Өнгөрсөн долоо хоногт нэгэн танихгүй хүнээс хүүхдийнхээ эмчилгээнд хандив хүсэж, тус мэдээллийг олон хүнд хүргэхэд туслалцаа хүссэн хувийн захидал ирсэн юм. Постер дээр ерөнхий мэдээлэл, эмнэлгийн ор дээр хэвтэж буй жаахан хүүгийн зураг, дансны мэдээлэл болон хүүгийн ээж, аавтай холбогдох утасны дугаар, нэрийн хамт байв. Холбогдох дугаарууд руу нь залгаж, хандивын дансны нэртэй нь тулгаж, хүүгийн зургийг интернетээс хайж үзэхэд энэ бүх мэдээлэл, хандивын хүсэлт хуурамч байсан нь тодорхой болов. Хачирхалтай нь над руу бичсэн захидал болон постероо хийсэн байдал, дансны нэрийг нь харахад залуухан эмэгтэй хүн бололтой. Энэ үйл явдал намайг хэдэн өдрийн туршид хувийн санхүүгийн талаарх бодолд автуулсан юм…
Яагаад?
Яагаад залуу хүн ийм ядмаг, ядуу аргаар мөнгө олох шийдвэрт хүрэв?
Эдийн засаг саарч, орлого тасалдсан нь ийм үйлдэл хийхэд хүргэв үү?
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ч санхүүгийн баталгаатай байх үндэснээс тогтмол хуримтлуулж байсан бол ийм ёс зүйгүй үйлдэл гаргах байсан уу?
Хорио цээр тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Covid-19-ын нөлөөллийг шинжлэх хүрээнд “Ажлын байрнаас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт” судалгааг 9043 оролцогчид дээр гүйцэтгэхэд нийт оролцогчдын 73 хувь нь гэр бүлийн орлогод хорио цээр маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн гэжээ. Мөн иргэдийн гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд оролцогсдын 72 хувь нь аливаа хуримтлал, хадгаламжгүй бол 14 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд харин 8 хувь нь 2-3 сар л амьдрах боломжтой байгааг онцолсон байна.
Үүнээс харвал бидний санхүүгийн сахилга бат, хувийн болон өрхийн хуримтлал хангалттай бус байгаа нь илт байна. Уг нь санхүүгийн сахилга бат нь насанд хүрсэн хүний “сонголт бус шаардлага” биш гэж үү? Сэргийлэх хорио цээр цаашид ч үргэлжилж, бизнесүүдэд сөргөөр нөлөөлж, эргээд хувь хүний санхүүд хүчтэй нөлөөлж буй энэ үед хувийн санхүүгийн менежмент нь бидний зайлшгүй анхаарал хандуулж, зөв удирдах “ёстой” зүйлсийн нэг болж байна.
Энэ нийтлэл нь “хөрөнгөжих, орлогоо нэмэгдүүлэх” бус хэрхэн хуримтлал үүсгэх талаар юм. Тиймээс хэрхэн хуримтлуулах талаар энгийн 3 алхмаа хуваалцъя:
1. Өөрийн санхүүгийн орох, гарах урсгалаа мэддэг байх
Таны сарын орлого хэд вэ гэвэл та мянганы нарийвчлалтайгаар ч хэлж магадгүй, харин сарын зарлага хэд вэ гэвэл тодорхой хэлж чадах уу?
Би 7 настайдаа буюу 3-р ангид байхдаа нагац эгчтэйгээ Москвад 1 жил амьдарсан юм. Тухайн үед ээж, ааваасаа хол байсан тул хоолны мөнгөө сар сараар нь авдаг байв. Харин хувцас, тоглоом зэрэг бусад зардлыг эгчээсээ тухай бүрт нь авна. Жилийн туршид бүх зардлуудаа дэвтэр дээрээ бичиж, баримтуудыг нь хавсаргаж наасан байдаг. Харин одоо бол зөвхөн бэлэн мөнгөн орлого, зардлуудаа тэмдэглэчхээд бусдыг нь сардаа нэг удаа данснуудынхаа хуулгуудыг тулгах байдлаар хянаж, тэмдэглэл хөтөлдөг. Хуримтлал үүсгэе л гэж бодож байгаа бол яг одооноос хянаж эхлээрэй.
