсчихөөд БНСУ-ын “LG International” компанийн Монгол дахь салбараас ажлын гараагаа эхлүүлсэн Г.Тэлмэн магистрын зэргээ хамгаалаад “LG”д дадлагажигчаар ажиллах болж, улмаар төв салбарт нь үндсэн ажилтан болсон түүхтэй. Дэлхийд тэргүүлэгч компанид ажиллаж, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлаж найзуудын хамт цахим худалдааны хүргэлтийн компани байгуулан, спартап хэмнэлээр хэдэн жил явсан түүний хөрөнгө оруулагч үндэстэн бүтээж, бий болгох гэсэн хүсэл эрмэлзэл, түүндээ хүрэх арга барил, зарчим, итгэл үнэмшил нь юу юм бол. “Хөрөнгө оруулагч үндэстэн” бол том үйл хэрэг” хэмээн ярилцлагын явцад хэдэнтээ онцолсныг зориуд тэмдэглэе. Эл том амбийцийн төлөө хөдөлсөн “Ард холдингс”-т ашиг орлогоороо тэргүүлж буй “Ард кредит”-ийг чухам хэнд даатгачихав.
ТУЗ-ийн гишүүнээр жинхлээд үлдчих юм сан гэсэн чин хүсэл байсан
-“Ард санхүүгийн нэгдэл” хувьцааг нь эзэмшдэг “Монгол шуудан” компанийн дэд захирал байсан танд уг нэгдэлийн бүрэлдэхүүн болох “Ард кредит”-ийн гүйцэтгэх удирдлагыг даатгалаа. Тиймээс “Ард санхүүгийн нэгдэл”, “Хөрөнгө оруулагч үндэстэн”-тэй нэгдсэн таны түүхээс ярилцлагаа эхэлье. Цахим худалдааны хүргэлтийн стартап компани байгуулаад байсан залууг дотоодын шуудангийн зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй “Монгол шуудан”-гийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар томилсон нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу.
-2016 оны нэгдүгээр сарын 9-нд “Туушин” зочид буудалд “Хөрөнгө оруулагч үндэстэн”-г үүсгэн байгуулах хурал болсныг сайн санаж байна. Тэнд 550 орчим хүн ирсний нэг нь би байсан л даа. Тухайн үед би тодорхой хувьцаануудад хөрөнгө оруулаад, 1-2 жилийн дотор байрандаа засвар хийх зэргээр үр өгөөжийг нь бага боловч хүртээд байсан юм. Ер нь хөрөнгө оруулагч үндэстэн болох гэсэн алсын хараа надад байсан. Хүн бүр орлоготой, ямар ажил эрхэлж байгаагаас үл шалтгаалан хувьцаанаас ногдол ашиг хүртдэг, тэтгэвэр нь хүрэлцдэг байлгахыг хүсэж байна. Жишээ нь, 2011, 2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17.2 хувьд хүрч, асар хурдацтай нэмэгдсэн. Уул уурхай дагасан зарим салбарын ашиг, орлого бүр 300 хүртэл хувиар өссөн байдаг. Тэр өсөлтийн өгөөжийг хэн хүртэв. Тухайн үед ашигтай ажилласан хэдэн компани, тэдгээрийн цөөн хэдэн удирдагч, өмчлөгч нь л тэр ашгийг амсаж, мэдэрсэн гэхэд болно. Жирийн багшийн цалин тэр хэмжээгээр өсөөгүй. “Хөрөнгө оруулагч үндэстэн” бол маш том үйл хэрэг юм. Санхүүгийн систем зөв хөгжсөнөөр бидний хүсээд байгаа орлогын тэгш хуваарилалтыг бий болгодог. Бусад орон ч ингэж хөгжсөн. Тиймээс ч уг үйл хэргийг эхлүүлсэн, санаачилга гаргасан хүмүүст итгэж, сая төгрөгөө шилжүүлчихээд, хуралд нь ирж концепц, агуулгыг нь өөрийн чихээр сонссон хэрэг.
Тэр хурлын үеэр заалнаас таван хүнийг ТУЗ-д түр гишүүнээр сонгосны нэг нь би. Таван хүнээ аравт, зуутын системээр тооцож сонгосон. Хурал дуусангуут шууд ТУЗ хуралдана гээд наашаа (“Ард холдингс”-ийн байр)орж ирж байж билээ. ТУЗ-ийн түр гишүүн байхдаа нэлээд идэвхтэй ажилласан. Дархан-Уул, Орхоны зах дээр “Хөрөнгө оруулагч үндэстэн” уулзалтынхаа тасалбарыг бариад зогсож л байсан. ТУЗ-ийн гишүүнээр жинхлээд үлдчих юм сан гэсэн чин хүсэл байсан. Тиймээс ч хөрөнгө оруулагч үндэстэн болох үзэл санааг аль болох олон хүнд хүргэж, танилцуулахын тулд өөрөө санаачлан “Business lunch” арга хэмжээ тогтмол зохион байгуулж байлаа. Ингээд дөрөвдүгээр сарын 20-доор хувьцаа эзэмшигчдийн хурал болж, ТУЗ-ийн жинхэнэ гишүүн болсон. Монголын бизнесийн салбарт тодорхой байр суурь эзэлчихсэн хүмүүстэй хамт жирийн нэг залуу ТУЗ-ийн гишүүн болсон түүх ердөө л энэ. Гадаадад магистрын зэрэг хамгаалж Монголдоо ирчихээд, ажил хийгээд явж байсан залууд олдсон боломж юм. Тухайн үед “Ард санхүүгийн нэгдэл” дөнгөж “Монгол шуудан”-гийн хувьцаа эзэмшигч болчихсон байсан. Хүргэлтийн чиглэлээр ажиллаж байсан учраас намайг тэнд ажиллаад үзэхийг санал болгосон. Гэхдээ дэд захирлаар биш шүү. Ингээд би бизнес төлөвлөгөө боловсруулж, мөн оны арваннэгдүгээр сар хүртэл “Монгол шуудан”-гийн тухайн үеийн удирдлагатай уулзаж, ярилцаж явсан. Дэд захирлаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон гэсэн үг.
-Одоо “Ард кредит”-ийг танд даатгаж байгаа нь дараагийн итгэлээ хүлээлгэж буй хэрэг бололтой.
-Гурван жил гурван сарын хугацаанд “Монгол шуудан”-д шуудангийн салбарыг өөрчлөх гэсэн шинэчлэл, стратеги, төлөвлөлтөө бодож санасны дагуу хийсэн. Үр дүн ч гарсан. “Монгол шуудан”-гийн орлого 60 хувиар өслөө. Цэвэр ашиг нь 15 дахин өсөж, дөрвөн жил дараалан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна. Анх биднийг ажиллаж эхлэхэд 90 сая төгрөгийн цэвэр ашигтай байсан байгууллага шүү дээ. Үүнийг 1.5 тэрбум төгрөгт хүргэсэн. Өнгөрсөн жил хүндхэн байсан ч 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь тодорхой хэмжээнд өөрийгөө харуулсан үр дүн байсан юм болов уу. Нэг талаас өндөр итгэл, нөгөө талаас хариуцлага юм даа.
Хандлага, ёс зүй хоёрыг нь л илүүтэй хардаг
-Та хэн нэгэнд итгэл хүлээлгэж, шилж, сонгохдоо хамгийн түрүүнд юуг нь чухалчилдаг вэ?
-Сүүлийн үед хандлага гэж их ярих болж. Яалт ч гүй ярих ёстой юм. Хандлага, ёс зүй хоёрыг нь л илүүтэй хардаг. Юу хүсэж байна, мөрөөдөл нь юу юм бэ гэдгийг нь олж харахыг хичээдэг. Дан ганц туршлага хангалтгүй. Санхүүгийн салбарт 15 жил тасралтгүй ажилласан байлаа ч тэр нь ажил олгогчид сүрхий мэдээлэл болохоо байчихаж. “Монгол шуудан”-д байхдаа ч ийм шалгуур тавьж, үнэт зүйлийг мэдэхийг зорьдог байсан.
