Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа
-Манайхан “Цахим шилжилт хийнэ” гэж хаана хаанаа их ярьсан. Төр засаг хийгээд хувийн хэвшлийн зарим байгууллага цахим шилжилт хийхээ зарласан ч хойрго хандаж ирсэн. Харин “Ковид-19 нийгэм, эдийн засгийн асар том өөрчлөлт авчирч, цахим шилжилтийг 10 жилээр наашлууллаа” гэж олон улсын судлаачид хэлсээр байгаа билээ. Наад захын жишээ дурдахад, цахимаар хуралдах, сургалт зохион байгуулах нь энгийн зүйл боллоо. Манай Ард Шопын үйл ажиллагаанд ч илт мэдрэгдэж, цахим худалдааг төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байсан томоохон байгууллагууд хүртэл Ард Шопт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байршуулахаар хандах нь эрс нэмэгдэж буй нь анзаарагдаж байгаа. Гэвч цаг үе, хэв шинжийн энэхүү өөрчлөлт нь бидний хувьд гэнэт үүссэн нөхцөл байдалд дасан зохицох гэхээс илүүтэй цахим шилжилт гарцаагүй болохыг хэдийн олж харж, үүнд бэлтгэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа төлөвлөгөөтэйгөөр нэвтрүүлж ирсэн цөөхөн байгууллагын нэг гэдгийг харууллаа. Ард Кредит, ер нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд энэ чиглэлд манлайлж, урьдчилан харж чадсан. Манайд ухаалаг утас, цахим хэрэглээ харьцангуй өндөр гэгддэг ч мэдээ, мэдээлэл олж авах, нийгмийн сүлжээ ашиглахаас хэтэрдэггүй гэхэд болно. Бид үүнийг шат ахиулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж болгон хувиргаж байна. Санхүүгийн үйлчилгээ авахын тулд биечлэн очиж, цаг заваа зарцуулахаас гадна баахан бичиг цаас бүрдүүлдэг уламжлалт хандлагыг цахим хувьсгал өөрчилж, хөнгөвчилж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зэрэг томоохон өөрчлөлт дагуулж байгаа.
-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг батлахаас өмнө цахим төлбөр тооцоо, үйлчилгээг зөвхөн банкууд үзүүлж байсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор банк гэлтгүй бусад байгууллага ч ийм үйлчилгээ үзүүлэх бололцоо бүрдсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа эрх бүхий байгууллагууд ч, хэрэглэх гэж байгаа манайх шиг компаниуд ч дутуу ойлголттой байх шиг. Жишээ нь, манайх банк бус санхүүгийн байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Тэрхүү зөвшөөрлийн дагуу бид Ард аппликейшнээрээ дамжуулан үйлчилгээ үзүүлж ирлээ. Гэтэл энэ хууль батлагдсанаар уг зөвшөөрлийг зөвхөн Монгол Банк олгодог болсон. Тиймээс ч бид цахим мөнгөний зөвшөөрөл хүсэж Төв банкиндаа хандаад байгаа. Тэд удаалгүй бидэнд зөвшөөрөл өгнө гэдэгт итгэлтэй байна. Ер нь шинэ хууль, түүнийг дагаж мөрдөх журмын талаарх ойлголтын зөрүүгээс болж хаана хаанаа цаг алдах явдал байгааг үгүйсгэхгүй. Ингэж хугацаа алдах хооронд тэр хэрээр хэрэглэгчид энэ үйлчилгээг авах боломжоо алдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч талаас өндөр хүлээлт үүсгэж байна. Зээл гэлтгүй бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах гэсэн хэрэглэгчийн тоо улам бүр нэмэгдэж байгаа учраас бид тэдний хүлээлтэд хүрч ажиллахын төлөө зорьж байна.
-Илүү далайцтай үйлчилнэ. Төлбөр тооцоогоо цахимаар хийх сонирхолтой байгууллагууд бидэнтэй нэгдэх боломжтой. Тэдгээр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг манай 205 мянган хэрэглэгч хэрэглэхэд илүү хялбар болно. Улмаар өрсөлдөөн нэмэгдэнэ. Зөвхөн банк л энэ үйлчилгээг үзүүлдэг байсан цаг саяхан шүү дээ. Эцсийн дүндээ энэ бүхний үр ашгийг хэрэглэгчид л хүртэнэ. Бид шуурхай ажиллаж, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэснээр зээлийн хүүгээ бууруулахад нэг алхам урагшилж байна гэсэн үг. Мөн манай санхүүгийн системийн 90-97 хувийг дангаараа эзэлж буй банкнуудаас гадна энэ орон зайд шинэ тоглогч гарч ирэх хөшүүрэг болох юм. Жишээ нь, өнгөрсөн жил банкны зээлийн актив 0.9 хувиар өссөн бол банк бус санхүүгийн байгууллагынх 34 хувиар өссөн. Тэгээд ч өнөөдөр зах зээл нь байгаа учраас банк бус санхүүгийн 535 байгууллага үйл ажиллагаа явуулан, бойжиж, дэвшиж байна. Энэ нь нэг талаас ямар олон хүн, байгууллага банкны үйлчилгээ авч чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Банкны өндөр босгыг давж чадахгүй байгаа нь бидэнд хандаж байна шүү дээ.
Банк бус санхүүгийн байгууллагынхан банкнууд эрсдэлтэй гэж үзээд хүлээж аваагүй зах зээл дээр ажиллаж буйг анзаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өндөр хүүгээр өндөр эрсдэлийн тодорхой хэсгийг хааж байгаа юм. Үндсэндээ барьцаагүй зээл олгож байгаа нөхцөлд энэ өндөр эрсдэлтэй дүйцэх хэмжээний хүү тавих нь зүйн хэрэг. Үүнээс гадна санхүүгийн харилцаанд огт орж байгаагүй хүмүүс ч бидэнд ханддаг. Энэ нь бид тэднийг бэлтгэж, боловсруулж байна гэсэн үг. Ард Кредитын хувьд харилцагч зээлийн нөхцөлөө удирдах боломжийг бий болгоод удаагүй байна. Олон удаа зээл авах тусам хүүг нь бууруулж байгаа ба манайхаар анх удаа үйлчлүүлж байгаа хүн, 10 дахь удаа зээл хүсэн хандаж байгаа хүний төлөх хүү асар ялгаатай байна гэсэн үг. Тухайн харилцагч өмнө нь удаа дараа Ард Апп ашиглан үйлчлүүлж байгаад анх удаа манайд биечлэн хандлаа ч бидний хооронд хэдийн итгэлцэл, хамтын ажиллагаа тогтчихсон байх жишээтэй. Үүгээр бид харилцагчдадаа маш хурдан шуурхай үйлчлэх харилцааг цогцлоож буй гэж ойлгож болно. Магадгүй банкны хүүтэй дүйцэх хэмжээнд ч хүргэж болно шүү дээ. Харилцагч маань хариуцлагатай байж гэмээнэ зээлийн хүү үе шаттайгаар буурах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс өмнө бид үйлчилгээний шимтгэлээ ийм хэлбэрээр бууруулсан. Хамгийн гол нь Ард Кредит, харилцагч хоёрын хооронд харилцсан түүх нь байгаа учраас урт хугацаанд, их хэмжээний зээлийг хүү багатайгаар олгох боломжтой. Магадгүй одоо үзүүлж буй бүх үйлчилгээгээ уламжлалт хэлбэрээр явуулбал бидний зардлыг үлэмжээр нэмэх маш олон салбар нэгж, ажилтан хэрэгтэй болох биз. Гэтэл бид тэр бүхнийг хэдхэн хормын дотор шийдвэрлэж чадаж буйгаараа урт хугацааны өрсөлдөх чадвараа бэхжүүлж байна гэж ойлгож болно.
Ярилцлага авсан сэтгүүлч: Б.Номин (Өнөөдөр сонин)
Сэтгэгдлүүд (0)