Мэргэжлийн зөвлөгөөг - Таны амьдралд

Эдийн засгийн хямралын үед хувийн санхүүгээ хэрхэн удирдах вэ

Эдийн засгийн хямралын үед хувийн санхүүгээ хэрхэн удирдах вэ, мөн компанийн санхүүгийн байдлаа хэрхэн хүнд байдлаас гаргах талаар зөвлөөч хэмээн асуултаа бичиж илгээсэн уншигчдынхаа хүсэлтээр Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоо, Ард Секюпритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Ж.Золзаяа нараас зөвлөгөө аван хүргэж байна. Ард Академийн уншигчдынхаа асуултанд мэргэжлийн өндөр түвшинд боловсорсон эрхэм захирлуудаасаа тодруулга аван, хариулт өгөхдөө бид хэзээд таатай байх болно.

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоо

Эдийн засгийн хямралтай үед хувийн санхүүгээ яаж зохицуулах вэ?

Юун түрүүнд өөрийнхөө хэрэгцээ, хүслээ тодорхойлоод, амьдралд тань заавал шаардагдах зүйл биш бол худалтан авалтаа багасган, танаж болох зардлуудаа тодорхойлох нь хувийн санхүүгээ эрсдлээс хамгаалах хамгийн эхний бөгөөд энгийн арга юм. Хэрвээ та энэ үед хуримтлал үүсгэх болон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ч эргэлзэж байгаа бол эдийн засгийн тогтмол өгөөж өгөх боломжтой хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө. Компанийн хувьцаа  эдийн засгийн уналтад өндөр савлагаатай байдаг ч тэдгээр нь дотроо өөр өөр секторын хувьцаанууд бөгөөд тус бүрдээ өөр савлагаатай байдаг. Тиймээс эдийн засгийн хямралтай үед хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бонд, хадгаламж, итгэлцэл гэх зэрэг бүтээгдэхүүн авах нь илүү үр дүнтэй. Хэрвээ хувьцаа авахаар төлөвлөж байгаа бол үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг, эсвэл илүү өргөн хэрэглээний бүтээгдэхүүнтэй компанийн хувьцаа авах нь илүү үр дүнтэй.  Цаг үеэс шалтгаалан компаниудын хувьцааг ханш буусан үед нь хямдаар авах боломж бий болдог учраас эдийн засгийн уналт нь нэг талаараа хөрөнгө оруулагчдад давуу байдал үүсгэдэг.

Хямралтай үед бизнесийн болон хэрэглээний зээл авах нь эрсдэлтэй юу?

Хэрэглээний зээл бол энэ цаг үед зөвлөх зүйл биш. Хэрэглээний зээлийн зорилго нь орлого олохгүйгээр зарж дуусгахад чиглэж байгаа учраас эргээд өрийн дарамт бий болгох эрсдэлтэй. Харин бизнесийн зээлийн хувьд, хүмүүс өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эсвэл энэ төрлийн бизнесээ өргөжүүлэх зээл авбал ашигтай байж болно. Тэгэхээр, хэрвээ танай компанийн бизнес хямралтай үед ч хүмүүст ашиглагддаг, байнгын хэрэгцээний нэр төрөлтэй бол өргөжүүлэх зээл авах нь ашигтай. Харин хямралтай, мөн хөл хориотой энэ үетэй үйл ажиллагааны чиглэл нь эсрэгцэж байвал ашиггүй зээл болох учраас хүлээзнэх хэрэгтэй гэж зөвлөнө. Хувийн хэрэглээний зээлийг ямар ч тохиолдолд зөвлөхгүй.

Би 28 настай. Нэгэн компанид менежерээр ажилладаг, нэг их зүйл авсан юмгүй ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад мөнгө маань дуусч, дараагийн цалин буухыг хүлээдэг. Үүнийгээ засахыг хүсдэг, гэхдээ яг юу хийхээ мэддэггүй. Яах ёстой вэ?

Энэ хүний хувьд цалингаа мэдээж ямар нэг дансаар авч байгаа, тиймээс зарлага хийхдээ мэдээж тухайн дансаараа дамжуулж үрдэг болов уу гэж бодож байна. Тиймээс банкнаас дансныхаа дэлгэрэнгүй хуулгыг аваад гүйлгээ болгоноороо зарцуулалтаа хянахыг зөвлөе. Тухайн зарлагууд нь хүн амьд байхад зайлшгүй шаардагддаг хоол хүнс, орон байрны хэрэглээний зардал уу, эсвэл онцын шаардлагагүй илүүдэл зардал байна уу гэдгийг тодорхойлоод таналтуудаа хийж эхлэх хэрэгтэй. Зарцуулалтаа сайтар хянан, санхүүгийн дэг журамтай байж, цаашид орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд анхаарвал эрсдэл бага учирна. Орлогын сувгаа нэмэхийн тулд заавал бизнес эрхлэх шаардлагагүй. Харин өөртөө зориулж хадгаламж нээх хэрэгтэй, учир нь таны хадгаламжийн хүү орлогын нэг эх үүсвэр болдог. Энэ кейс дээр харахад, хэрвээ энэ хүний хувьд ямар нэгэн байдлаар өвдөх юмуу өөр гэнэтийн зүйл тохиолдоод ажиллаж чадахгүй болоход орлого нь ч хамт зогсож, компаниар бол дампуурах эрсдэл учрахад хүрнэ. Тиймээс ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдлээс санхүүгээ болон эрүүл мэндээ хамгаалахын тулд хадгаламжтай болж, даатгалд хамрагдах зэргээр гэнэтийн эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж харагдаж байна.