-Тэгвэл таны үнэт зүйл юу вэ. Та нэгэн ярилцлагадаа “Ээж маань надад “Бусдаас өөрөөр амьдар” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Бусдаас өөр болохын тулд өөр байх биш, өөрийн гэсэн сахилга бат, үнэт зүйл, зарчимтай байх хэрэгтэй гэсэндээ ингэж хэлснийг нь одоо ойлгож байна” хэмээн дурдсан байсан.
-Нэгдүгээрт, гэр бүл. Ажилдаа баримталдаг хандлага талаас нь хэлбэл, зөв зүйлийг зөв аргаар хийх ёстой. Зорилго нь аргаа зөвтгөнө гэж боддог хүмүүс бий. Зорилго нь хэчнээн зөв байлаа гээд хууль ёс, бусдын эрх ашгийг зөрчөөд ч хамаагүй түүндээ хүрэх гэдэг нь буруу. Гэмт хэрэгтэн гээд хэн нэгнийг баривчилж, шийтгэхдээ ч эрхэм чанар, нэр хүнд, эрхийг нь хангах учиртай. Үнэхээр зөв зорилгын төлөө явж байгаа бол замдаа ч бусдын эрх ашгийг хангаж, хэн нэгнийг хохироохгүй байх арга олох нь зөв. Амьдралдаа ч ингэж хандахыг хичээдэг. Гэхдээ амаргүй. Зөв замаар зөв зүйлд хүрэхийн тулд олон хүн, бусдын хүчин зүйлийг тооцож үзэж байж хөдлөх шаардлагатай болдог. Магадгүй энэ бүхнийг тооцохгүй шууд хөдөлбөл цаг хугацаа хэмнэж, илүү хурдан явж болох. Гэхдээ хурдан байлаа гээд тогтвортой , удаан оршин тогтноно гэсэн үг биш. Ямар ч гэсэн хичээж л явна. Хүмүүст ч ийм л шаардлага тавьж байгаа.
Сүүлийн 10 гаруй жил өөрийн дүрмийг зохиож өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай болох гэж хичээж, түүнийгээ ягштал баримталж ирсэн. Энэ нь гаргаж буй шийдвэр болгонд минь нөлөөлж, амьдралд минь олон өөрчлөлт авчирсан гэж боддог. Хүн ер нь ямар нэг зүйлд сахилга баттай байх нь бусад хийж буй зүйлсэд нь ч нөлөөлөх сэдэл болдог юм шиг санагддаг.
-Гэхдээ “Зөв” гэдэг нь харьцангуй ойлголт шүү дээ.
-“Би үүнийг зөв гэж бодож байна” гээд зүтгээд байх нь буруу. Бид нийгмээр, нийтээр, гэрээний үндсэн дээр л амьдарч байгаа. Үндсэн хуулиас авхуулаад байгууллагын дотоод журам, дүрэм зэргийг баримталж ажиллахаас эхлэх ёстой. Орчин үеийн нийтлэг, хэвшмэл ойлголтыг үйл хэрэгтээ тусгаж чадаж байна уу гэдгээ тодорхойлж, баримтлахыг хичээдэг. Та тал дээр ганцаараа амьдраагүйгээс хойно Улаанбаатарын сая гаруй иргэний нэг нь болж байгаагийн хувьд зайлшгүй мөрдөх ёстой зүйлээс эхлэх ёстой. Магадгүй дараагийн шатанд хүний эрх, ардчилал, олон улсын хамгийн түгээмэл туршлагуудыг үйл хэрэгтээ тусгаж чадаж байгаа юу гэдгээ харах нь зүйтэй байх.
-“Монгол шуудан”, “Ард кредит” хоёрын үйл ажиллагааны чиглэл тэс өөр. Одоогийн ажилдаа төвлөрч, амжилттай ажиллахын тулд та юунд суралцаж байна вэ?
-Магистрын зэргээ менежмэнтийн чиглэлээр хамгаалсан ч санхүү талдаа төвлөрөн судалсан. Судалгааны ажлаа ч Монголын хөрөнгийн бирж дээр хийсэн л дээ. Тэгэхээр санхүүгийн салбарын хүн огт биш гэж хэлж болохооргүй байгаа биз. Ямар ч гэсэн санхүүгийн чиглэлээр номын дуу сонссон хүн. Гэхдээ энэ салбарт ажилласан уу гэвэл үгүй. Өнгөрсөн хугацаанд менежмэнт, стратеги, компани удирдахад илүүтэй суралцсан байна. Мэдээж гүйцэтгэх захирал салбараа мэдэх ёстой. Тиймээс ч тасралтгүй суралцаж байна. Томилогдсон өдрөөсөө энэ салбарын мэдээлэл, дүрэм, журмыг судалж явна. Амралтын нэг өдрийг яг энэ зорилгодоо зориулж байгаа. Хэр хугацаа зарцуулахыг мэдэхгүй юм. Ашиг, орлого нь өсөж байгаа компаниа гүйцэж түрүүлж, урд нь гараад, манлайлах шаардлага гарсан учраас бусдаас илүү суралцах шаардлага гарч байгаа. Юуны түрүүнд, чадварлаг хүмүүс ажиллуулж чадаж байна уу гэдэгт төвлөрнө. Баг, хамт олноороо шийдвэр гаргана гэдгээ анхнаасаа хэлж байгаа. Супермэн бүгдийг шийддэг гэж би боддоггүй. Байгууллагын хүмүүс бие биеэ нөхөх ёстой.
Ер нь хүн суралцахад цаг гаргах хэрэгтэй юм шиг байна лээ. Сардаа хоёр ном уншина гэдэг ч юм уу. Өнгөрсөн жил сард хоёр ном унших төлөвлөгөө гаргасан юм л даа. “Нүдтэй байж та нар яагаад ном уншдаггүй юм бэ” гэсэн хараагүй охины үг надад маш их нөлөөлсөн. Тэгтлээ ном уншдаггүй байсан юм. Ажил, хичээлийн шаардлагаар л ном уншдаг байсан гэх үү дээ. Зорилгодоо хүрч, 25 ном уншсан. Бүгдээрээ мэргэжлийн, менежмэнтийн чиглэлийн ном биш. Зарим нь амьралын тухай, хэрхэн аз жаргалтай байх вэ, аав хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ гэх мэт сонирхолтой ном бий. Ийм тодорхой төлөвлөгөө, хуваарьт оруулахгүй бол сурдаггүй юм билээ. Цаг хугацаа хязгаартай. Амьдрал сургачихна гэж хандах нь хэт төлөвлөгөөгүй, урсгалаараа явж байгаа юм шиг санагддаг. Тэр охины үг ганц ном уншихад ч биш, олон талаар надад нөлөөлсөн. “Хоёр гар, хоёр хөлтэй, тархи толгой нь ажилллаж байхад яагаад зүгээр суугаад байгаа юм бэ” гээд шантарсан үедээ бодоход тэр охины хэлсэн үг надад хүч өгдөг.
-Хүний төрөлх зан, цусанд шингэсэн чанар гэж бий гэлцдэг. Таны хувьд суралцах замаар төрөлхийн мэт болтол нь төлөвшүүлсэн ямар зан, чанар байдаг вэ?
-Солонгос бол шатлан захирах ёс, Күнзийн суртал нэвтэрсон орон. Тэнд нэг насаар ах хүнийг ч “Ах аа” гэж хүндэтгэнэ. Өөрөөс нь нэг жилийн өмнө ажилд орсон хүнийг ч хүндэлдэг. Нөгөө хүн ч зааж, сургадаг. Энэ бүхэн эхний үед монгол хүний хувьд, цаашлаад нэлээд задгай гэмээр хүмүүжилтэй надад сонин санагддаг байсан. Би зургаан насны зөрүүтэй эгчийгээ хүртэл нэрээр нь дууддаг байсан юм шүү дээ. Сүүлдээ тэр хүндлэл, хүмүүжил зөв юм байна гэдгийг ойлгосон. Үүнд маш сайн суралцсан гэж боддог. Солонгост очоод даруулгатай болж, бусадтай хүндэтгэлтэй харьцдаг болсон. “Би, би” биш “Бид” хамтдаа хийхийг илүүд үзэхэд суралцсан. Ази соёл угаасаа хамтынх байдаг шүү дээ.
Нөгөө талаас аливаа ажилд судалгааны арга зүй тун чухал. Төр, засгийн шийдвэр, зарим компанийн бодлого, шийдвэрийг харахаар заримдаа зөн мэдрэмж, бодлоороо хийчихсэн юм шиг санагддаг. Бодлого, шийдвэрээ судалж гаргахгүй байгаа нь хамгийн буруу. Баримттай, шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдэгт суралцсан. Академик түвшинд олж авсан энэ зарчим хувь хүний зан төлөвт ч нөлөөлдөг. Сэтгэл хөөрлөөрөө шууд ярьдаггүй байх, бодож үзсэний эцэст шийдвэр гаргахад суралцсан. Мөн илүү хөдөлмөрч болсон байх. Ер нь магистрын зэрэг горилж суралцсан цаг хугацаа миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн.
Харин сүүлийн дөрвөн жилийн турш нэг зүйлийг амьдралынхаа өдөр тутмын хэв маяг болгож чадсан нь фитнесээр хичээллэх. Өсвөр насандаа усан спортын “Эрч” клубын тамирчин байлаа. Тиймээс гадаадад томилолтоор явах, хөдөө амрахдаа хүртэл бэлтгэлийн хувцсаа цүнхлэхээ мартдаггүй. Өөр газар очоод тасалж байсан удаа маш цөөн байх.
Ядаж л миний хүүхэд том болоход нийгмийн тогтолцоо нь илүү шударга болсон байх ёстой биз дээ
-Магадгүй та Америк, Барууны орнуудад суралцсан бол өнөөдрийн Тэлмэнгээс өөр хүн болж хүмүүжсэн байх болов уу?
-Баруунд удаан хугацаагаар суралцаагүй болохоор хэлж мэдэхгүй юм. Аль аль нь давуу болон сул талтай. Орчин үед академик боловсрол, мэдлэг олгох чиглэлд дэлхий нэг стандарт руу л явж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн мэдлэгт Солонгос, Америкийн алинд ч суралцах боломжтой. Тэгээд ч хүн өөрөө хэр хичээнэ, тэр хэрээр боломж, бололцоо бий болж буй шүү дээ. Суръя л гэвэл оршин байгаа газраас үл шалтгаалах болсон. Соёлын тухайд асар том ялгаатай. Баруун бол илүү индивидуалист үзэл дээр илүүтэй оршин тогтдог учраас хэрэв тэнд удаан хугацаагаар амьдарч, суралцсан бол миний аминч үзэл илүү лавшрах байсан болов уу. Үүгээрээ би Баруунд сурсан хүмүүсийг буруутгаж, шүүмжилж байгаа юм биш шүү. Би өөрөө аминч үзэлтэй байсан учраас тэр маань илүү хөгжөөд, магадгүй буруу тийшээ зүглэх байсан ч юм бил үү.
-Та Солонгост сургууль төгсөгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Мөн “Ажил хийх гоё” төслийн ахлагчаар ажиллаж байсан. Саяхан “Эрчүүд хаачив” сэдвээр подкаст хийсэн байна лээ. Ажлынхаа хажуугаар, гэр бүлдээ зарцуулах цагаас хумслан байж энэ мэт олон нийтийн ажилд оролцох зайлшгүй шалтгаан юу гэж?
-Шалтгаан нь их энгийн. Гэр бүл, үр хүүхэд маань үүний шалтгаан болчихоод байгаа юм. Өндөр хөгжилтэй оронд таван жил амьдраад эх орондоо ирэхэд маш их ялгаа мэдрэгддэг юм билээ. Манайд асар олон асуудал байна. Сайжруулах, засах шаардлагатай зүйлс ч зөндөө бий. Өөрөөр хэлбэл, би зөвхөн өмнөх ажлаа хийгээд шийдэгдэхгүй асуудлууд хуримтлагдсаар байна. Эдгээрийг шийдэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах ёстой. Ядаж л миний хүүхэд том болоход аж төрөх нийгмийн тогтолцоо нь илүү шударга болсон байх ёстой биз дээ. Маргааш өнөөдрөөс илүү сайн, сайхан болсон байх учиртай. Үүнийг хий хоосон шүүмжилж, хараагаад суух нь утгагүй. Бидний зориод байгаа иргэний нийгэмд иргэд нь илүү оролцож, бүтээдэг. Тиймээс ч би олон нийтийн ажилд зав гарган оролцдог. Цаашдаа ч оролцсоор байх болно. Залуу хүний амжилтыг гоё машин унаснаар нь, эсвэл компанийн захирал болсноор нь хэмжмээргүй байгаа юм. Амьдралын утга учир юу юм гэдэгт арай бага анхаарал хандуулаад байна уу гэж ч бодогддог. Уг нь бүгд хийж буй зүйлдээ хариуцлагатай байвал ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. “Ажил хийх гоё” төслийн зорилго ч ийм л байсан. Тэр төслийн хүрээнд дадлагажигч сонгохдоо бид хамгийн шилдгийг нь сонгоогүй. Англи хэлний дундаас доош мэдлэгтэйг нь сонгох жишээтэй. Боломж жаахан дутаад байгааг нь сонгосон гэх үү дээ.
-Таны цуврал подкастаар хөндөх “Эрчүүд хаачив” гэх асуулт маш олон асуулт үлдээсэн. Одоо та энэ асуултад хариулж чадах уу?
-Хариултыг нь хайсаар л байгаа. Дараагийнхаа подкастуудыг хийхээр судалж, бэлдэж байна. Эхний подкастын дараа олон хүн бидэнд хандсан., санал, шүүмжлэл хэлсэн. Маш эмзэг сэдэв бариад авсан учраас хөнгөн, гоомой хандаж болохгүйг ойлгосон. Дараагийн подкастууд шууд үргэлжлээд гарахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Илүү сайн, судалгаатай ярихгүй бол болохгүй. Хүмүүсийн зарим нь монгол эрчүүд Солонгос явчихсан, угаасаа л хариуцлагагүй гэх байдлаар хэлж байна. Бид үр дүн биш, шалтгааныг нь хайгаад байгаа юм. Тэгвэл яагаад Солонгос руу яваад байгаа юм бэ. Мөнгө олох гэж яваад байгаа юм бол Монголд яагаад мөнгө байхгүй байгаа юм бэ. Эдийн засаг нь муу учраас эрчүүд нь харийг зориод байгаа бол яагаад манайх ядуу байгаа юм бэ гэх мэтээр шалтгааныг нь илүү олж, ийм “эмчилгээ” хийх ёстой гэдгийг гаргаж ирэх нь л бидний зорилго. Харамсалтай нь, манайхан үр дүнтэй тэмцээд байгаа зүйл олон талаар ажиглагддаг. Архичин хүн олон байгаа бол тэднийг алга болгосноороо асуудлыг шийдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ асуултын хариулт тогтолцоо, боловсрол руу л илүүтэй чиглэж, холбогдох болов уу. Ямар ч гэсэн хариултыг нь хамтдаа хайгаад үзье.
-Танд амжилт хүсье.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Нийтлэлийг: Сэтгүүлч Б.Номин
Нийтлэгдсэн огноо: 2020 оны 2 сарын 14
Сэтгэгдлүүд (0)