Эргээд харахад, зардал өмнөх сараас буурч, орлого өсч, хуримтлал бас өссөн байх мэдрэмж хэчнээн гоё гээч!
2. Зардлаа ангилах, бууруулах
Таны мөнгөний гарах урсгалын хэд нь тогтмол зардал, хэд нь хувьсах зардал вэ?
Хувьсах зардлын хэд нь худалдан авалт, хэд нь санхүүгийн зардал байгаа зэргээр өөрт тохируулан ангилна. Үүний дараагаар тэвчих боломжтой зардлуудыг тодорхойлж, тэр зорилгоо өдөр бүрийн амьдралдаа уялдуулна. Өөрийн зардал танах аргуудаас дурдвал:
Дэлгүүр ороод хэрэгтэй, хэрэггүй асар олон зүйлс цуглуулдаг төрлийн хүн болохоор зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтаа гаргачхаад дэлгүүр ордог.
Бэлэн мөнгө бараг хэрэглэдэггүй учраас цахим шилжүүлэг их ашигладаг. Мессеж мэдээллийн хураамж, гүйлгээний шимтгэл зэргээ нэгтгээд харвал жижиг сажиг санхүүгийн зардалд багагүй мөнгө үрэгдсэн байдаг. Тиймээс боломжтой тохиолдолд аль болох шимтгэлгүй апп ашиглахыг хичээдэг (Ard App, SocialPay, LendMN, Candy зэрэг)
Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аппуудын болон бусад худалдааны байгууллагуудын лоялти оноо, хямдрал, купонуудыг тогтмол ашиглаж, үр шимийг нь хүртэж сурсан.
Өндөр хураамжтай картууд болон зарим кредит картуудаа хаасан.
Улсад төлж буй татвар, шимтгэлийнхээ үйлчилгээг авч сурах шаардлагатай санагдсан. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, ажлаасаа гарсан бол ажилгүйдлийн тэтгэмж авах г.м
3. Орлогоо хуваарилах
Орох, гарах урсгал болон бууруулах боломжтой зардлуудаа тодорхойлсны үндсэн дээр хуримтлуулах дүнгээ тодорхойлно. Миний хувьд одоогоор сар бүр орлогынхоо 30 хувийг хуримтлалын данснуудад хуваарилдаг. Ингэхдээ бүгдийг нь нэг дансанд бус хугацаатай хадгаламжид сар бүр тодорхой хэсгийг нь мөн шаардлага гарвал хэзээд ч хэрэглэх боломжтой хугацаагүй хадгаламжийн дансанд нэг хэсгийг нь байршуулдаг.
Аливаа гэнэтийн санхүүгийн шаардлага үүсэхэд хугацаатай хадгаламжаа цуцалж хүүгээ алдахгүйн тулд ийнхүү 2 хуваадаг. Ингэхдээ зах зээлээ сайн судалж, өндөр өгөөжтэй хуримтлалын бүтээгдэхүүнүүдэд хуваарилах тал дээр анхаарах шаардлагатай. Хэрвээ санхүүгийн зах зээлийн талаар мэдлэгтэй, эрсдэлээ даах чадвар байгаа гэж өөрийгөө үзэж байвал бусад үнэт цаасанд хөрөнгө оруулах байдлаар хадгаламжаас ч өндөр өгөөж хүртэх боломжтой юм.
Хуримтлалаас гадна өөрийн дуртай зүйлс, хоббидоо зориулж төсөв гаргаж, орлогоо хуваарилж, төсвийн дагуу зарцуулж, хянаж байх нь санхүүгийн сахилга батын илрэл болов уу…
Эцэст нь хэлэхэд, хуримтлал үүсгэхээс гадна санхүүгийн сахилга батыг чанд мөрдөж аливаа зээл, хэрэглээний төлбөр, кредит карт зэргийн төлбөрөө хугацаандаа төлж, хариуцлагатай, санаачилгатай байж зээлжих оноогоо хэвийн байлгах нь хамгийн чухал юм шүү.
Сэтгэгдлүүд (0)