“Надаас хүсэж буй хүлээлтээс илүү үр дүн гаргаж ажиллахыг эрмэлздэг”

Анх Улаанбаатар хотын банканд зээлийн мэргэжилтнээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж байлаа.

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнтэй танилцъя.

Ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байснаас тань яриагаа эхлүүлье

Анх Улаанбаатар хотын банканд зээлийн мэргэжилтнээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж байлаа. Намайг ажилд орсон тэр жил орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлж байсан үе ч таарч  өглөөнөөс үдэш хүртэл чөлөө завгүй ажилласаар нэг их хурдан ярьдаг, туранхай бор залуу болчихсон байсан цаг маань санаанд орж байна. Гэвч тэр хугацаанд буюу 3 сарын дотор тухайн  салбарынхаа зээлийн багцыг 3 дахин нэмэгдүүлснийг тэр үеийн удирдлага маань үнэлэн төв салбарынхаа Байгууллагын Банкны Зээлийн Мэргэжилтэн болгон дэвшүүлж байсан нь ажлын гарааны урамтай эхлэл болж өгсөн юм. Мөн 3 сар гэдэг иргэдийн зээлийн хэрэгцээг судалж, ямар зээлийг яаж аваад хэрхэн төлж байвал хувь хүндээ болон банкандаа хэрэгтэй талаарх мэдлэгтэй болоход хангалттай хугацаа юм байна гэдгийг ойлгож авч байсан.

Санхүүгийн салбарт ажиллах хүнд юу зөвлөх вэ?

Манай санхүүгийн салбар бол хөгжиж яваа салбар учраас цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, шинээр суралцах хэрэгтэй байдаг. Өөрийнхөө мэдлэгт тулгуурлан компанидаа өсөлт дэвшил авчрах боломжийг олж, тэр боломжоо ашиглаж чаддаг байх нь чухал. Миний хувьд  Арилжааны банканд зээлийн мэргэжилтнээр 3 жил ажиллаад Ард Секюритиз ҮЦК-д Санхүүгийн шинжээчээр орсон нь жижиг дунд бизнес эрхлэлтийн тухайд болон  хөрөнгө оруулалт хийснээр хэрхэн  мөнгөө өсгөж болох талаар ойлголттой болж, суралцахыг эрмэлзэж явсантай маань уялдаж өгсөн гэж болно. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг салбарт нийтдээ 7 жил ажилласан байна. Намайг хоршоогоо хариуцан авч байхад манайх нийт 700 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан бол одоо 4.6 тэрбум болж 3 жилийн дотор 6.6 дахин өссөн үзүүлэлт гарч өдгөө бид  850 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Анх хоршоо хариуцан ажиллахад эх үүсвэр татах буюу хадгаламж татах ажил нь хамгийн том ажил байдаг байлаа. Тухайн үед 2006 оны хоршоодын дампуурлаас үүдэн хүмүүс хоршоонд мөнгөө хадгалуулах сонирхолгүй, мэдээлэл авч буй иргэдийн 80-90 хувь нь хоршоо дампуурвал яана? гэх эргэлзээтэй байсан хэдий ч   “Би Ардад, Ганхуяг захиралд тань итгэдэг учраас танайд хадгаламжаа байршуулах сонирхолтой байна” гэдгээ  илэрхийлдэг байсан.    

Ард Активынхаа үйл ажиллагааг  товчхон тодорхойлбол?

Манай Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлж ажилладаг бөгөөд тэдэнд банктай харьцуулахад илүү өндөр хүүгээр хадгаламжаа байршуулж, салбарын дунджаас бага хүүтэй зээл олгон гишүүдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж ажиллахыг зорьж байна. 2019 оны салбарын дундаж зээлийн хүү сарын 3.4%, жилийн 40.8 хувьтай байхад манай хоршооны хувьд зээлийн хүү сарын 1.9, жилийн 22.3 хувийн хүүтэй байгаа нь салбарын дунджаас 45 хувиар бага хүүтэй зээл олгож, салбартаа хүүгийн төвшнөөрөө хамгийн бага байгааг илтгэнэ.Хоршоодын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 2019 онд жилийн 19.2 хувь байсан бол Ард Актив ХЗХ-ны хувьд жилийн 16.4 хувьтай байна. Манай хадгаламжийн хүү бага байдаг нь гишүүдийн маань хоршоондоо итгэх итгэл өндөр байж, сэтгэл ханамжтай санхүүгийн үйлчилгээ авч буйг илтгэх үзүүлэлт юм.

Ажил, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Хийж буй ажилдаа илүү өөриймсөг хандаж, надаас хүсч буй хүлээлтээс илүү үр дүн гаргаж ажиллахыг хэзээд эрмэлздэг. Нэгэнт л залуу нас, өөрт  үнэ цэнтэй цагаа зарцуулаад хөдөлмөрлөж байгаагаас хойш өөрийн чадах хамгийн сайнаараа ажиллахыг хүсдэг. Хэрвээ тухайн зүйлсийг хийхэд чадвар дутахаар зүйлс байвал аль хэдийн хийгээд үзчихсэн мэт сэтгэж, амжилттай яваа хүмүүс хэрхэн хийж байна, ямар чадвартай байгааг нь анзаарч “өөрийнхөө арай чадварлаг Билгүүн хувилбар”ыг бий болгохыг хүсдэг.

Яагаад Ардын багт ажиллах болсон бэ?

Миний сурахыг хүсэж буй Хөрөнгийн зах зээлийн талаар үйлчилгээ үзүүлдэг томоохон  байгууллага Ард Санхүүгийн Нэгдэл байсан болохоор шийдвэрээ маш хурдан хугацаанд гаргаад ажиллаж эхэлсэн. Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ганхуяг захирлын хувьд залуучуудад маш том боломж нээж өгөн, хүлээлгэсэн итгэлийг нь алдалгүй сайн ажилладаг залуучууддаа мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжийг ч харамгүй олгодог. Миний хувьд надад өгсөн боломжийг ашиглан Ард Актив Хадгаламж Зээлийн Хоршооны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд