Хувийн санхүү гэсэн нэр томьёо нь мөнгөө хэрхэн удирдаж, ирээдүйгээ төлөвлөхийг илэрхийлдэг. Дийлэнхи санхүүгийн зөвлөгөөнд “орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх”, “хэрэгцээгүй зардлаа танах” эсвэл “та орлогоосоо дор хаяж 10 хувийг хадгалах хэрэгтэй” гэх мэт тодорхой санхүүгийн төлөвлөлттэй холбоотой ерөнхий дүрмийг дурддаг боловч амьдралын бусад хүчин зүйлүүдийг тооцоогүй байдаг.
Тиймээс бодитой, хэрэгжүүлэх боломжтой санхүүгийн төлөвлөгөөг гаргахад дараах алхмуудыг гүйцэтгэх хэрэгтэй. Үүнд:
Та санхүүгийн байр сууриа хаана байгааг ойлгож, хаашаа яаж хүрэхээ олж мэдэхийн тулд тоо бодох хэрэгтэй. Өөрийнхөө цэвэр хөрөнгө буюу таны эзэмшиж буй хөрөнгүүдийн зах зээлийн үнийн нийлбэрээс өр төлбөрөө хасч тооцсноор санхүүгийн байр суурь тань тодорхойлогдоно. Үүний дараа хувийн төсөв буюу өөрийн орлого ба өдөр тутмын зардлыг тогтмол тооцоолж үзээрэй. Энэ нь зарим хүмүүст ойлгомжтой, энгийн зүйл мэт санагдаж болох ч төсвөө тооцож, нарийвчлан дагаж мөрдөхгүй байх нь хэт их зарлага, хэтийдсэн өрөнд хүргэх эрсдэлтэй.
Хувийн санхүү бол улсын эдийн засаг. Учир нь та болон бусад бүх хүмүүсийн хоорондын гүйлгээ буюу орлого, зардлын нийлбэр нь улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар бүгд санхүүгийн хувьд холбоотой. Таны зардал нь хэн нэгний орлого байдаг. Эдийн засаг бол хомс нөөцийг хуваарилах тухай судалгаа юм. Бидний хүсэл хязгааргүй хэрнээ тэдгээрийг хангах нөөц нь хязгаарлагдмал. Тиймээс өөрийн эзэмшлийн хязгаарлагдмал нөөц, хөрөнгөө үр ашигтай зарцуулах нь чухал.
Ихэнх хүмүүс орлого нь нэмэгдэхийн хэрээр зарлагаа ч мөн ихэсгэдэг. Карьер нь урагшилж, цалин нь нэмэгдэх тусам зардлын хэмжээ нэмэгдэх хандлага бий болдог нь "амьдралын хэв маягийн инфляци" юм. Амьжиргааны зардал болон өдөр тутмын хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой байж болох ч амьдралын хэв маягийн инфляци нь урт хугацаанд хохирол учруулж болзошгүй бөгөөд баялаг бүтээх боломжийг хязгаарлах шалтгаан болдог.
Тиймээс танд хязгааргүй их мөнгө байхгүй л бол "хэрэгцээ" ба "хүсэл" хоорондын ялгааг анхаарч үзэх нь зүйтэй. Ингэснээр та илүү оновчтой зарцуулалт хийхэд анхаардаг болно. Хэрэгцээ бол амьд үлдэхийн төлөөх хариу үйлдэл бөгөөд хоол хүнс, байр, эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл, зохих хэмжээний хувцас гэх мэтээр хязгаарлах боломжтой. Таны хэрэгцээ хувийн төсөвт тань хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Зөвхөн хэрэгцээгээ хангаж дууссаны дараа та хүссэн зүйлдээ үлдэгдэл орлогоо ухаалгаар хуваарилах хэрэгтэй. Хүсэл бол амьд байхад шаардагддагүй зүйл юм.
Гэнэтийн хэрэгцээний сан гэдэг нь гэнэтийн үед, төлөвлөгөөгүй зардалд зориулагдсан мөнгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тус сан нь таны хувийн төсөвт ороогүй зардлын төлбөрийг төлөхөд тань туслах зорилготой. Автомашин засах, гэнэтийн эмчилгээний зардал гэх мэт. Мөн энэхүү сан нь та аливаа гэнэтийн осол, өвчин эмгэгээс шалтгаалан ажиллах чадвараа алдан, орлогогүй болох тохиолдолд тогтмол зардлаа төлөхөд тань туслах болно.
Даатгал бидэнд гэнэтийн төлөвлөгдөөгүй эрсдэл болон холбогдох зардлаас хамгаалах боломж олгодог. Та тогтмол бага хэмжээний хураамж төлснөөр учирч болох эрсдлүүдээ хаах боломжтой юм.
Тэтгэвэрт зориулж хуримтлал үүсгэхэд хэзээ ч оройтохгүй гэж хүмүүс үздэг. Гэвч та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам тэтгэвэрт гарахад тань мэдээж илүү хуримтлал үүссэн байх болно шүү дээ. Эрт хуримтлуулснаар та Альберт Эйнштейны "Дэлхийн найм дахь гайхамшиг" гэж нэрлэсэн “Нийлмэл хүүгийн үр шим”- ийг илүү ихээр хүртэх боломжтой. Нийлмэл хүү гэдэг нь ашиг, орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийж хүүгээс хүү, өгөөжөөс өгөөж тооцохыг хэлж байгаа юм. Тиймээс эрт эхлэх тусмаа урт хугацааны санхүүгийн зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх болно.
Илүү оновчтой санхүүгийн төлөвлөгөө гаргахад нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо ойлгодог байх хэрэгтэй. Санхүүгийн төлөвлөгөөгөө амжилттай гаргасан ч дийлэнхи тохиолдолд зөвхөн санхүүгийн өнцгөөс харан, амьдралын утга учир болох аз жаргалыг шингээгээгүй байх элбэг. Иймээс та өөрийн хүсч буй амьдралын хэв маягт тааруулан төлөвлөвөл илүү үр дүнтэй. Бид өөрсдийгөө урт удаан насална хэмээн бодож зарим зүйлсийг хойш тавьдаг боловч дараа хийж гүйцэтгэсэн ч анх авч болох байсан мэдрэмжээс өөр байх нь гарцаагүй. Жишээлбэл, хөгширсөн хойноо санхүүгийн боломжтой болчихоод хүссэн зүйлээ хийх боломжтой ч залуудаа мөнгө багатай боловч үүргэвчтэй аялал хийх нь илүү байсныг та ухаарах болно. Үүргэвчтэй аялал нь их зүйлийг ойроос үзэж, эрт “нүд тайлах” боломжийг олгодог.
Аз жаргалын нөлөөлөхүйц хүчин зүйлсийн нэг бол мэдээж мэдлэг, боловсрол. Тиймээс өөртөө хөрөнгө оруулалт хийж, “юм үзэж, нүд тайлахаа” хэзээд чухалчилж, ертөнцийг харах өнцгөө өргөн болгоорой. Таны аливаа нэг асуудалд хандах өнцөг нэг хэвэндээ байх юм бол асуудал тань үргэлж л оршин байх бөгөөд таны аз жаргал тогтворгүй байх эрсдэлтэй.
Дээрх зүйлсийг тунгаан бодож, өөрийн амьдрал болон зорилгодоо уялдуулсан санхүүгийн төлөвлөгөө гаргаснаар та хязгааргүй амжилтанд хүрнэ гэж найдаж байна.
Уншсан зүйлээ хэрэгжүүлж эхэлмээр байна уу? Ард Аппыг суулгаад Хадгаламж, Үнэт цаас, Даатгал цэсийг сонирхоорой!
Сэтгэгдлүүд (0)