Ард Секьюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Ж.Золзаяа

Эдийн засаг тогтворгүй үед хөрөнгө оруулалтын ямар төрлийн бүтээгдэхүүн илүү ашигтай байх вэ?

Энэ цаг үед Монголын ч тэр, Олон улсын ч хөрөнгийн зах зээл савлагаатай байгаа. Тиймээс, хувьцааны хувьд  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хэрнээ хувьцааных нь ханш унаж буй  компаниуд ч бий. Тиймээс ирээдүйд өсөх боломжтой компаниудын хувьцааг ханш буусан үед худалдаж авах нь харин ч ирээдүйд хэрэг болдог. Хэрвээ энэ цаг үед та хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол өмнө 70 хувь хувьцаа, 30 хувь бонд гэсэн сонголт хийдэг байсан гэж бодоход, харин одоо эсрэгээрээ 70 хувь бонд, 30 хувийг хувьцаа гэх зэргээр багцын тохиргоогоо хийх хэрэгтэй.

Санхүүгийн хямралтай үед төсвөө хэрхэн төлөвлөх вэ?

Төсвөө төлөвлөхдөө, ойрын 2 сард зарцуулах зүйлсээ төлөвлөж бичнэ. Зардлуудаа жагсаасны дараагаар, орж ирдэг орлогоо ч мөн жагсааж бичнэ. Эндээс та юунд илүү их мөнгө зарцуулж байна, танах боломжтой зарлага юу байна гэдгээ харж болно. Мөн 3 болон 4 дэхь сарынхаа хэрэглээний төсвөө ч мөн гаргаарай. Хувьсах зардал болон тогтмол зардлуудаа ангилчихвал тогтмол зардлаа заавал төлөх шаардлагатай учраас хувьсах зардлаасаа танах боломжтой гэсэн үг. Мөн гэнэтийн, төлөвлөөгүй зардал, тохиолдож болзошгүй зүйлсийг тооцоолон өөртөө  “нөөц” бий болгох хэрэгтэй. Зардлаа сайтар хянаж, илүү гарсан нөөцөө илүү их өсгөхийн тулд дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд анхаарлаа хандуулах нь тохиромжтой байх болно. 

Би 37 настай. Хувийн бизнес эрхэлдэг. Бизнес маань давгүй амжилттай явж байсан боловч ковид, хямрал хоёр сөргөөр нөлөөлж байна. Энэ үед би яаж хөдөлвөл их, бага хэмжээний хохирол амсахаас зайлсхийх вэ?

Энэ хүний хувьд бизнес моделио сайн харж, стратегиа гаргаж  байгаад ирээдүйд ямар компани болохыг хүсэж байна гэдэг зорилго зорилтоо тодорхойлох хэрэгтэй.  Одоогийн энэ цаг үе бол олон компаниудын хувьд бизнес моделио эргэн харах цаг болжээ гэдгийн сануулсан болов уу гэж боддог. Бүх талаараа технологижсон шинэ эрин үед хэрвээ үйл ажиллагаа тань даган хувьсаж, цаашид оршин тогтнож чадахааргүй байвал тодорхой хугацаагаар зогсоох нь оновчтой шийдвэр байх болно гэж хэлнэ. Яагаад түр зогсоохыг зөвлөж байна вэ гэхээр, та мөнгөө бизнестээ түгжиж ашиггүй байснаас  хадгаламжинд хийж хүүгээс хүү бодуулах нь мөнгөө өсгөх хамгийн энгийн арга юм. Хэрвээ бизнесээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, гацалтанд орсон байгаа бол өөрийн хөрөнгөө түгжиж үхмэл байлгахгүйн тулд түр хугацаагаар түрээслүүлэх зэргээр бодит бааз сууриа ашиглан зохицуулахыг хичээх нь зүйтэй гэж хэлмээр байна. Үүн дээр мөн л эрсдлийн даатгалд хамрагдаж компанийн үйл ажиллагаа, ажилчид болон таны хөрөнгөнд учирч болох гэнэтийн зүйлээс хамгаалахыг зөвлөнө.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?