Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?

Монгол улс ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал” жагсаалтад багтсаныг та бид мэдэж байгаа ба дор бүрнээ өөрсдийн гэсэн айдастай байгаа гэвэл үнэнээс холдохгүй байх.

Монгол улс ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал” жагсаалтад багтсаныг та бид мэдэж байгаа ба дор бүрнээ өөрсдийн гэсэн айдастай байгаа гэвэл үнэнээс холдохгүй байх. Хэрэв үүнээс цаашлаад “хар” жагсаалт руу орвол манай улсад ирэх санхүүжилт, хөрөнгө оруулалт эрс буурахаас эхлээд олон эрсдэл тулгараад буй. Тэгвэл Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн “хар, саарал” жагсаалт гэж юу вэ?  Хувь хүнийг “хар, саарал” жагсаалтад оруулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ямар үр дагавартай вэ? Ямар хүмүүсийг эдгээр ангилалд багтаах вэ?

Хэрвээ та Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал Золбоогийн нийтлэлийг уншсан бол тэрээр хувь хүний санхүүг улсын эдийн засагтай адилтган тайлбарласан байдаг. Монгол улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хангалттай арга хэмжээ авахгүй байгаа тул олон улсын итгэмжлэгдсэн байгууллага манай улсад өндөржүүлсэн хяналт тавих арга хэмжээг авсан. Тэгвэл Монголбанк нь иргэдийн санхүүгийн сахилга бат, ёс суртахуун хангалттай байгаа эсэхийг үнэлсний үндсэн дээр зээлийн ангиллыг тогтоодог.

Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?

Зээлийн мэдээллийн сан нь зээлдэгчдийн зээл, эргэн төлөлттэй холбоотой мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг. Зээлдүүлэгч байгууллагууд буюу банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг нь зээл авсан бүх иргэд, аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийг тус санд нийлүүлэх үүргийг хуулиар хүлээдэг бол бусад хамтын ажиллагаа байгуулсан хуулийн этгээд мэдээллээ нийлүүлэх боломжтой байдаг.

Зээлийн мэдээллийн сангийн “Хар, саарал” жагсаалт гэж юуг хэлж байна вэ?

Зээлдэгчийн ангиллыг зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаанд үндэслэн тогтоох ба банкнуудын хувьд Монголбанкны журмыг баримтлах бол Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай байгууллагууд хорооны журмыг баримтална. Үүнд:

Ангилал Монголбанк СЗХ
Хэвийн 15 хүртэл хоног Хоног заагаагүй
Хугацаа хэтэрсэн                             90 хүртэл хоног           90 хүртэл хоног           
Хэвийн бус 91-180 хоног 91-180 хоног
Эргэлзээтэй 181-360 хоног 181-360 хоног
Муу 361-с дээш хоног 361-с дээш хоног

“Хар, саарал” жагсаалт гэдэг нь албан ёсны нэршил биш ба хэрвээ та зээл ба зээлийн хүүгийн эргэн төлөлтөө 90 хүртэл хоногоор хугацаа хэтрүүлсэн бол өөрийгөө “саарал” жагсаалт буюу анхаарал хандуулах жагсаалтад багтсан гэж ойлгож болно. Харин та зээлийн эргэн төлөлтөө 90 ба түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн бол “хар” жагсаалтын зээлдэгч болж байгаа юм.

Хэрвээ “хар”, “саарал” жагсаалтын аль нэгд багтсан бол яах вэ?

Зээлдүүлэгч байгууллагууд зээл хүсэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамжийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр зээл олгох эсэхээ шийдвэрлэдэг. Хэрвээ зээл хүсэгч нь “хар” жагсаалт буюу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөө 90-ээс дээш хоног хугацаа хэтрүүлэн төлөөгүй бол өндөр эрсдэлтэйд тооцогддог ба зээл олгох магадлал эрс буурах юм.

Тус жагсаалтуудад багтсан зээлдэгчид зээл олгох эсэх нь цэвэр тухайн зээлдүүлэгч байгууллагын шийдвэрээс хамаарах ба чанаргүй зээлдэгчид зээл олгохыг хязгаарласан хууль, зохицуулалт байхгүй юм. Гэсэн хэдий ч зээлийн мэдээллийн сан дахь таны зээлийн ангиллын мэдээлэл 6 жилд нэг л удаа шинэчлэгддэг тул зээлийн ангилалаа хэвийн байлгах нь хүн бүрийн нэн тэргүүний хариуцлага ба зайлшгүй ухамсарлах ус, агаар мэт зүйл юм.

Ковид-19 цар тахлын үед улсаас эдийн засгаа дэмжих шат дараалалтай арга хэмжээ авсны нэг нь зээлдэгчдэд дэмжлэг үзүүлэх. Тиймээс зээлээ төлөлгүй яваад байж болох уу?

2020 оны 3-р сард Монголбанк ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 1-р сарын 31-ний өдрөөс 2020 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй “түр хугацааны” зээлийн ангиллын журмыг баталсан. Ердийн нөхцөлд зээлдэгч 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлснээр “саарал” жагсаалтад багтдаг байсан бол 7-р сарын 31-ийг хүртэл тус хугацаа хэтрэлийн нөхцөлийг зөөллөсөн. Үүнийг хүснэгтээр илэрхийлбэл:

  Ердийн нөхцөлд 1 сарын 31-ээс 7 сарын 31 хүртэл
Ангилал Монголбанк СЗХ Монголбанк СЗХ
Хэвийн 15 хүртэл хоног Хоног заагаагүй 90 хүртэл хоног 90 хүртэл хоног
Хугацаа хэтэрсэн 90 хүртэл хоног           90 хүртэл хоног 120 хүртэл хоног 121-180 хоног
Хэвийн бус 91-180 хоног 91-180 хоног 121-180 хоног 181-270 хоног
Эргэлзээтэй 181-360 хоног 181-360 хоног 181-360 хоног 271-360 хоног
Муу 361-с дээш хоног 361-с дээш хоног 361-с дээш хоног 361-с дээш хоног

Мөн зээлийн гэрээний хугацааг 2 ба түүнээс дээш удаа сунгасан бол зээлдэгчийг “хар/саарал” жагсаалтад оруулдаг байсныг тус хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан нь хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн ангилалыг түр хугацаанд хэвээр үлдээж, цаашид зээл, санхүүжилт авах боломжийг нь дэмжиж буй явдал юм.

Иймээс хэрвээ таны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан бол зээлдүүлэгч байгууллагадаа зээлийн нөхцөлийг өөрчлөх, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг хүсэлт тавьж болох ба ингэснээр та “хар, саарал” жагсаалтад орохгүй байх боломжтой юм.

Гэвч энэ шийдвэр нь түр хугацаанд үйлчлэх ба зээлдэгч та, биднийг зээл болон хүүгийн эргэн төлөлтөө хийх үүргээс чөлөөлөхгүйг анхаарах шаардлагатай.

Хэдийгээр дээрх шийдвэр нь өнгөцхөн дүгнэхэд төлбөр төлөхгүй байхад ч зээлийн чанарын ангилалд өөрчлөлт орохгүй хэмээн ойлгогдож болох ч эргээд хамрах хугацааны эцэст илүү өндөр дарамт ч учруулах эрсдэлтэй юм.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 07 сарын 24, 04:00

    Мэргэжлийн зөвлөгөөг - Таны амьдралд